Монгол хэзээ ашиг хүртэх нь тодорхойгүй болжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 20

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн эмират улсад айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Л.Цог нарын гишүүд Ерөнхий сайдтай хариуцлага тооцож Засгийн газрыг огцруулахаар санал нэгджээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын 1,5 тэрбум ам долларын зардал дээр нэмж 4,7 тэрбум төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрчээ. Ингээд гишүүд байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН: Хөрөнгө оруулалт гээд байгаа зүйл бол буцалтгүй тусламж биш зээл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Оюутолгойн гэрээ үр ашиггүй байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нийт борлуулалтын орлогын 8-9 хувийг Монголд авч байгаа. Гэхдээ талыг нь өрөнд тооцож байгаа. Өөрөөр хэлбэл борлуулалтын 4-5-хан хувь Монголд үлдэж байна. Үүнийг сайжруулахын оронд Оюутолгойн баялгийн төлбөрийг Монголын татварын дансаар дамжуулж валютын нөөцөө нэмэгдүүлэх талаар шийдвэрлээгүй байж энэхүү гэрээг үзэглэж зурж байгаа нь буруу гэж үзэж байна.

 

Ерөнхий сайд ажлаа авсан цагаасаа эхлээд хоёр толгойг хөдөлгөх талаар ярьсан. Гэтэл хоёулаа борлуулалтаа хийгээд орлогоо олж байгаа толгойнууд шүү дээ. Оюутолгой өнгөрсөн жил 2 тэрбумын борлуулалт хийсэн ч Монгол улсад үүнийхээ 8-9 хувьтай тэнцэх хэмжээний л татвар болон бусад орлогыг төлсөн байгаа. Үүнийг сайжруулах ёстой гэж бид ярьсаар ирсэн.

 

Монгол улсын эдийн засгийн өсөлт  7,8 хувьтай байгаа. Тэгсэн мөртлөө яагаад хямраад мөнгөгүй байна вэ. Яагаад гэвэл баялгийн мөнгө орж ирэхгүй, дусал шиг 4-5-хан хувь нь орж ирж байгаатай холбоотой. Одоо ингээд хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдлээ. Гэвч өнөөх нөхцөл нь өөрчлөгдөхгүй, дусал хүртсэн хэвээрээ байна. Энэ бол буруу юм.

 

Оюутолгойн хөрөнгө оруулалт гээд байгаа зүйл бол буцалтгүй тусламж биш зээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайхан  буцалтгүй тусламж орж ирээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээд хийгээд байгаа юм шиг ойлгож байна. Үгүй. Оюутолгойн гэрээ байгуулагдахын өмнө С.Баярцогт тэргүүтнүүд өдөрт сая доллар алдаж байна гэж ярьж байсан. Тэгвэл одоо өдөрт сая долларын зээлийн хүүгийн төлбөр төлж байгаа.

 

Гадныхан аймшигтай тархи угаадаг юм байна. Ард иргэдийг нь хямруулж, амьдралын гарц хайлгаж байгаад, Оюутолгой гэж дугарсан биднийг популист, бүхнийг зогсоогч гэх мэтээр хэвлэл мэдээлэл, янз бүрийн шугамаар дарамталж байгаад өнөөдөр энэ хоёр дахь шатны далд уурхайн санхүүжилтийн гэрээг зурлаа шүү дээ. Дэлхийн түвшинд бусад орнуудад хэрэглэгдсэн тархи угаалтын муухай туршлагыг хэрэглэж байгаад энэ асуудлыг шийдлээ. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиулчихлаа. Бид харилцан үр ашигтай байлгая гэж л ярьж байгаа. Оюутолгой бол хөдөлчихсөн төсөл шүү гэдгийг хэлэх байна.

 

УИХ-ын гишүүн Г.УЯНГА: АН сонгуулийн жилийн өмнө сонгуулийн мөнгөө хийх бэлтгэлээ хийж байна гэж харж байна.

 

Анх “Оюутолгой”-н гэрээг байгуулахад гэрээн дээрээ дөрвөн тэрбум доллар шаардагдана гэж заасан. Харин засвартайгаар хүлээн авсан техник эдийн засгийн үндэслэлд 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгасан. Үүнд ил уурхай, далд уурхайн 1,5 тэрбум доллар, баяжуулах фафрик, хаягдалын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтэц, эзэмшигчийн зардал, шууд бус зардал, валютын ханшны зардал, бусад эрсдэл гэх мэт бүх эрсдлийг тооцоолсон. Далд уурхайн хөрөнгө оруулалт орцон. Валютын ханш яаж ч өссөн энэ уурхайн үйл ажиллагаа хэвийн явна. Гэтэл дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4,7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтын 5,1 тэрбум доллараа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гарсан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна. Бүх гишүүдээр явуулна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19 гишүүн дэмжиж хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Би үүнийг улс төрийн махнац гэж харж байна. АН сонгуулийн жилийн өмнө сонгуулийн мөнгөө хийх бэлтгэлээ хийж байна гэж харж байна.

 

Хоёрдугаарт уул уурхайн яамны ХОСХ-ийн дарга хөндлөнгийн шинжээчдийн ажлын хэсэг гарч энэ ТЭЗҮ-ийн тодтоголд дүгнэлт өгч байгаа. Энэ ажлын хэсэг 5-р сарын 20 гэхэд ажлаа дуусгах юм байна. Энэ ажлын хэсэг нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай юу үгүй юу, өмнөх хөрөнгө оруулалт ямар үр ашигтай явсан юм гэдгийг тодруулж дуусаагүй байхад гэнэтхэн Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийж Засгийн газар гарын үсэг зурж байгаа нь хууль зөрчсөн алдаатай зүйл гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Ерөнхий сайд хаа байсан АНЭУ-д очиж энэ талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурж байгаа нь буруу.

