
МАН-д өнгөрөгч хавраас эхэлсэн намын даргын албан тушаалын төлөөх зодоон оргилдоо хүрлээ. Тэд нарын зөрчлийн учир тайлагдаж эхэлсэн. МАН-д: Намын дарга хэн болох вэ, 27 онд хэн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ, 28 оны сонгуулийн нэр дэвшилтийг хэн зурах вэ гэдгийн төлөөх тэмцэл л явж байна.
Энэ нь МАН-д өмнө байгаагүй хэмжээний хагарлыг үүсгэсэн. МАН-ынхан хуучных шиг нам дээрээ асуудлаа шийдээд цаашаагаа явдаг байснаа бүрэн болив. Удирдах зөвлөлөөрөө асуудлаа шийдээд явдаг байсан уламжлал нь устав. Гурав дараалан ялсан МАН-д эрх мэдлийн хяналт гэдэг юм үндсэндээ алга болов. МАН намагт сууж. Мухардалд орж. Тэгэхлээр шинээр бүтцээ зохион байгуулагдаж ч болзошгүй байдалд хүрсэн.
МАН-ын удирдах зөвлөл намынхаа хуучин кадруудыг тэрсэлдсэн хоёр талтай учир ойлголцуулахаар ажлын болгож томилсон. Иргэний хуульд: Эхнэр нөхөр 2-т эвлэрэх хугацаа өгдөг. Мөнхүү: Хөрөнгө мөнгөнөөс болж маргалдсан талуудад эвлэрэх боломж өгч, эвлэрүүлэн зуучлагч ажилладаг. Энийг МАН улс төрдөө хэрэглэж байна.
Тэд УИХ-д байдаг бүлгээ нийлүүлж хуралдууллаа. Гэлээ гэхдээ МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг биш, Г.Занданшатарыг биш, гурав дахь хувилбар хайж байх шиг. Намынх нь бага хурлын шийдвэр үнсэнд булагдсан. Одоогоор Тэргүүн шадар сайд Н.Учрал гурав дахь хувилбар дээр жин дарж байна. Тэрбээр МАН-ын Их хурлаар намын дарга болж, дараагаар нь Ерөнхий сайд болох тухай ярьж эхэлсэн байна.
Гаднаас нь харахад МАН эвлэрч байгаа харагдаж байж магадгүй. Гэлээ ч энэ худал. Г.Занданшатарыг дэмжээгүй гишүүд намынхаа бүлгээс гарахаа илэрхийлж эхэлсэн байна. Зөрчил тэмцэл нь даамжирна гэсэн үг. Цаашаагаа: Төрийг, нийтийг хамарсан том хямралын эхлэл байж болзошгүй!
Эмгэнэлтэй нь: Энэ нам нэгэнт төрийн эрхийг барьж байгаа учир дотор нь болж байгаа зөрчил, хямрал ардчилалд аюул учруулж байна гэсэн үг.
Учир юм нь: Тэд гартаа байгаа төрийн бүх эрх мэдлийг зэвсэг болгож хоорондоо байлдлаа. Заваарч дууссан. Төрийн эрх барих, гүйцэтгэх, мөнхүү төрийн зохицуулалтын, хэрэгжүүлэлтийн, хяналтын байгууллагуудаас бүтэн нэртэй нь үлдсэнгүй. УИХ, Засгийн газар, бүр Үндсэн хуулийн Цэц ч хутгалдсан. Хууль хяналтын байгууллагууд бол утгаа алдсан.
Хамгийн том нь: МАН өөрийнхөө томилсон Ерөнхий сайдыг хазаарлаж чадахаа больсон. Г.Занданшатар Ерөнхий сайдын хүч чадлыг ашиглаж боломжит бүх хувилбараа үзэж байж огцорсон ч огцролгүй үлдэв. УИХ-ын гишүүд: Г.Занданшатар огцорсон ч огцроогүй Ерөнхий сайд гэж тодорхойлох болж.
Эвгүй нь: Өрсөлдөгчөө гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, яллагдагчаар хүртэл татаж байгаад, тэрийгээ нотлон харуулахын тулд эрх бүхий албан тушаалд хүн томилж байх жишээтэй. Үндсэн хуулийн Цэцийг ашиглалаа. Ерөнхийлөгчөөр хориг тавиуллаа. Гэвчиг энэ бүгд нийгэмд сүүдэр татуулж, айдаст автуулав.
Энэ муу жишиг үлдээнэ. Ямарваа намын дарга болгоны сунгаанд төрийн машиныг дайчилдаг, улмаар ардчилсан сонгуулийн дүнг энэ жишгээр өөрчилдөг болно. Монголчууд муу юмыг хуулахдаа сайн.
Гэвчиг: МАН-ынхныг хэрэлдэж байх энэхүү хэдхэн сард Монголын амьдрал хоосноор дүүрлээ. Төр мөнгөгүй. Тоггүй. Бензингүй. Түмэн олны түрийвч хоосон. Машинтайгийнх нь банк хоосон. Багш нар ажил хаяад сургуулиуд хоосон. Болж байгаа юм энэ улсад алга.
Г.Занданшатар хулгайтай тэмцэнэ гээд байна. Популизм л харагдаж байна. Яагаад гэхлээр: Г.Занданшатар тэмцлээ Засгийн газрынхаа кабинетаас эхлэх нь зүйд нийцнэ. Засгийн газрын 19 сайдыг эхнээс нь нэрээр хараарай. Тэгэхлээр сүүлд нь: Энэ Засгийн газар олон жил яригдаад шийдэгддэггүй олон тооны хулгайтай холбогдсон сайд нарын набор болох нь харагдана. 19 оны Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээ, 16 оны Концессын гэрээ, 17 оны Хөгжлийн банк, 18 оны ЖДҮ гээд он дараалсан олон том хулгайтай нэр холбогдогсод Засгийн газарт сууж байна.
Одоо: Цаашаагаа яах вэ гэдэг их чухал. Энэ чигээрээ зүтгээд байх уу. Тэгвэл улам л мухар руу явна. МАН биш Монгол Улс мухардалд орохдоо туллаа.
Эцэст нь: Энэ бүгд онол үүднээсээ системийн хямрал. Уул үндэс нь: Бид 92 оны Үндсэн хуулийг өөрийн толгойгоор хийгээгүй юм. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байгаа гэж Үндсэн хууль хийлцсэн герман хүний хэлсэн үгийг тарни мэт ярьсаар байдаг нь энэний нотолгоо юм. Цэц, хөх тэнгэр гэх үгс л монголжуулж байгаа юм. Тэрнээс биш 92 оны Үндсэн хууль, тэрэнд хийсэн өөрчлөлтүүд бүгд Монголын улс төр, нийгмийг удирдан залахад учир дутагдалтай. Тэрнээс хойших Үндсэн хуультай холбогдох хямралыг шинж тэмдгийг дарах хэмжээний өөрчлөлтөөр аргацаасаар ирсэн. Шинж тэмдэг нь илэрсэн ч тэгж аргацааж ужгируулсаар сүүлдээ сэхэх аргагүй хямрал гэдэг өвчин болгосон.
Уул нь: Монголд монгол загварын Үндсэн хууль хэрэгтэй. Хоёр их гүрний дунд хавчигдан оршдог геополитиктой. Хүн амдаа харьцуулахад асар уудам нутаг, асар их баялагтай. Энэ онцлог нь. Тэгэхлээр төрийн эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэхгүй, газар нутаг, байгалиас заяасан баялгийг цөөнхөд хуваарилахгүй байх тийм Үндсэн хуулийн зарчим барих ёстой юм. Үндсэн хуульд энийг уул нь тусгасан. Гэвчиг энэ нь зөвхөн тунхаг шинжтэй. Үндсэн хуульдаа ч УИХ төрийн эрх барих дээд байгууллага, байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэх мэт нь арынхаа заалтуудаар, дагалдах хуулиудаар үгүйсгэгддэг. Хямралын үндэс энэ. Гэлээ гээд олон юм нуршаад дэмий байх. Нэгэнтээ Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг чандлан барих эсэх нь эргэлзээнд орсон учраас Үндсэн хуулийг өөрчлөх цор ганц зөв гарц байгаа. Гэвчиг энэ худал биз.
Тиймийн учраас хамгийн ойрхны аврал нь 27 онд Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгох. Тэгж гэмээнэ төр хямралаас гарна. Тэр нь дэндүү тодорхой боллоо…
Ө.Билэг