"Оюу толгойн" далд уурхайг эхлүүлэхийн ийм буулт хийжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 20

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо  Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид  хооронд маргаантай байсан асуудлуудаа тохиролцон шийдлээ. Хоёр жил маргаж байж ийм шийдэлд хүрээд байна.  Тодруулж хэлбэл, Далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан юм. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болж байна. 

Өнгөрсөн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсчихоод байсан.Оюутолгойн ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд бий гэсэн тооцоо байдаг.  Энэ оны эхнээс “Оюутолгой” компани Монгол Улсад татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийт 78.5 сая ам.доллар төлөөд байгаа аж.  Ямартай ч өнөө маргаашгүй учиргүй их доллар цутгахгүй ч оны дараанаас хөрөнгө оруулалт орж  ирж таарна. Туслан гүйцэтгэгч гээд олон компани ажилтай болно. Тэр дундаа Монголын компаниудыг туслан гүйцэтгэгч, бараа нийлүүлэгч, хамтран ажиллах түншээр сонгож ажиллах тал дээр Засгийн газраас анхаарч, хувийн хэвшлийнхнийгээ дэмжих нь л чухал байна.

 

 

Энэхүү төлөвлөгөөг батлангуут "Туркойз Хилл"-ын хувьцаа ганцхан өдөр 20 сая ширхэг зарагджээ. Мөнгөн дүнгээр тооцвол 80-аад сая ам.долларын гүйлгээ хийгджээ . Уначихсан байсан хувьцааны үнэ одоогоор  3.5 хувиар өсч, 4.75 ам. долларын ханштай байна

 

 


Далд уурхайн бүтээн байгуулалтад 6 тэрбум ам. доллар зарцуулна гэсэн урьдчилсан тайлбар явж буй. Үүний 34 хувийг Монгол Улс гаргана. Тэр хэрээр өрийн хэмжээ өсөх ч гацааж, цаг алдаж байснаас урагшуулж байсан нь дээр биз ээ.  Менежментийн  төлбөрийг  далд уурхайн хувьд гурван хувь байхаар тогтжээ.  Энэ удаагийн хэлэлцээрт хөрөнгө оруулагч тал гэдийсэн, манайхан бууж өгсөн нь үнэн. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр бага зэргийн ахиц гарч байгааг үгүйсгэхгүй юм. Магадгүй алдсан хугацааг авч үзвэл тэд биш монголчууд л илүү хохирол амсч ч байж мэднэ.

Хэлэлцээрээр менежмэнтийн төлбөрт нийт борлуулалтын  зургаан хувь байхаар заасан байсныг далд уурхайд 3 хувь болгож бууруулж чаджээ.  Гэхдээ одоо ашиглалтад орсон ил уурхай дээр менежмэнтийн төлбөр нь буураагүй, хуучнаар үйлчлэх аж. Мөн   30 хоногийн дотор "Оюутолгой"  Монголын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгойн цахилгаан станц төслөөс эрчим хүч худалдан авахад шаардлагатай ажлын төлөвлөгөө гаргахаар болжээ.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх