Жил жилийн хавар “хаврын синдром”-той зэрэгцэн “улс төрийн синдром” эхэлдэг гэхэд дэгсдүүлсэн болохгүй л болов уу. Учир нь улс төрийн синдром хэдийнэ хөдөлснийг тун ойрхны үйл явдлууд батлаад өгнө. Тодруулбал, хоёрхон хоногийн өмнө Ардчилсан нам 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. АН бол дотооддоо олон фракцтай, дотоод ардчилалтай хэмээн яригдаж ирсэн. Гэтэл өнөөх “ардчилалтай” гэх тодотголыг нь шавартай хутгасан үйлдэл 25 жилийн ойн үеэр болж, ёстой л хөгөө хөлдөө чирэв.
Тодруулбал, АН-ын дарга З.Энхболд баярын хурлынхаа индрээс үг хэлэх үед Ардчилсан намын хорооны гишүүд үзэл бодлоо илэрхийлэн “Үүрэг гүйцэтгэгч дарга нараа хэзээ жинхлэх вэ?”, “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”, “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг”, “Үндэсний зөвлөлдөх хороо, Намын их хурлаа хуралдуул” гэхчилэн лоозон барьж багахан эсэргүүцэл илэрхийлэв. Мэдээж намын залуу боловсон хүчин намаа шинэчлэхийн тулд ийнхүү баярын хурлынхаа үеэр лоозон барьж зогссон биз. Гэсэн хэдий ч мөнөөх дотоод ардчилалтай гэгддэг намын нөхөд залуусынхаа барьсан лоозонг урж, тасдан хөөж гаргав.
Ийнхүү үг үйлдэл зөрж, нударга зөрүүлэхдээ тулснаар АН-ын залуус хурлын танхимыг орхиж харагдана лээ. Тухайн үед баярын хурлаас хөөгдөж гарсан залуу гишүүд “Бид З.Энхболд даргыг үг хэлж байх үеэр уриа лоозон барьж зогссон юм. З.Энхболд даргыг үгээ хэлж дууссаны дараа хурлаа тайван байдлаар үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байсан. Бид юу ч ярьж, дуугарч эмх замбараагүй байдал үүсгээгүй. Зөвхөн тайван байдлаар уриагаа барьж зогсож байхад биднийг хөөж гаргаж, барьж байсан зүйлийг урж тасдаж хаялаа. Энэ намд залуучуудынхаа дуу хоолойг сонсдог байдал хол орхигджээ. АН-ын дарга З.Энхболд эрх мэдлээ хэтрүүлж, сонгуулийн тойргийг ганцаараа дур мэдэж байгаагаас эхлээд тус намын дүрмийг зөрчсөн ноцтой зөрчлүүдийг ихээр гаргасан. Тиймээс бид уг үйлдлийг нь эсэргүүцэж үзэл бодлоо тайван байдлаар илэрхийлж байгаа билээ” гэсэн.
Үүнийхээ дараа дор бүрнээ цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлж, намын даргадаа ч хатуухан үгс дайгаад амжицгаав. Түүгээр ч зогсохгүй “АН ын 70,80 аад оны залуус нийлж хөгшчүүлээ шахахгүй бол тус тусдаа цүнх бариад бэлгэвч болоод дуусна” хэмээж, залуус уралдан дэмжицгээв. Уг нь уриа лоозон барьсан залуус хурлын танхимд хэсэгхэн саатсан бол заалнаас дэмжлэг авч чадах байсан хэмээн олон нийтийн сүлжээгээр ярилцацгаасан. Ямартай ч АН-ын 25 жилийн ой ийнхүү сүр дуулиантайхан болж, фракцгүй нам болж байна хэмээн намын дарга нь мэдэгдээд амжсан энэ үед МАН-ын залуус ч бас хөдөлгөөнд оржээ.
МАН-ыг дарга нарын шийдвэрийг дуртай, дургүй 100 хувь дэмждэг гэлцдэг. Тиймдээ ч АН-ыг бодоход аливаа хэрүүлээ тогоон дотроо шийдэж чаддаг гэсэн тодотголтой болсон биз. Гэтэл саяхнаас тус намын залуусын байгууллага болох НАМЗХ-г тойрсон асуудал мөн л олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй НАМЗХ-ны гишүүд мөн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлж, “НАМЗХ-г хагалаж бутаргах гэж, эрх мэдэл, эцэг эхийнхээ мөнгөөр далайлгах гэж байгаа нөхдүүд байвал шанаа өгнө салаавч өгнө” гэх зэргээр жиргээд амжив. Тэгвэл холбооны ерөнхийлөгчөө томилох асуудал өдгөө МАН-ын залуусыг хөнжилдөө хөлөө жийлцэхэд хүргээд байна гэсэн бор шувуу нисэх болов. Тодруулбал, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд 2012 оны сонгуулийн дараа боловсролоо дээшлүүлэх зорилготойгоор Харвардад сурахаар явсан юм. Түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажиллах болсон. Гэвч ирэх сард Л.Оюун-Эрдэнэ сургуулиа төгсөөд Монголдоо ирэх болсонтой тус холбоо хоёр хуваагдчихаад байгаа гэнэ.
Энэ талаар НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “НАМЗХ-ны ерөнхийлөгчийг холбооны их хурлаас сонгодог дүрэмтэй. Энэ зарчмын дагуу манай холбооны ерөнхийлөгч бол яалт ч байхгүй Л.Оюун-Эрдэнэ. Н.Номтойбаяр гишүүний хувьд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж явж байгаа. Үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал манай НАМЗХ-ны дүрэмд байдаггүй. Ерөнхийлөгчийг эзгүйд ерөнхий нарийн бичгийн дарга орлох дүрэмтэй. Гэтэл яаж яваад НАМЗХ хоёр толгойтой, хоёр ерөнхийлөгчтэй болов оо гэдэг асуудал хөндөгдөж таарна байх. Магадгүй НАМЗХ хоёр ерөнхийлөгчтэй болсон юм шиг, эсвэл Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгсөн гэж олон нийтэд ойлголт төрүүлэх сонирхол хэн нэгэн хүнд байж болох талтай. Бидний хувьд 2010 оны есдүгээр сард IV их хурлаа хийсэн. 2010 оноос хойш дахин их хурлаа хийж амжаагүй явж байна. Тийм болохоор НАМЗХ ганцхан ерөнхийлөгчтэй. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг дахин хэлье.
Миний зүгээс НАМЗХ-ны бүх гал тогоог нь барьж байгаа хүний хувьд дөрөвдүгээр сарын 11-нд буюу ирэх хагас сайн өдөр болох Бага хуралдаа ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ болон үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр нарыг хоёуланг нь ирж оролцох хэрэгтэй гэсэн санал гаргасан” хэмээн мэдэгджээ. Ямартай ч хэдхэн хоногийн дараа болох НАМЗХ-ны Бага хурлын уур амьсгал нэлээд ширүүхэн бүр нанчилдаантай болно гэх яриа ч гарах болов. Ийнхүү АН, МАН-ын залуус шил шилээ даран уриа лоозон, хагарал, маргаан дэгдээх болсныг харсан олон нийт АН, МАН-ын залуус юу болцгоогоод байна хэмээн ажиглацгааж байна.
С.НАРАН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.