Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 18
Хөгжлийн банк байгуулаад, том төслүүдээ санхүүжүүлээд, хөгжлийн шан татсан улс орнууд цөөнгүй ч буруу замаар будаа тээсэн нь олонтаа. Улстөрчдөөс хэт хамааралтай болчихвол дампууралд хөтөлдөг. Тийм ч учраас Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулах тухай яригдахад улстөрчид гар дүрээд, хошуу нэмэрлээд байхааргүй зохион байгуулалтыг шийдэх ёстой гэж эдийн засагчид, судлаачид мөн ч их байр сууриа илэрхийлцгээсэн дээ. Ингэснийхүчинд улстөрчдийн оролцоог аль болохоор хязгаарласан байдлаар байгуулсан юм. Тодруулж хэлбэл, 2010 онд УИХ-аар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж улмаар 2011 оны тавдугаар сард албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн үг. Өмнө нь манайд үндэсний хөгжлийн санхүүжилт хийдэг байгууллага байгаагүй.Аар саархныг биш ашиг тусаа өгөх томоохон ажлуудыг санхүүжүүлэх үүрэг бүхий байгууллага л даа. Монгол Улсын Хөгжлийн банк учраас бага хүүтэй, урт хугацааны хөрөнгийг босгох бололцоотой.
Улсаас татаас аваад байхгүй. Голдуу гадаад зах зээл дээрээс мөнгө босгож том төслүүдийг санхүүжүүлнэ. Гэхдээ тэр хөрөнгө нь хүүтэй. Эргэн төлөлт дээр анхаараад явчихвал ашигтай ажиллах нь тодорхой. Ямартай ч 2013, 2014 онд ашигтай ажиллажээ. Алдагдал руу орчихгүй, ашигтай байвал төслөө санхүүжүүлээд хувийн хэвшлийнхэндээ ч, улсдаа ч хэрэгтэй. Гэвч сүүлийн үед энэ байгууллагыг эрхшээлдээ байлгах гэсэн марафон эхэлчихжээ.
Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкийг дайлаар мордов. Тэр ажлын хэсгийг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж буй. Түүний тэргүүлж буй багт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар гээд МАН-ын гишүүд л оржээ. Уг АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-аас төлөөлөл оруулаад ажиллаж байгаа бол илүү үнэмшилтэй харагдах байлаа. Хууль тогтоох дээд байгууллага хяналт тавих нь зүй ёсны асуудал ч, ажлын хэсгийнхний арга барил намхах, сугалж мэдээлэл цацаж дэвэргэх аргыг хэрэглэх нь илтэд ажиглагдаж буй юм. Албан ёсны шалгалтын дүн одоо болтол гараагүй. Тавдугаар сарын 7-нд ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулна гэж зарлаад цуцалчихав. Яагаад хойшлуулаад байгаа нь ч хардлага дагуулж буй юм. Сонгууль дөхсөн үед улстөрчдийн оролцоо ихдээд ирэхээр бишиддэг. Уг нь улстөрчдөөр шалгуулах биш хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн аудитын байгууллагаар хянуулаад дүнг нь Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр танилцуулаад хэлэлцэх нь илүү дээр. Сонгууль дөхсөн үед улстөрчдөөр "сэлэм эргүүлүүлж" байхаар мэргэжлийн байгууллага шалгалт хийх нь бодиттой, нөлөөтэй толины тусгал багатай байж чадна. Гэвч үгүй. Үндэсний аудитын газар төсөвт шалгалт хийгээд танилцуулдаг шиг жишгээр яагаад Хөгжлийн банкны санхүүг мэргэжлийн хүмүүсээр хянуулж тайланг хэлэлцэхгүй байгаа ч далд сонирхлын нэг илрэл гэлтэй.
Хөгжлийн банкны хийсэн гүйлгээнээс харахад нэг анхаарал татсан баримтууд гарч ирж байна. Энэ банкинд шалгалт хийж байгаа ажлын хэсгийг ахалж байгаа, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувь оролцоотой компаниуд Хөгжлийн банкнаас хамгийн их зээл, төсөлд хамрагдсан байх юм.Энэ нь эрх ашгийн сонирхолыг огтлолцол байхыг үгүйсгэх аргагүй гэж хардахад хүргэж байна.
Энэ эрхэм Эм Си Эс Монгол ХХК
Интер групп интернэйшнл ХХК
Монголын майнинг корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшдэг.
Хөгжлийн банкнаас "Эм Си Эс Монгол" ХХК "Солонго" орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын "Цэвэрлэх" дэд станцын 10 кВ талын өргөтгөл, 2 ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2х630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд 5 тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авахаар гэрээлжээ.
Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл, /"Энержи Ресурс" ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр/-т 170 тэрбум 595 сая төгрөг авчээ . 260 гаруй км зам барьсан. Зам тавихаасаа өмнө нүүрсийг км/тн-ыг 3 ам.доллараар зөөнө гэж тохирсон ч замаа барьчихаад тн/км нь 13 ам.доллар болгож өсгөсөн гэх. Таван толгойгоос олборлож байгаа нүүрсийг ийм бага үнэтэй зөөж чадахгүй, эсвэл замаа худалдаж ав гээд 170 гаруй тэрбумаар төрд шахсан гэх мэдээллийг ч тодруулах хэрэгтэй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.