Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 15
・ 1
Иргэдээс санамсаргүй аргаар түүвэрлэн сонгож судалгаа авдаг судалгааны байгууллагууд саяхан нэг сонирхолтой судалгааг явуулжээ. Тодруулбал, “Та улс төрийн намуудад итгэж байна уу” гэх судалгаа. Янз бүрийн насны, олон намын иргэдээс авсан энэхүү судалгаанд хамрагдсан иргэдийн 80 орчим хувь нь итгэхгүй байна гэсэн хариулт өгсөн байдаг. Энэ бол нэг талын ойлголт. Зарим улс төрийн намууд дэргэдээ судалгааны байгууллага байгуулчихаад түүнийгээ улс төрийн зорилгоор ашиглах нь ихэссэн учраас судалгааны байгууллагын дүнд итгэхгүй байж болох.
Гэтэл яг ийм асуултыг өдөрт 20000 ба түүнээс дээш уншигчтай мэдээллийн томхон сайтууд уншигчдаасаа судалгаа авахад мөн л олон янзын намын уншигчдынх нь 80-аас дээш хувь нь итгэхгүй байна гэсэн хариулт өгсөн байгаа юм. Энэ тохиолдолд улс төрийн намууд мэдээж хөдөлгөөнд орж эхлэх нь тодорхой. Намуудад итгэх иргэдийн итгэл алдарчихсан ийм үед ямар улс төрийн ямар тоглолт хийвэл илүү оноо цуглуулах вэ гэдгээ бодож бясалгасаар намын дарга, генсек нь нойргүй хонож байгаа.
АН-ынхан байсхийгээд л фракцгүй нам болсноо зарлаж, хэдэн сэтгүүлчид цуглуулж зангиатай, зангиагүй уулзах боллоо. Ардын нам сонгуулиа хэрхэн хийх талаар бүх нийтийн санал асуулга явуулах уриалга гаргаж хэдэн арван тэрбум төгрөгөөр тоглох санаачлага гаргав.
Тэртэй тэргүй ч ард түмэн намд итгэхээ больсон, намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс ард түмний төлөөлөл биш гэдгийг санаатай, санамсаргүй авсан судалгаагаа хэлээд байхад сонгуулиа ямар хэлбэрээр явуулахаа иргэдээс асууна гэж зөрүүдлээд байгааг ойлгох арга олдохгүй нь. Магад өнөөх намын дэргэдэх байгууллагаараа судалгаа хийлгэчихээд ард түмний эрх ашиг гэж зөрүүдлэх ч юм бил үү, хэн мэдлээ.
Уг нь ард түмэн эдгээр 76 эрхмийг хууль батлах үндсэн үүргээ хэрэгжүүлээд, ард түмний амьдралд хэрэгтэй хууль батлаарай гэж санал өгөөд явуулсан. Гэтэл хуулиа бид баталж чадахгүй нь гээд эргээд ард түмнээсээ санал асууна гэж суугаа энэ намын улс төрийн тоглолт арай л явцуу эрх ашгийн хүрээнд хийгдээд байгаа юм биш үү. Ер нь бүх нийтийн санал асуулгыг ганц намын санаачилснаар, нэгхэн хуулийн заалт өөрчлөхийн тулд хийчихдэг юм биш.
Ард нийтийн санал асуулга явуулдаг олон улсын жишигт ч ийм тохиолдол байхгүй. Дэлхийн улс орнуудын жишгээс харсан ч аливаа улс орон даяар олон нийтийн эрх ашигт хамаатай, онц чухал асуудлаар “референдум” буюу ард нийтийн санал хураалт, санал асуулга явуулдаг. Гадаад бодлогын хувьд л гэхэд тусгаар тогтнох эсэх, улс төрийн эрх хязгаар тогтоох, улс орны бүрэн бүтэн байдлын асуудлаар ард нийтийн санал асуулга зохион байгуулдаг.
Тухайлбал, өнгөрсөн 2014 оны есдүгээр сард Шотландууд Их Британиас тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байжээ. Тавхан жилийн өмнө баталсан хуулийн ганц заалтаар санал асуулга явуулж 20 гаруй тэрбум төгрөг үрэх тийм бяд, эдийн засгийн чадамж өнөөдөр манайд байгаа билүү, Ардын намынхаан. Хэдийгээр МАН-ын гишүүд зургаан тэрбум хэмээж байгаа нь энд хэдий хэмжээний мөнгө орохыг доорхи тайлбаруудаас уншигч авхай та ойлгох биз ээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Нэг хуулийн ганц заалтаар санал асуулга явуулж болох уу
МАН-ын бүлгийн гишүүдийн ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал болж хувираад байгаа юм. Тодруулбал, 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь хамтарч санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй” гэж заасан байдаг.
Дөрөвдүгээр зүйлд нь санал асуулга явуулахдаа төрийн дотоод гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд явуулна гэж заасан байдгаас нэг хуулийн заалт өөрчлөхийн тулд санал асуулга явуулж 20 тэрбум төгрөгөөр “тогло” гэсэн заалт ширхэг ч байхгүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.