А.БАСХҮҮ: Үлдсэн амьдралаа чөлөөт бөхөд зориулна

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 22

Монголын чөлөөт бөхийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг бол яах аргагүй шилэгдмэл шүүгч, ардын багш А.Басхүү юм. Монголд төдийгүй дэлхийд танигдсан түүний хөдөлмөр, зүтгэлийг дэлхий хүлээн зөвшөөрдөг бөгөөд  өнгөрсөн оны едсүгээр сард дэлхийн бөхийн нэгдлийн “Алдрын танхим”-д түүний нэрийг мөнхөлсөн байдаг. Тиймээс   уг шагналыг нь саяхан  ардын багш, олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүүд албан ёсоор гардуулсан байна. Ингэснээр тэрээр ФИЛА-гийн “Алдрын танхим”-д заларсан анхны монгол зүтгэлтэн болж байгаа юм. Тэрээр  “30 жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна. Энэ хугацаанд би сайн, муу бүхий л зүйлтэй учирч явлаа. Зөвхөн миний төдийгүй Монголын чөлөөт бөхийнхний хувьд энэ бол том шагнал. Батламж маань миний гар дээр иртлээ багагүй бэрхшээлтэй тулгарч зургаан сарын дараа албан ёсоор авсандаа баярлаж байна. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бөхийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэндээ би баярлаж явдаг юм. Одоо ч гэсэн үлдсэн амьдралаа чөлөөт бөхийн спортод зориулахад бэлэн” хэмээн ярив. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөс эхлээд бүхий л шатны ажлыг хийснээс гадна Монголоос төрөн гарсан анхны олимпийн зэрэглэлийн шүүгч гэдэг тодотголтой билээ. 

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх