Нүүрээ нууж, баг зүүн тоглосон Н.Дугар Н.Энхбаярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 11 ・ 3

 

Өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт баг зүүсэн нэгэн эрхэм оролцон, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох тендерт урьдчилсан байдлаар шалгараад буй "Энержи Ресурс" компанитай тойрсон асуудлаар бүтэн цаг шахам ярив. Аюулгүй байдлаа бодож, ийн баг зүүж байна хэмээн тайлбарласан нь ердөө л үзэгчдийн сонирхлыг татах шоу байсан бөгөөд түүнийг эдийн засагч Нүрзэдийн Дугар гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд л таниж буй нь нууц биш билээ.
 
 
Ингэхэд Н.Дугар гэж хэн бэ?
 
Тэрээр МУИС төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Улсын Төлөвлөгөөний Комисст ажиллаж байгаад 1990 онтой золгосон. Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан хувьсгал болон 2004 оны үед эхэлсэн Иргэний Хөдөлгөөнүүдийн гол зүтгэлтэн байсан. 1996-2000 онд УИХ дахь МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслийн бүлгийн ажлын албанд ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш улс төрчдөд зөвлөгөө өгөх хэлбэрээр ажиллаж буй.
 
1996 онд анх УИХ-ын гишүүн асан  Батж. Батбаярын сонгуулийн менежрээр ажиллаж байсан бол хамгийн сүүлд 2008 онд УИХ-ын гишүүн асан Д.Загджавын менежрээр ажиллаж, ялалтад хүргэж байжээ. 2005-2008 оны сүүл хүртэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай маш ойр ажиллаж, орон тооны бус зөвлөх шахуу байсан тухай эх сурвалжууд өгүүлдэг. Мөн иргэний хөдөлгөөнүүдийн зүтгэлтэн байх үедээ Ерөнхий сайд асан М.Энхболдтой давхар ажиллаж байсан ч гэгддэг.  
 
 
Түүний чухам хэн болох, яагаад  Монголын улс төрийн хөшигний цаадах  амьдралыг ийн сайн мэддэг  тухай судлаач Д.Ганхуяг 2008 оны 8 сарын  17-нд бичсэн “ Тэтгэврийн өвгөн ба Монголын улс төр” нийтлэлдээ ийн бичжээ. 
 
Дугарын чадвар
 
Түүнтэй 2004 оны сонгуулийн өмнө танилцсан юмсан. Монголын улс төр, улс төрчдийг онолын хувьд ч, практикийн хувьд ч хэнээс дутуугүй мэднэ гэсэн далд бодол маань тэр үеэс сарнин алга болж билээ. Миний мэддэгээс хавьгүй илүү балиар заваан зүйлээр монголын улс төр пиг дүүрэн гэдгийг би тэгэхэд ойлгож авсан юмдаг.
Тэр хэдийгээр шинжлэх ухааны хүн биш боловч монголын улс төрчдийг гарын арван хуруу шигээ мэддэг, тэдэнд нөлөөлөх сэтгэл зүйн болон мэдээллийн маш өндөр чадвартайг мэдээд би ихэд гайхаж билээ.
 
Түүн шиг сайн ой тогтоомжтой хүнийг би өдий наслахдаа тун цөөн үзсэн. Би ганцаараа тэгж дүгнээд байгаа юм биш, тухайн үед ойр ажиллаж байсан А.Баатархуяг, Г.Уянга, Г.Дашрэнцэн нар ч тэгж дүгнэдэг байлаа.
 
Ухаандаа Дугар тэдэн оны тэдэн сарын тэдэнд, тэдэн цагийн үед (энэ бол үнэн шүү !), тийм газар тэр тэр нар уулзаад, ингэж тэгж яриад, тохироод гэх мэтээр шууд л ярих. Аль дивангалавын 1990 –ээд оноос одоог хүртэл ярина шүү дээ. Эхлээд би түүнийг худлаа яриад байна гэж боддог байсан юм.
Тун цөөн хүн анализ хийж чаддаг, харин хуруу дарам цөөн хүн дедукци хийж чаддаг юм. Дугар бол дедукци хийх ховор авъяастай. Иймээс тэр өөрөө оролцоогүй үйл явдлыг ч хүртэл нөхөн сэргээж чаддаг. Ямар сайндаа бид түүнийг “толгой компьютер” гэж хочлож байхав дээ. Мэдээж надад болон манай нөхдүүдэд чамгүй мэдээлэл байгаа хэдий ч түүнийгээ компьютерт хийж, нэлээд хайж байж олно шүү дээ. Нэг удаа жинхэнэ цөлх монгол ухаантай сэтгүүлч Г.Дашрэнцэн “Манай “толгой компьютер” заримдаа өөрөө асчихаад ажиллаад байх юм” гэж түүнийг явуулж байж билээ. Энэ үгийн утгыг би хэзээ хойно ухаарсан бөгөөд чухам энд л хамаг аюул байлаа.
 
Арчаагаа алдсан улс төрчид
 
 
Дугар улс төртэй холбоотой бараг бүх хүнийг танина. Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд, нам, төрийн дунд, дээд түвшнийхэнтэй нягт холбоотой. Хаана ноцтой үйл явдал болно, тэр ямагт тэнд л байж байна. Хамтын хурал цугларалтад нэг их удирдаад, нөлөөлөөд, зохион байгуулаад байхгүй. Хааяа нэг санал хэлнэ.
Харин ганцаарчлан уулзаж санал бодлоо солилцоно. Улс төртэй холбоотой л бол хүнийг том, жижиг гэж голохгүй, шөнө оройг ялгалгүй давхиад л очно. Хүний үгийг тун анхааралтай сонсоно, гэхдээ аманд нь орчих гээд байхгүй. Тэр үедээ ч гэсэн чи тэг ингэ гэхгүй. Хэн түүний тушаалыг дагах билээ.
Их сайхан ярина, логиктой, рационал буюу бодитой яриа. Мэдээж огт худлаа ярихгүй, бас хов хутгахгүй. Монголд хов хутгавал сар ч болохгүй баригдана гэдгийг тэр сайн мэднэ. Тэр сэтгэл зүйн далд нөлөөллийн гайхам авъяастай. Тухайн хүнд тодорхой дүгнэлт өөрөө хийх хүртэлх хэмжээний мэдээлэл өгнө. Ухаандаа Дугар биш, тухайн хүн өөрөө дүгнэж байна гэсэн хэрэг юм. Иймээс олонхи хүн Дугарын үгэнд ховсдуулж байна гэдгээ мэддэггүй юм.
 
Хүний өөрөө хийсэн дүгнэлт голдуу итгэл үнэмшил болдог бөгөөд улмаар тодорхой үйлдэлд хүргэдэг хамгийн хэцүү зүйл байдаг. Ямар сайндаа би хүртэл Дугарыг уулзая гэхэд нь “Чамд ховсдуулахаа ч болих уу даа” гэж байхав дээ.
 
Тэр ихээхэн мэдээлэлтэй. Түүний мэдээлэл авах арга их амархан юм шиг мөртлөө ихээхэн мэдрэмж, туршлага шаардана. Жишээ авъя. МАХН-ын Удирдах Зөвлөл ч юм уу, АН –ын зөвлөл хуралдлаа. Мэдээж энэ талаарх мэдээллийг цацаад явах хүн тун цөөхөн. Харин Дугар бол эхлээд А-тай утсаар багцаалбал ингэж ярина.
– Танайхан өнөөдөр юу хэлэлцэв ?
– Нэг их сүрхий юм биш ээ…
– Мөн сүрхий юм нуув аа. Ийм юм л ярьсан гэхчинэ билээ…Бас танай В ингээд, хариуд нь Г уурласан гэх чинь бил ээ…(Энийг бол таагаад л хэлчихнэ. Хэрэв их мэдээлэлтэй бол таагаад ч байх шаардлага байхгүй –Д.Г.)
– Хэн тэгж байна ?
– Танай Б чинь л тэгж байна лээ.
– Балиар новш вэ ? Г л өөрөө эхлээд, дараа нь В уурласан байхгүй юу… Б ч гэсэн өөрөө зүгээр байгаагүй, Г-ийн талд ороод л солиороод байсан…
 
Одоо тэр энэ хурлаар юу хэлэлцсэн, хэн хэн гол үүрэг гүйцэтгэсэн, ямар шийдвэр гарсныг мэдэж авлаа. Дараа нь нөхцөл байдлаас болж Б, В, Г-ийн аль нэгтэй ярина. Ийнхүү хэдхэн утасдсаны дараа нам, төрийн нууц мууц гээч юм ор мөргүй болно. Энд хууль хуудас зөрчсөн юм огт байхгүй. Яагаад сониуч хүн танилаасаа юм асууж лавлаж болохгүй гэж ?!
 
Эндээс манай улс төрчид үнэхээр арчаагаа алдаж, бүлэглэлийн зөрчилдөө идэгдэж, яахаа мэдэхээ байчихсан маанаг новшнууд гэсэн цорын ганц л дүгнэлт гарна.
Монголын улстөрчид, түүний дотор өндөр дээд албан тушаалтнуудад ч ийм мэдээлэл байхгүй. Одоо энэ мэдээллийг аль намын хэнд, ямар хэмжээгээр өгөх л үлдэнэ.
Энэ мэтчилэн олон жилийн турш яваад ирэхлээр, бас энэ их мэдээллээ мартдаггүй болохоор монголын улс төрийн мэдээллийн нэлээд том зангилаа нь Дугар болж таарна.
 
Манайд хар мянган телевиз, радио, сонин, интернетүүд байвч мэдээлэлгүй бол юусан билээ. Мэдээллийг системтэйгээр тараадаг, цуглуулдаг албан ба албан бус субъект Монголд 20 орчим л байдаг гэж би олон удаа хэлж байсансан. Зарим хүн ойлгоогүй, бас ойшоогоогүй байх л даа.
 
