Хоёр толгойг эдийн засгийн бүлэглэлд өгвөл Монголын ард түмэн юу ч хожихгүй

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 05 сар 18

МАХН-ын Нарийн бичгийн дарга З.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Тэрбээр Сонгуулийн тухай хууль болон олны анхаарлыг зүй ёсоор татаж буй Оюу болон Тавантолгойн асуудалд байр сууриа ийнхүү илэрхийлж байна.


-Өнгөрсөн намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр тогтсон ч өнөөдрийг болтол оруулж ирээгүй байна. Тэгэхээр парламентын үйл ажиллагаа дуусгавар болохтой зэрэгцээд улс төрийн намууд өөр, өөрсдийнхөө эрх ашигт зохицуулаад Сонгуулийн тухай хуулиа баталдаг жишиг болохвий гэж эргэлзэж байна?

-Сонгуулийн тухай хууль ардчилсан нийгмийн хамгийн гол хуулийн нэг. Яагаад гэвэл, ардчилал гэдгийн мөн чанар сонгууль байдаг. Сонгууль хэрхэн явагдахаас тухайн ардчиллын бат бөх байдал, мөн чанар харагддаг. Харин тодорхой нэг хэсэгхэн салбарыг зохицуулж байгаа хуультай харьцуулахад Сонгуулийн тухай хууль хамгийн чухал. Тэгэхээр энэ хуулийг нухацтай хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэвч одоо болж байгаа процессоор хэлэлцэх асуудлаасаа хасаад оруулж ирэхгүй байгаад харамсаж байна. Хоёр, гурван чуулган дамнуулан оруулж, улс төрийн зөвшилцөл хийж, ард иргэдээр хэлэлцүүлсэн бол сайн зүйл байх байсан. Гэтэл нэг л том хадны мангаагаар айлгаж байгаа юм шиг “Хэлэлцэнэ шүү” гэхээр УИХ-ын гишүүд нь дуугаа хурааж, мөрөө хавчаад дуулгавартай болчихоод “Хэлэлцэхээ больё” гэхээр ийм болоод байгаа нь асуудал байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хууль, Өршөөлийн хууль зэрэг нь УИХ-ын гишүүдийг атгандаа барих гэсэн арга хэрэгсэл болж хувираад байна уу гэсэн айдас байгаад байна. Үүний зэрэгцээ улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хүртэл Сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтай хэлбэрээр батлах гэж санаархаж байна шүү дээ.

Харин Сонгуулийн тухай хууль гэхээр яагаад улс төр, эдийн засгийн бүлэг хэмээн ярив гэж бодох байх. Үнэхээр л сонгодог парламентын журмаар шийдэх юм бол олонхи болсон АН нь МАН-тайгаа сөргөлдлөө гэж бодоход эвсэл, бие даагчид тухайн гаргасан саналыг нь дэмжээд батлаад явах ёстой. Гэтэл одоо хүртэл оруулж ирж чадахгүй байгаагийн цаана намаараа юм уу, аль улс төр, эдийн засгийн бүлэглэл хүчтэй вэ гэдгээр шалтгаалж ийм жишиг тогтоод байна. Тиймээс үүнийг устгах ёстой.

-Сонгуулийг холимог тогтолцоогоор биш, 76 том тойрогт оруулах тухай ярьж байна. Танай намаас ямар хувилбар гаргаж, дэвшүүлж байгаа вэ?

-МАХН-ын тухайд хоёр үндсэн зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, дээрх ярьсантай холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн үндсэн зорилго юу вэ. Сонгуулийн үр дүнд сонсогчдын өгсөн санал бүрэн дүүрэн үнэн зөв тусгагдаж чадах уу гэдэгт анхаарч байна. Хэдийгээр өөрсдийгөө том гэж нэрлээд байгаа МАН, АН-ын зорилго юу вэ гэхээр засгийн эрх авах гэж яриад байгаа. Бидний хэлээд байгаа санаа бол улс төрийн намын зорилго улс орон, ард түмний хөгжил дэвшлийн төлөө явдаг, бодлого дэвшүүлдэг байх явдал. Түүнийгээ сонгуулиар дамжуулан хэрэгжүүлдэг байх ёстой гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, засгийн эрхийг авна гэдэг хоёрдогч, гуравдагч арга хэрэгсэл. Харин энэ нөхдүүдэд засгийн эрхэнд гарах нь хамгийн гол зорилго байгаа. Тийм учраас Сонгуулийн хууль тухай нь тэднийг засгийн эрхэнд гаргах асуудал болчихоод байна. МАХН-ын тавьж байгаа хамгийн анхны асуудал бол сонгууль үнэн зөв, шударга дүн гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Сонгуулийн дараа “Өө энэ хуурамч сонгууль боллоо” гэдэг биш бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, шударга дүн гарлаа гэдэг сонгууль байх ёстой.

