Үндсэн хуулийг өөрчлөх санал

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 05

Илтгэгч Д.Ламжав. 
2015.5.3-нд болсон “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хуралд тавьсан илтгэл


Оршил

1992 онд батлагдаж, 2000 онд долоон өөрчлөлт орсон, одоогоор дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар шинжээчдийн албан ёсны хөндлөнгийн зөвлөмж, Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн хорь гаруй жилийн туршлагад тулгуурлан, 2015.5.3-нд болох “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хуралд тавихаар энэхүү илтгэлийг бичлээ. 

Илтгэлд оруулбал зохих бүх өөрчлөлтийг хамрах зорилго тавиагүйг нэг мөр тэмдэглэе. Дунд хаалт дотор Үндсэн хуулийн сонирхож буй заалтын дугаарыг тоочихыг хичээсэн бөгөөд илтгэлийн төгсгөлд ашигласан материалуудыг дурдсан. Цаг хугацаанд хавчигдсаны улмаас тодорхой ишлэл татаж амжаагүйдээ уучлал хүсье.

Нөхцөл байдал
• Үндсэн хууль маань нийгэмд тулгарсан хямралыг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэж, дэлхийн жишигтэй харьцуулахад хангалттай урт хугацаанд харьцангуй тогтвортой мөрдөгдсөөр ирсэн.
• Гэвч,Үндсэн хуульд маань “хуралд шүтэх-хурлаар намнах” зэрэг зөвлөлт маягийн үндсэн хуулийн нөлөө-инерц туссан нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх бүрэн эрхийн харьцангуй бие даасан байдал, харилцан хяналт-тэнцвэрийг алдагдуулж байна. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэх нь монголчууд бидний 1990-92 онд сонголт хийсэн ардчилсан нийгмийн тогтолцоонд занал учруулах эрсдэлтэй гэж үзэж байна.
• Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан нь сайшаалтай боловч өөрчлөлт нь “Журмын тухай хуулийн хүрээнд” байхаар төлөвлөсөн нь алдаа юм. Учир нь энэхүү журмын тухай хууль Үндсэн хуульд байгаа ноцтой алдаануудыг залруулахыг зөвшөөрдөггүй.
• Байдал нэгэнт ийм байгаа учир, иж бүрэн өөрчлөлт хийх ажлыг 1990 оны жишиг, улсынхаа чадал чансааг бодолцон, парламентын бүгд найрамдах улсыг бэхжүүлэх зорилгоор, нийгмийн эв нэгдлийг илэрхийлэх үүрэгтэй Ерөнхийлөгч манлайлан оролцох нь илүү зөв гарц байж болох юм.

УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах шаардлага
(1) Бүхнийг УИХ-д даатгасан [20; 25.1-ийн толгой өгүүлбэрийн эхний хэсэг; 68.1; 69.1]. Ингэснээр жишээлбэл, Үндсэн хуульд ямар ч хяналтгүйгээр өөрчлөлт хийх бололцоог УИХ-д олгосон. Энэ бололцоо ч Үндсэн хуулийн эцгийн өгсөн “дордуулсан” гэх хочтой долоон өөрчлөлтөөр хэрэгжсэн бөгөөд 1990 онд ямар ч хамгаалалтгүй Үндсэн хууль баталснаа ойлгосон билээ.

Эцэг энэ алдааг жирийн хуулиар засахыг эрмэлзэн Журмын тухай хуулийг ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор боловсруулж, УИХ уг хуулийг 2010.12.23 буюу гайтай Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахаар намууд анх тохиролцоонд хүрсэн тэр дурсгалт өдрөө баталсан паянтай. Үндсэн хуулийн хамгаалалт Үндсэн хууль дотроо байх ёстой. Учир нь жирийн хуулийг парламент дахь олонх хэзээ ч өөрчлөх боломжтой тул хамгаалалт болж чадахгүй, харин хортойгоор ашиглагдаж магадгүй.

(2) Засгийн газрын гишүүн бүрийг УИХ хэлэлцэн томилох [39.3] заалт нь Засгийн газрыг УИХ-аас хэт хараат байдалд оруулан тогворгүй байдал руу түлхдэг болсон. 1999 онд Засгийн газрын 8 гишүүн нэгэн зэрэг огцорсноо мэдэгдсэнээр Үндсэн хуулийн 42.2 заалтын дагуу Ерөнхий сайд огцорч, энэхүү гавьяаг нь УИХ үнэлэн дээрх 8 сайдыг дараагийн ЗГ-т хэвээр томилсон нь хараат байдлыг илтгэх, кабинетын зарчмыг алдагдуулсан гаж тохиолдол юм.

(3) УИХ-ын үйл ажиллагааны салан задгай байдлыг засах шаардлага байна. [24.1, 27.2, 27.6, 35.2]. Нийт 76 гишүүний 20 нь буюу 26.3% нь дэмжсэнээр шийдвэр батлагдах бололцоотой байгааг 39-д хүргэх, гишүүд зарим тохиолдолд нэрээр, зарим тохиолдолд нууцаар саналаа өгдөг хоёрдмол стандарт тогтоосныг , нэрээр өгдөг ил тод зарчимд шилжүүлэх, байнгын ажиллагаатай гэгдэхийн тулд жилийн 364 өдрийн зөвхөн 100 өдөрт ажиллаж болохоор тогтоосныг ядаж хагаст нь ажилладдаг байхаар тогтоох. Цэц үндэслэлийг нь нэгэнт тогтоочихсон юм бол Ерөнхийлөгчийг огцруулахад УИХ-аас тийм өндөр санал шаардах ёстой гэж үү. Шууд огцордоггүй юм бол, ядаж 39 гишүүний саналаар огцордог баймаар.

(4) УИХ-ыг тараах [22.2] заалтыг илүү боловсронгуй болгох. Жишээлбэл, Ерөнхий сайдыг томилохыг саатуулсан энэ үндэслэл дээр төсөв батлах, ээлжит сонгуулиудыг хугацаанд нь зарлахгүй саатуулсан үндэслэлийг нэмж болох юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх