Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 09
Монгол Улсын хэмжээнд 1992 оноос хойш янз бүрийн хэлбэрээр батлагдсан 400 гаруй хөгжлийн бодлого бий. Гэвч эдгээр олон янзын бодлогууд нь хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжүүлэх механизм, санхүүжилт нь тодорхойгүй, эзэнгүй байсаар өдийг хүрчээ.
Монголчууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хөгжлийн нэгдсэн бодлогогүй явж ирсэн гэж шүүмжлэх судлаачид, эдийн засагчид олон бий. Гэвч үнэндээ бодлогууд дэндүү олон байж. Эдгээр бүх бодлогууд хэрэгжсэн бол улсын хөгжил өдийд “тэнгэрт цойлох” байсан биз ээ.
Ямартай ч энэ удаад парламент Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийг баталснаар урьд өмнө нь батлагдсан олон янзын бодлогууд нэг цэг дээр төвлөрнө гэж Засгийн газар үзэж байна. Түүнчлэн өмнө нь батлагдсан төрөл бүрийн бичиг, баримтууд хүчингүй болно гэдгийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Гэхдээ мэдээж 400 гаруй бодлогуудыг бүгдийг нь үгүйсгэхгүй. Хэрэгтэй бодлого, төлөвлөлтүүдийг нь шинэ хуульд тусгаж, цаашид хэрэгжүүлэх механизм, санхүүжилт, хариуцлагыг илүү тодорхой болгох юм байна.
Парламент, Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг батлах асуудлыг олон жилийн турш ярьсан. Харин энэ удаад яриад суулгүйгээр хуулийн төслийг барин авч, боловсруулж, батлахаар ажиллаж эхэллээ. УИХ-ын төвшинд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон бусад гишүүдийн боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай хуулийн төсөл ч бий. Энэ хууль дээр парламентад суудалтай бүх намуудын гишүүд оролцож, боловсруулалцсан. Магадгүй хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын хуулийг УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуультай уялдуулж, нэгтгэж, илүү боловсронгуй болгох байх.
Шинээр мэндлэхээр дуншиж буй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар ямар харилцааг зохицуулах вэ. Юун түрүүнд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны чиглэл, нэгдсэн бодлогыг тодорхой болгоно. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөшүүрэг, механизм, санхүүжилтийн хэлбэр, бодлогыг хэрэгжүүлэх, хариуцах эздийг ч тодорхой болгохоор зорьж байгаа юм. Урьд өмнө нь баталж, гаргаж байсан бодлогууд хариуцах эзэнгүй байснаас үүдэлтэйгээр эзэнгүйдэж, “алга болсон” гэх шүүмжлэл бий. Тэгвэл энэ удаад өмнөх алдааг давтахгүй байх талаар анхаарчээ.
үргэжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.