-Харин ч сонгуулийн саналыг хүлээн зөвшөөрдөггүй асуудлыг иргэд гэхээс илүү нэр дэвшигчид гаргадаг явдал бий. Тэгвэл шударга сонгууль хийх тэр бололцоо, нөхцөл байгаа юу?

-Миний бодлоор ямар систем ашиглах нь төдийлөн чухал биш. Хамгийн гол нь хэрхэн яаж тоолох вэ гэдэг байна. Бидэнд хоёр янзын арга байгаа. Сонгуулийг автоматжуулах системд шилжүүлэх тухай хуулийн дагуу бидний нэрлэдгээр хар машин, нөгөөх нь гараар тоолох байгаа. Бид хоёуланг нь үзсэн. Гэвч хоёуланд нь итгэлгүй. Тэгвэл яагаад хавсарсан байдлаар явуулж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, хар машинаар саналаа хураая, харин дүн болгоныг гар тооллогоор баталгаажуулъя. Хэрвээ гар тооллогын дүн, хар машины санал хоорондоо зөрөх юм бол хяналтын тооллогыг дахин хийдэг. Зөрөхгүй бол тэр дүн баталгаатай гэдэг ийм л системд шилжье гэж байгаа юм. Үүгээр дамжуулж дахин, дахин хэлэх гээд байгаа зүйл нь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд систем рүү бурууг өгч, анхаарлыг нь татаж, маргалдуулж байх хооронд өөрсдөө олонхи болох нөхцлийг тоолох байдал руу оруулчихвий гэж хардаж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн санал болгон нь үнэн зөв тусгагддаг болгохын тулд бусад хуультай хамт авч үзэх ёстой. Жишээлбэл, Улс төрийн намын тухай хуультай хамт оруулах нь чухал. МАХН-ын хувьд сонгогчдын саналыг яаж тоолох вэ, тухайн тооллого хэр шударга байх вэ, хэрвээ шударга бус байвал ямар хариуцлага хүлээлгэх үү гэдэг үндсэн гурван асуудалд гол анхаарлыг төвлөрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Сонгуулийн системийн хувьд дутагдалтай, ололтой тал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хосолсон хэлбэрийг авч үзэхдээ сонгуулийнхаа системийн дутагдалтай талыг арилгах арга зам руу орох хэрэгтэй. 76 том тойрогтой байх зарчим нь аль нэг намд ашигтай байх гэхээс илүү сонгуулийн системийн дутагдалтай талыг арилгахад дөхөм болох болов уу гэсэн байр суурьтай байна, одоогийн байдлаар шүү дээ. Бидний гар дээр ирсэн Р.Бурмаа сайдын ахалсан ажлын хэсгийн төсөөлөл гэдэг зүйлд сонгуулийн системийг өөр, өөр байдлаар явуулахаар тусгасан байсан. Бид үүнийг буруу гэж үзэж байгаа. Учир нь УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулж байгаа бол аймаг, дүүрэг, нийслэлд энэ жишиг хадгалагдах ёстой. Сонгуулийн тухай хуулийг Монголд хэрэгтэй, эсвэл шударга явуулах байдлаар  бусад хуультай хавсарч явуулах байтал дангаар нь авч үзэж байгаа нь хоёр том намын хувьд өөрсдөдөө ашигтай хувилбараар явуулахыг зүтгэж байгаа хэрэг. Үүний сонгогдог жишээ нь МАН-аас тавьсан бүх нийтийн санал асуулгын тухай асуудал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулъя гэхэд тэр чухал биш гэж хэлдэг хүмүүс одоо сонгуулийн системийн талаар санал явуулах гэж байна шүү дээ. Энэ нь “Үхэр чухал биш” гэж ярьж байсан хүмүүст эвэр нь өнөөдөр чухал болж байгаатай адил хэрэг.

-Улс орны эдийн засаг хүнд байдал байна. Санхүүгийн хямралаас гарахын тулд Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөгч хүчээ болголоо. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайг ажиллуулахаар талууд гарын үсэг зурлаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  Оюутолгой, Тавантолгойн асуудал цаасан дээрх мөрөөдөл болж үлдэх нь?