Монголын олон улс төрч, намын дарга нар, тэр ч байтугай Ерөнхийлөгч хүртэл түүнээс мэдээлэл авдаг юм. Тэр ч байтугай Дугарын хэлж өгсөн санааг тоть шиг давтдаг толгойгүй новшнууд олон байх. Хэрэв үүнийг худлаа гэх тэнэг зоригтой хүн байх ахул нэр усаа ил тод хэлээрэй гэж хүсэх байна. Харин тэрийг чинь би хэлээд өгч чадна шүү. Яагаад гэвэл чухам энд л манай улс төрчдийн хууль зөрчсөн, хамгийн адгийн бохир заваан юм байдаг болохоор би ингэж байгаа юм.
Энд Дугарыг биш, харин төр засгийн эрх барина гэж улс төрд гарч ирчихээд тэтгэврийн өвгөнөөс мэдээлэл авч үлгэн салган цаг нөхцөөж байгаа арчаагүй төр, нам, улс төрчдийг л хараах ёстой.
 
Мэдээлэл бол бодит хүч
 
 
Өөрөө мэдээлэл байхгүй, байсан ч түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх чадваргүй болчихсон манай ихэнхи улс төрчид сүүлдээ Дугараас зөвлөгөө авдаг болсон нь нууц биш юм. Энэ жишээ манай төр төрлөг шинж чанараа бүрэн алдаж, төрийн түшээд нь мал шиг болсныг харуулахгүй гэж үү ?!
Энэ нь Дугарын гайхам чадвараас болсон уу гэвэл би огт тийм биш гэж хариулна. Яагаад гэвэл тэр нийгэмд системийн шинжилгээ хийж чадахгүй, улс төрийн хандлагын дүгнэлт гаргаж чаддаггүй, улс төрийн том баримт бичиг дээр ажилладаггүй юм. Харин өрсөлдөгч бүлэглэлүүдийн алийг нь дэмжих, алийг нь унагах ажил дээр хачин сайн гүйлгээ ухаантай.
 
Ийм байдал олон жилийн турш бие биенээ хулхидсаар байгаад итгэхээ байчихсан улс төрчид түүнийг ашиглах гэж оролддогоос үүсдэг.
Ухаандаа төрийн өндөр дээд албан тушаалтан А босс Дугарыг өрсөлдөгч Б рүү явуулж түүний юу хийж буй, юу хийх гэж байгааг мэдэх захиалга өгнө. Б нь А-гаа тагнахын тулд бас л Дугарын явуулна.
 
Уг нь нүүр нүүрээ харж байгаад хэрэлдэж, ойлголцож, маргалдаж, зөвшилцөж байж албан ёсны улс төрийн шийдвэр гаргах ёстой хүмүүс маань хууль ёсны эрх мэдлээ хаа хамаагүй хүнд сайн дураараа шилжүүлж байгаа нь хэнд ч тодорхой байна.
Ийнхүү монголын улс төрч А, Б хоёр Дугарын хэлж өгсөн мэдээллээр нам, төрийнхөө ажлыг хийнэ гэсэн үг л дээ. Үүнийг улс төрийн зүтгэлтнүүд нь энэхүү тэнэг үйлдлээрээ төрийн ажлыг гудамжинд гаргаж байна гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй юм. Телевиз радиогоор “бүлт бүлт” үсэрч, хөдөлгөөнийхнийг гудамжныхан гэж хочилдог манай улс төрчид ингээд л өөрсдөө гудамжинд гардаг юм даа.
Энэ тохиолдолд улс төрийн шийдвэрт нэн хүчтэй нөлөөлөх, зарим тохиолдолд шийдвэр гаргах өргөн боломж Дугарт олдож байгаа юм. Ийм боломжийг алдах хүн гэж байх уу даа
 
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • эрхэм / 2015 05 сар 17/

    Юунд ч итгэхээ байталаа худал үнэн мэдээлэлд толгой нь эргсэн түмэн олон одоо аргаа бараад намгүй болвол зүгээрсэн гэдэг болж. Тэгтэлээ нам, төрийн нэр хүнд шороонд булагдаж байнадаа. Дугарын мэдээлэл үнэн бол ер нь шүүх засаглал, АТГ гэх мэт ер нь хэрэггүй болж зүгээр татвар төлөгч ард түмнээ мэрж

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    эх оронд минь нэг ч болов ийм хун байгаад баярлаж бна . Урвагчид хэзээ нэгэн цагт шийтгэлээ том амсах л болно.Дэмжиж байна

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    Дугар гэдэг хүн чинь тэгвэл мундаг мэдлэгтэй эх орноо гэсэн хүн байна.баяр хүргэе. эх орон ад түмнийхээ төлөө хийж байгаа зүйлд тань амжилт хүсэе. MSC гэж компани байгаагүй бол монгол орон арай илүү хөгжих байсан юм байна. АТГ түүнийг шалгах чадваргүй.

    2
    Хариулах