Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 21
Буцаасан шалтгаан нь "Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл авч гарын үсэг зуруулаагүй" гэнэ.
Өмнө нь аливаа хууль болон тогтоолын төслүүдийг УИХ-д хүргүүлсний дараа нэмэлт зүйл шаардлагатай бол ажлын хэсгийнхнээс шаардаад л авчихдаг байж. Харин Тавантолгойн гэрээн дээр УИХ-ын дарга арай өөр зарчмаар ажиллаж нэлээд хэдэн хуулийн заалтыг хангаагүй, бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар буцаав. Үүний дараа “хоёр сая хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрөл ав” гэж өөрийн твиттер хуудсаар жиргэсэн нь хөрөнгө оруулагчид болоод ард иргэдэд бүр ойлгомжгүй байдлыг бий болгов.
Түүнийхээр бол Тавантолгойд хувьцаа эзэмшдэг бүх хүнээс зөвшөөрөл авч гарын үсэг зуруулсаны дараа тус гэрээний төслийг хүлээж авч хэлэлцэх боломжтой болох юм байна.
УИХ-ын даргын уг шаардлага “Х Түц” продакшны хошин шогийн хэсэгт гардаг боржигон гэдгээ батлахын тулд бүх боржигончуудаар гарын үсэг зуруулаад түүнийгээ нотариатаар батлуулаад англи хэл дээр орчуулаад ир гэдэгтэй агаар нэгэн болж хувирав.
З.Энхболд даргын энэ мэт авираас харвал Засгийн газар монголчуудын эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалсан гэрээний төслийг бэлтгэсэн ч УИХ хүлээж авахгүй бололтой.
УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгийн хүндрэлээс гарна гэж хэлсэн. Мөн Тавантолгойн гэрээ өнөө, маргаашгүй амжилттай хэрэгжиж монголчуудын дээрээс нар гийх нь гэж байв. Тавантолгой төсөлд хөрөнгө оруулагч талууд гарын үсэг зурахаар Монголд ирээд байсан ч УИХ-ын даргын “алдарт” мэдэгдлээс болж нутаг буцсан юм.
Үүний дараа Ардчилсан намын бүлэг дотроо уг асуудлаар хэрүүл, зодоонтой хуралдаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг З.Энхболдод бууж өгснөөр Тавантолгойн гэрээг УИХ-аар 14 хоног дотор хэлэлцэж шийдвэрлэхээр тохиролцсон билээ. Ерөнхий сайдыгаа огцруулна хэмээн сүрдүүлэн байж УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон УИХ-ын даргын ааш аягийг Тавантолгойн гэрээний төслийг шууд гацааж байна гэхээсээ илүүтэйгээр алдааг нь засч залруулах гэж байна гэсэн ойлголт олон нийтэд төрж байлаа. Харин одоо хүмүүс тэс өөр бодолтой болж эхлэв. Тодруулбал, УИХ-ын даргад энэ төслийг гацаах том шалтгаан байна гэсэн ойлголт иргэдэд төрлөө. “Гэрээ УИХ руу орчихвол цааш явчих гээд байгаа учир наана нь ямар ч хамаагүй аргаар түр ч болов торгоож байна. Засгийн газар Тавантолгой, Оюутолгойгоо ганцаараа хаалттай шийдмээр юм. Ард түмний нэр барихаа болиосой” гэж иргэд олон нийтийн сүлжээгээр санаа бодлоо илэрхийлжээ.
Тавантолгойн гэрээтэй холбоотой дуулиан эхэлснээс хойш УИХ-ын даргын ахлах зөвлөх А.Гансүх Тавантолгойн асуудлаар зайгүй мэдээлэл хийж “болох, бүтэхгүйг” нь сөхөв. Тэрбээр гэрээтэй холбоотой баримтуудыг ч дэлгэж энэ хугацаанд Тавантолгойн гэрээний эсрэг болж мэдэх бүх асуудлыг хөндлөө. М.Энхсайханыг хүртэл халз мэтгэлцээнд дуудаж амжсан юм.
Гэхдээ ингэх ямар шаардлага байгаа гэж. Тавантолгойн гэрээг эцсийн байдлаар УИХ-д өргөн баригдахыг хүлээж болох л байсан шүү дээ. УИХ-д эцсийн байдлаар өргөн баригдаагүй байгаа гэрээний төслийг барьж энд, тэнд гүйж явах шаардлага А.Гансүхэд байсан гэж үү. Эхлээд гэрээний бэлэн болсон хувилбартай танилцаад шүүмжлэх зүйл байвал шүүмжлээд эргэн ярилцаж, засч залруулаад явбал тэр жинхэнэ монголчуудын эрх ашгийн төлөө хийсэн ажил болно.
Гэтэл хэвлэлээр бие, бие рүүгээ дайралт хийж нэгнийгээ муухай харагдуулах гэж оролдож буй нь тэднийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж байгаагаас өөрөөр харагдуулахгүй байна.
Нөгөөтэйгүүр А.Гансүх уг гэрээний асуудлаар маш олон зүйлийг өнгөрсөн хугацаанд ярьчихаад өргөн баригдсан даруйд нь “Хоёр сая хүнээр гарын үсэг зуруулаагүй байна” гэдэг инээдтэй шалтгааныг хэлж ажлыг гацааж байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлж байна. Ядаж үүний оронд өмнө нь яриад байсан сүрхий шалтгаануудаа хэлсэн бол хүмүүст итгэл үнэмшилтэй байх байлаа.
Мэдээж тэдний том эрх ашиг энд явж байгаа. Тавантолгойн гэрээг буцаачихлаа. Одоо Засгийн газар УИХ-ын тамгын газраас өгсөн үүргийн дагуу хоёр сая хүнээр гарын үсэг зуруулах кампанит ажилдаа орох уу эсвэл тэдний эсрэг дайтах уу гэдэг нь олон хүнд сонин байна.
Харин М.Энхсайхан сайд үүнийг “Тэнэглэлийн туйл" хэмээн хэлж байна. Тэрбээр “ "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ" гэж ярьжээ.
Уг нь Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орж байж мөнгөтэй болно. Тэр мөнгөнөөс нь хувьцаа эзэмшигчид ашгаа хүртэх нь ойлгомжтой.
Т.Хулан
http://www.24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.