-Монголын эдийн засгийн систем, тогтолцоо, бүтэц буруу байгаагийн хамгийн сонгодог жишээ Оюутолгой, Тавантолгой болчихоод байна. Манайхан нэг юм рүү туйлшрамтай гэгчээр Монголын бүх компани “Оюутолгой, Тавантолгой сайхан болох нь” гээд ойрын 5-10 жилийн үйл ажиллагаа төлөвчихсөн. Гэтэл нөгөө Оюутолгой, Тавантолгой зогсохоор эдийн засаг бүхэлдээ зогсох хэмжээний тийм л байдал руу өөрсдөө орчихоод байгаа юм. Тиймээс Оюутолгой, Тавантолгойн асуудлыг ярихаас өмнө эдийн засгийн өөрийн бүтцийг эрүүл саруул болгохыг ярих хэрэгтэй. Эдийн засгийн бүтцийг эрүүл саруул болгохгүйгээр Оюутолгой, Тавантолгойг дангаар ярина гэвэл үлгэр. МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Оюутолгойн Монголын талын эзэмших хэмжээг 51-ээс доошгүй хувь байлгахаар гэрээг өөрчилнө. Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй, баян чинээлэг амьдрах нэг чухал үндэс суурийг бүрдүүлнэ” гэж тусгасан. Хэрвээ Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй байна гэвэл энэ нь монголчуудад ашигтай хувилбар. Даанч харамсалтай нь одоогийн байдлаар гаргаж ирээд байгаа хувилбараар гэрээг өөрчлөх боломжгүй гэдгээр бүгдээрээ чимээгүй суугаад байна. Бүгдээрээ гэдгийн ард нам дамжсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд байгаа. Нөгөө асуудал бол Тавантолгой яг юун дээр гацаад байгааг ойлгохоо больж эхэлж байна. Үүний цаад талд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл явж байгаа. Тэгэхээр улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хоорондоо тэмцэлдэж байгаа тохиолдолд “Тавантолгойг бүхэлд нь өгөхгүй” гэдэг зүйлийг ярих нь л дээ. Энэ янзаараа МАХН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн “Тавантолгойг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгана” гэдэг заалт 2016 оны сонгуулийн нэг том зорилго болж хувирч магадгүй болоод байна.

Оюутолгой, Тавантолгойг энэ янзаар нь ашиглаад, тэр дундаа аль нэг эдийн засгийн бүлэглэлд өгөх юм бол Монголын ард түмэн юу ч хожихгүй. Эрдэнэтээс 10 дахин том Оюутолгой өнөөдөр улс оронд юу өгөв. Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авснаар юу хожив гэдэг асуудлыг бодох хэрэгтэй.

-51 хувь байх асуудал дээр маргаан өрнөж байна. Тэгэхээр Тавантолгой 100 хувь ард түмний мэдэлд байна гэдэг амлалт талаар болж байх шиг...?

-Энэ УИХ-ын бүрэлдэхүүнээр “Тавантолгойг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгана” гэдэг заалт биелнэ гэж харахад үнэхээр хүнд байна. Гэхдээ аливаа нэг шийдвэрийг гаргаж байгаа улстөрч хүний хувьд аль нь улс эх оронд ашигтай вэ гэдгийг харах ёстой. Түүнээс биш аль нь надад, манай намд ашигтай вэ гэдгийг харах юм бол тухай улстөрчийн чухлын байр сууриар хөл нь толгой дээрээ, толгой нь хөл дээрээ гарчихсан байгаатай адил. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн кноп дараад байгаа байдлыг Оюутолгой, Тавантолгойгоор харах юм бол эхлээд “Надад ямар ашигтай вэ, дараа нь миний харьяалагдаж байгаа фракци, даргад болон манай намд хэрхэн ашиг ирэх вэ. Тэгээд Засгийн газар, эцэс сүүлд нь  Монголд ямар ашигтай вэ” гэж бодоод байна. Магадгүй 100 хувь болголоо гэхэд МАХН-д ямар нэг ач холбогдол, мөнгөн хэлбэрээр харах юм бол юу ч байхгүй. Улс төрийн нам ийм шийдвэрээс ашиг олох ёсгүй. Харин Эрдэнэттэй адилхан байдлаар ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ “Танай намын 2012 онд тавьсан мөрийн хөтөлбөр чинь 2016 он гэхэд биелж чадахгүй байна” гэхэд бид ард түмэнд хэлэх үгтэй. “Эвслээс нэг хүн гараад арвуулаа 66 хүний эсрэг дийлсэнгүй” гэдэг үгээ хэлнэ. Чухам хэн нь зөв байсан бэ гэдэгт ард түмэн дүнгээ тавих байх.

-Ярилцсанд баярлалаа.

С.БАЯСГАЛАН  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх