Р.Бурмаа: Хууль зөрчсөн бол тангараг өргөсөн байсан ч эргүүлэн татна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 20 ・ 1

УИХ-ын гишүүн, Сонгуулийн ерөнхий хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаатай сонгуулийн санхүүжилтийн асуудлаар ярилцлаа. 

 

-Сонгуулийн хуулиар улс төрийн намын санхүүжилтийг ил, тод болгоно гэж байгаа. Ялангуяа улс төрийн намын сонгуулийн үеийн санхүүжилтийг ил тод, тодорхой болгох шаардлагатай гэдгийг судлаачид хэлж байна. Хуулийн төсөлд энэ чиглэлээр ямар зохицуулалт орж байна вэ?

 

-Сонгуулийн хуулинд сонгуулийн санхүүжилтийн талаар нэлээд нарийвчилсан зохицуулалтыг тусгалаа.  Тухайлбал, хандивлагч хувь хүн болон хуулийн этгээдийн өгөх хандивын хэмжээ, нэр хаяг, тэнд тавих хяналтыг тодорхой болгож өгсөн. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьдаг байсан ч нэр төдий явагддаг байсан. Харин одоо аудитын байгууллага  хяналт тавина. Нэг хүн, нэг нам, эвслээс дээд тал нь ийм хэмжээний мөнгө гарна, энэ хүрээндээ санхүүжилтээ гаргана гэдгийг зааж өгнө. Түүнчлэн өмнө нь өөрийн хөрөнгөөсөө гаргасан бол тэрийг тайлагнах шаардлагагүй байсан. Тэгвэл одоо тайлагнадаг болж байгаа. Хувиасаа мөнгөн болон мөнгөн бусаар хөрөнгө гаргаж, сурталчилгаа хийсэн бол заавал тайлагнана. Тайлагнах үйл ажиллагаа нийтэд ил тод байна. Төрийн бус байгууллагууд, хөндлөнгийн үнэлгээ хийдэг байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхэн авах боломжтой байх юм. Аудитынхан шалгалтын мэдээллээ өөрийн цахим хуудастаа байршуулдаг шүү дээ. Тэгэхээр сонгуулийн санхүүжилт болон хандивын үйл ажиллагаа шилэн дансны зохицуулалтаар явна. 

 

-Улс төрийн намуудын сонгуулийн үед гаргадаг зардлыг аль болох багасгана гэж байгаа. Энэ чиглэлд тодорхой ямар зохицуулалт, хөшүүрэг бий болгох уу?

 

-Сонгуулийн зардлыг аль болох багасгасан байгаа. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн үеэр өндөр үнэ тогтоодог. Үүнийг зохицуулж, сүүлийн зургаан сарын дундаж үнээр тогтооно гэх ч юм уу. Сонгуулийн үеэр аль нэг нам, эвслийг дангаар нь дэмжсэн сурталчилгаа явуулахгүй. Олон нийтийн радио телевизээр үнэгүй хуваарь гаргаж, нэр дэвшигчид болон намууд хуваарийн дагуу сурталчилгаа явуулна. Бусад хувийн болон арилжааны телевизүүд дээр зохицуулалт хийж байгаа. Сонгуулийн зардлыг багасгахын тулд бүх нэр дэвшигчид, нам эвслийн тараах материалыг сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс тарааж өгөх асуудлыг судалж байна. Бүх нэр дэвшигчид олон хүн хөлсөлж аваад, тараах материалуудаа бариад, айлын хаалга тогшдог байдал арилна. Энэ утгаараа зардлыг хэмнэж өгөх зохицуулалт хийнэ. Мөн сонгуулийн үеэр нэр дэвшигчид сурталчилгааны материалаа үнэ төлбөргүй байршуулах сурталчилгааны самбаруудыг тогтоож өгнө. Бүх нэр дэвшигчдэд тэгш боломжийг бүрдүүлнэ. Эндээс их хэмжээний мөнгө хэмнэгднэ.

 

-Намууд сонгуулийн зардлаа хугацаанд нь тайлагнадаггүй, тайлагнасан ч нийт ард түмэн, сонгогчдод бус зөвхөн СЕХ-нд тайлагнадаг. Энэ тал дээр хариуцлагын механизмыг хэрхэн шийдэх бол?

-Сонгуулийн зардлын тайлангаа цаг хугацаандаа гаргаж өгөөгүй буюу худлаа тайлагнасан, эсвэл сонгуульд оролцохынхоо өмнө намынхаа санхүүжилтийн тайланг худлаа мэдээлсэн байвал тэр намыг сонгуульд бүртгэж авахгүй байх зохицуулалт орж ирнэ. Мөн сонгуулийн үеэр хууль зөрчсөн нь сонгуулийн дараа тогтоогдвол тухайн нэр дэвшигч тангараг өргөсөн байсан ч мандатыг нь хүчингүй болгоно. Үүнийг хууль бусаар сонгогдсон гэж үзэж зохицуулалтыг хийж байгаа. Мөн үүнд эдийн засгийн хариуцлагын нэлээд том хөшүүрэг орж байгаа. Буруутай нь тогтоогдоод, дахин сонгууль явах хэмжээнд хүрвэл тэр зардлыг тухайн буруутай этгээдээр төлүүлнэ. Хэн нэгэн нь буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа хийгээд, түүнээс болоод улсын төсвөөс мөнгө гарч, бусад нэр дэвшигчээс бас асар их мөнгө гардаг. Тэгвэл буруутай, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Хууль зөрчсөн эсэхийг чинь сонгуулийн дараа ч бас шалгана. Тэгээд бүх төлбөрийг төлүүлнэ.

 

-Парламентад суудалтай намууд улсын төсвөөс дэмжлэг, санхүүжилт авдаг. Гэвч тэр санхүүжилтийн зарцуулалтууд ил тод бус. Энэ асуудлыг шинэ хуулиар хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Улсын төсвөөс парламентад сонгогдсон намуудад суудлын тоогоор нь мөнгө хуваарилдаг. Гэхдээ зориулалтыг нь тодорхой зааж өгдөггүй. Зориулалт байхгүйгээс энэ мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан бэ гэдгээ эргэж тайлагнадаггүй. Улс төрийн намууд төсвөөс болон хувь хүмүүс, компани аж ахуйн нэгжүүдээс санхүүжилт, хандив авдаг.

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Үл мэдэгч / 2015 06 сар 29/

    Зарим кинонд дэлхийн гэмт хэрэгтэнгүүд мексик рүү л амь тавин зугтдаг, тэмүүлдэг гэвэл зохимжтой юм уу. Тэгвэл манай УИХ ер нэг тиймэрхүү Монгол доторхи Мексик юм уу даа?!

    Хариулах