 

Оюутолгойн нөөц цаашдаа нэмэгдэх магадлалтай. Жишээ татвал Эрдэнэтийн нөөц 521,7 сая тонн хүдэр гэж байсан бол 3 дахин нэмэгдээд 1,7 тэрбум тонн болсон. 4,2 сая тонн металлтай гэж байсан бол 8,3 сая тонн болоод дахиад 2 дахин нэмэгдсэн. Оюутолгойн энэ баялаг маань ашиглалтын явцад нөөц нь нэмэгдэх боломжтой. Анх байгуулсан цагаасаа эхлээд үндэстэн дамнасан санхүүгийн давхар луйврын хэрэг маягтайгаар цаашаа яваад байна.

 

Айванхоу майнз компани Оюутолгойн ордыг Нью-Ойрк Торонтогийн бирж дээр 3,3 тэрбум ам долларын хувьцаа арилжиж мөнгө босгосон. Тэр нь бидэнд ямар ч хүртээлгүй байгаа. Эргүүлээд хөрөнгө оруулалт гэдэг нэрийн дор зээл болгоод өгчихсөн. Энэ маань нэмэгдээд 4,7 тэрбум доллар болох нь. Ерөнхий сайд хаа байсан АНЭУ-д очиж энэ талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурж байгаа нь буруу.

 

Далд уурхайн үйл ажиллагаа явуулахгүйгээр 2 жил гаран олборлолт хийчихлээ. Үүнээс ард түмэнд ирж байгаа юм нь туйлын бага. Гэтэл ЗГ дахин дур мэдэж 4,7 тэрбум долларын өрөнд биднийг унагачихаад байж байна.

 

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН: Бид Оюутолгойн гэрээний 30 жилийн хугацаанд өр төлж явсаар ашиг хүртэх эсэх нь тодорхойгүй боллоо

 

Оюутолгойн гэрээ үр ашиггүй, алдагдалтай маш муу гэрээ болсон. Тийм ч учраас үүнийг сайжруулахын төлөө Засгийн газраас 17,5 тэрбэмыг гаргаад гадаадын компаниас зөвлөгөө авна гэж гэр бүлийн компанид мөнгө өгөх хүртлээ асуудал яригдлаа шүү дээ. Муу дээрээ муу, муухай дээр улцан гэгчээр Засгийн газар Рио Тинтогийн тулгалтыг хүлээж ялагдал хүлээж байна. Энэ бол Монголын ард түмний хүссэн зүйл биш. Үүнийг гадныхантай нийлсэн авлигачид хийж байгаа юм. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1,4 тэрбум доллар байсан. 4,7 тэрбумаар нэмэгдүүлээд 6 тэрбум доллар болох нь. Далд уурхайн зардлаа 300 хувиар өсгөж байна. Ийм муу болгож байхад бид өрлүүлж байгаа хонь шиг чимээгүй байх уу.

 

Бүх намууд Оюутолгойн гэрээг сайжруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАНАН-ийн Засгийн газар байгуулаад эхлэхээрээ бүх амлалтаа мартаж байна. Ийм бэртэгчин байж болохгүй.

 

Түрүүчийн парламентад УИХ-ын дарга З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Фортуна Батбаяр, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын олон гишүүд Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө үгээ хэлж байсан. Өнөөдөр ихэнх нь үүнийгээ мартсан. Харин ББат-Эрдэнэ аварга, Ц.Даваасүрэн нарын хоёр л гишүүн үзэл бодолдоо үнэнч байж, үгээ хэлсээр байгаа. Даанч хүч хүрэхгүй байна.

 

СГЗ Жамъян гуай “Барууны тэжээврүүд энэ төр засагт байхад Монгол өөдтөй нар үзэхгүй нь ээ гэж” хэлсэн. Энэ үг үнэн байж. Өнөөгийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Оюутолгойн гэрээний ажлын хэсгийн ахлагч байсан. Энэ гэрээ байгуулагдахын өмнө Ч.Сайханбилэг С.Баярцогтынхоо ахалсан энэ гэрээг дэмжиж “Эх орончид гэж цээжээ дэлдсэн хүмүүс, популистууд чимээгүй бай. Та нар цагаа тулахаар шантарна. Ирланд Шотландын эх орончдоор жишээ авч байгаад, эд нар Английн цэргүүдийг дайрахад хамгийн түрүүнд зугтсан” гэж хэлж байсан. Үгүй ээ. Бид нар зугтахгүй. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтнүүд цаг нь ирвэл  тэр далайн чанад руугаа зугтаж мэднэ шүү.

 

Оюутолгойн гэрээний анхны тохиролцоогоор бол Монгол улс 2021 оноос ашгаа хүртэж эхлэх нөхцөлтөй байсан. Одоо 4,7 тэрбум нэмэгдэж байхад 2030 оноос нааш ашиг ярих боломжгүй боллоо. Энэ гэрээний 30 жилд Монгол улс ашгийн хувь хүртэж чадах эсэх нь тодорхойгүй. Бид үүнийг хэлэх үүрэгтэй. Ингэж зардал өсгөж, өр нэмэгдүүлж байгаа Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж өргөн барьж байна.

 

 

Эх сурвалж: www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх