Улстөр
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 12
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, тус улсын экс Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрбээр долоон жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Барак Обаматай ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд ялагдаж байсан юм. Орон нутгийн цагаар өчигдөр үдээс хойш 15:00 цагт нэр дэвшигчдийн вэб сайтад хоёр минут орчим үргэлжлэх бичлэгийг байрлуулсан байх бөгөөд тэрхүү бичлэгээрээ дамжуулан Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ зарлалаа.
Түүнчлэн “Энгийн ард иргэд хамгаалагч хүсч байна. Би тэдний хамгаалагч нь болохыг хүсч байна” гэж хэлжээ. Мөн “Улс орон маань эдийн засгийн бэрхшээлийг даван туулж ирсэн. Гэвч нөхцөл байдал одоо ч дээд давхаргын хүмүүст ашигтай хэвээр байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өмнө нь Бүгд найрамдах намын Тед Круз, Рэнд Паул нарын сенатч мэдэгдээд байсан бол Хиллари гуравдахь нь болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч түүнийг гайхалтай Ерөнхийлөгч болж чадна гэдгийг батлав. Тэрбээр Панамд болсон Америкийн чуулга уулзалтын үеэр “Хиллари маш сайн Ерөнхийлөгч болж чадна гэж би бодож байна” гэж хэлжээ. Хиллари Клинтон 2016 оны тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал хамгийн өндөр нэр дэвшигч бөгөөд сонгогдвол АНУ-ын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох билээ.
Ulstor.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.