ЕС-ын хийх мэдээлэл: “Стэнд бай”, “Рио Тинто”-оос авах 5.4 тэрбум долларын үнэн учрыг тайлах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 11 ・ 2

 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, гишүүдэд хоёр асуудлаар мэдээлэл хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Харамсалтай нь түүний мэдээлэлд УИХ-ын гишүүд тийм ч таатай хандахгүй нь тодорхой байна.

 

Нэгдүгээрт, тэрбээр Монгол улс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрч буйг дуулгаж магадгүй гэнэ.

 

Хоёрдугаарт, өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй ирсэн “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл өгөх аж.

 

С.БАЯРЦОГТ: ОУВС-ТАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГ ХУВИЛБАР БАЙГАА

 

Манай улс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар аль хэдийн судалгаагаа хийж эхэлсэн. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн нэгдүгээр сард Олон улсын валютын сан руу “Манайд ирж ажиллаач” гэх хүсэлтийг явуулсан билээ. Хүсэлтийнх нь дагуу тус байгууллагын төлөөлөгчид Монголд ирж ажилласан. Тэгвэл хоёр тал шийдвэрээ гаргаж манай улс тус хөтөлбөрт хамрагдахад бэлэн болсон гэх мэдээлэл байна.

Засгийн газарт ч “Стэнд бай” хөтөлбөрөөс өөр сонголт үлдээгүй гэдгийг зарим гишүүд ярьж эхлэв.  

 

Тийм ч учраас Ерөнхий сайд ирэх баасан гарагт хийх мэдээллээрээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй болсноо эвтэйхнээр гишүүдэд тайлбарлаж, санхүү, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлаа тов, тодорхой дурдах төлөвтэй байна. Тодруулбал, тэрбээр төсвийн орлого тасалдах бодит эрсдэл байгааг УИХ-ын гишүүдэд танилцуулах гэнэ. Төсвийн орлогыг бүрдүүлдэг ашигт малтмалын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан, импортын орлого 50 хувиар буурч, дотоодод үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдсанаас болж улсын төсөв оны эцэст ойролцоогоор 500 тэрбум төгрөгөөр тасалдах бодит эрсдэл байгаа зэрэг таагүй мэдээллүүд түүний хэлэх үгэнд багтаж байгаа нь тодорхой.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаандЭдийн засаг хүнд үед ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх нэг хувилбар байгаа. ОУВС-ийн хөтөлбөр авна гэдэг бодлогын сонголт. Энэ бодлогын сонголтыг Засгийн газар хийх ёстой” гэж хэлсэн. Үүнээс харвал ирэх баасан гарагт Ерөнхий сайд тус хөтөлбөрт хамрагдахаар болсноо зарлах гэж буй нь бүр л тодорхой болоод байна.

 

Бид тус хөтөлбөрт хамрагдвал төсөв, мөнгөний бодлогоо ОУВС-ийн зөвлөснөөр өөрчилж, шууд гадны хараат байдлаар асуудлыг шийдэж эхлэх талтай. Тухайлбал, иргэдэд өгч буй бүх нийгмийн халамжийг бууруулах болон бүр мөсөн зогсоох. Үүнд нөгөө хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, тариа буудай, ноос ноолуурын урамшуулал гэх мэт халамжийн бодлогууд орж ч магадгүй юм. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан маш уян хатан, нээлттэй бодлого барихыг үүрэг болгоно. Энэ бол нөгөө л газрын доорх баялаг руу шунахай сувдаг сэтгэлтэй хар сэтгэлтнүүдийг вагон, вагоноор нь оруулах далд санаархал. Энэ хамгийн аюултай шахалт юм. Мөн төрийн өмчийн бүхий л онцгой обьект, барилга байгууламж, дэд бүтцийн чухал салбаруудийг ч хүртэл хувьчлахыг шаарддаг. Энэ заалтын цаана үндэстэн дамнасан томоохон компаниудын мөнгөтэй эрхмүүд нөлөөллөө тогтоож эхэлдэг байна.



Бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас хүсээд байсан зээлээ авлаа гэхэд дээр өгүүлсэнчлэн цаашид өөрийн эдийн засгаа хүссэнээрээ удирдан залж чадахгүй, зөвхөн өгөгдсөн зааврын дагуу олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх гарцаагүй тулган шаардалттай учирч болзошгүй. Улмаар энэ мэт байдал нь даамжирсаар улс орны эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулах аюулд хүргэх тухай судлаачид сануулж байгаа юм.Товчхондоо, Монгол шиг байгалийн баялаг, түүхий эдийн нөөц ихтэй ч хоцронгуй хөгжилтэй улсыг дэлхийн том компаниуд өөрийн болгох арга Стэндбай хөтөлбөрийн ард нуугдаж буй учраас эндээс зээл авахыг эдийн засаг гадарладаг хэн ч болов эсэргүүцдэг гэдэг.

 

Одоогийн байдлаар төсөв их хэмжээгээр тасарсан, улсын сан улайсан, эдийн засгийн өсөлт саарснаас болж банкуудын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн, ам.долларын төгрөгтэй харьцах ханш буураагүй гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах гарсан зэрэг үзүүлэлттэй явж байна.Тиймээс  эс хүссэн тус хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрээд буй.

 

"ОЮУТОЛГОЙ"-Г БАРЬЦААНД ТАВЬЖ 5.4 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВАХ ГЭЖ БАЙНА УУ?

 

Ерөнхий сайдын хийх хоёрдахь мэдээлэл ч олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” телевизид ярилцлага өгөхдөө“Засгийн газрын Рио Тинто-той хийх хэлэлцээр энэ долоо хоногт дуусна” гэж хэлсэн байсан. Тэгэхээр тэрбээр УИХ-д мэдээлэл хийх үеэр хэлэлцээрийн үр дүнг танилцуулах төлөвтэй байна.

 

Гэхдээ түүний хийх мэдээлэлтэй зэрэгцээд таагүй мэдээллүүд хөвөрч эхлэв. Тодруулбал, түүнийг “Оюутолгой”-н ордыг барьцаанд тавьж “Рио Тинто”-оос 5.4 тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд гарч эхэлжээ

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар  “Дэлхийн томоохон мэдээллийн суваг болох “Bloomberg” агентлагт “Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 5.4 тэрбум долларын өр авч “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том ордыг барьцаанд тавих гэрээнд гарын үсэг зурах гэж байна хэмээн бичжээ” хэмээн өчигдөр мэдэгдсэн.

 

Энэ талаар УИХ-ын нэр бүхий зарим гишүүд "Өнөөдрийн амиа аргацаагаад цаашид биднийг олон арван жил тэжээх ордуудыг тавьж туух гэж байна. Ингэхдээ 5.4 тэрбум долларыг авахын тулд тус ордуудыг 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна. Барьцаанд газар нутаг эвсэл лицензийн алиныг нь өгөхийг тодорхой хэлэх ёстой" гэж байна.

 

Тэгэхээр Ерөнхий сайдын “Рио Тинто”-той хэлэлцээрт хүрсэн гэж хэлээд байсан нь энэ болж таарав уу эсвэл худал уу.

 

Ямартаа ч ирэх баасан гарагийн Ерөнхий сайдын мэдээллээс энэ бүх мэдээллийг үнэн учир тайлагдах нь.

Т.Хулан

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: