Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 05 сар 20
・ 9
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Монголын улстөрд зайлшгүй байх л ёстой эрхэм гэж өөрийнх нь хамгийн их шүүмжилдэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос эхлээд сүүлийн үед дахин ширүүхэн дайрч эхлээд байгаа “Женко” Х.Баттулга хүртэл нэрлэсэн байдаг. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд бол бараг л “баастай бурхан” гэдэг нь тодорхой.
Хэдийгээр хахир, яхир зантай, хатуу ширүүн үгтэй ч УИХ-ын чуулганы танхимд түүний хэлсэн үг бүрийг Монголын нийгэм болж л өгвөл чагначих гээд байдаг нь ч үнэн. Хамгийн олон жил УИХ-д сууж байгаа, Монголын улстөрийн амьд архив болсон энэ хүн саяхны нэг хурал дээр ихэд хилэгнэж “Дөрөв таван жилийн өмнө төмөр замыг хувийн хөрөнгөөр барихаар болж, хөрөнгөө оруулсан хүмүүст төр нь мөнгийг нь өгөхгүй амиа егүүтгэх үйлдэл хийгээд байж байна, Ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол УИХ нь тараад Засгийн газар нь зайлбал таарна" хэмээн хашхирсан билээ. Түүний энэ үгийг олон хүн “Байрыг нь түрээслэж амьдардаг “Энержи ресурс”-ыг чадлаараа хамгаалж байгаа нь энэ” хэмээн тодорхойлж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Монголын улстөрд үүсээд байгаа өнөөдрийн нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмиратад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Яг үнэндээ Ч.Сайханбилэгийг ямар гэрээ, хойшдоо аль хэр үр дагавартай хэлцэлд гарын үсэг зурчихсаныг нь сайн мэдээгүй л явна. Түүнийг Арабын нэгдсэн Эмират руу явсныг сая л мэдлээ. Ямар тохиролцоо хийгээд, тэр нь Монголд гай болох уу, гавьяа байгуулах уу гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа болохоор одоо дүгнэж хэлэхэд эрт байна. Зөв бурууг нь дүгнэхийн тулд тэр гарын үсэг зурсан бичиг баримтыг нь нягтлан үзэх шаардлагатай л даа. Асуудлын нэг тал нь энэ.
Нөгөө тал нь бол “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэн дээр ямар ч гэсэн ойлголцолд хүрч, эрхбиш урагшаа явах гэж байгаа нь сайн хэрэг. Би 2010 онд энэ төслийн газрын гүн дэх 1.3 км гүн цооног руу орж үзэж байсан юм. Монголд анх удаа хийгдэж байгаа далд уурхай л даа.
“Оюутолгой”-н нийт баялгийн 80 хувь нь далд уурхайдаа байгаа болохоор аль, аль тал нь ахиухан ашиг олъё л гэж байгаа бол далд уурхайгаа хөдөлгөхөөс өөр арга байхгүй. Эрдэнэтээс зургаа дахин их нөөцтэй энэ том ордын нийт баялгийн 80 хувь нь далд уурхайн аргаар гаргаж авах болохоор яах аргагүй өөр сонголтгүй болж байгаа юм л даа.
-Та сая Эрдэнэтээс зургаа дахин их нөөцтэй орд гэлээ. Гэтэл өнгөрсөн онд улсын татварт Эрдэнэт үйлдвэр 420 гаруй тэрбум, харин зургаа дахин их баялагтай Оюутолгой 300 гаруй тэрбум төгрөг төлсөн байна. Энэ шударга хуваарилалт мөн үү?
-Өнгөрсөн онд Эрдэнэт 420 тэрбум татвар төлсөн. Гэтэл ашиглалтад ороод хоёрхон жил болж байгаа “Оюутолгой” 340 тэрбум, өнөөдөр УИХ-ын даргаас эхлээд АН-ын олон гишүүн барьж идчих гээд муулаад байгаа “МCS” 226 тэрбум төгрөг төлсөн байна лээ. Хамгийн гол нь “Оюутолгой”-н нийт баялгийн 80 хувь нь байгаа далд уурхайн бүтээн байгуулалт хоёр жил таг зогссоны эцэст одоо л нэг хөдлөх нь тодорхой боллоо шүү дээ.
Ямар ч утгаараа Монголын талаас улаан мөнгө гаргалгүй эхлүүлсэн ажлын төгсгөлийг үзэх л ёстой. Оюутолгойн талаар байнга хэл ам хийж, муу мэдээ тараадаг хүмүүс энэ УИХ дотор шавааралдаад л сууж байна. Тэд нар одоо их юм ярина. Учир нь зургаахан сарын дараа 2016 оны сонгууль гээд л пижигнэлдэж эхэлнэ шүү дээ. Оюутолгойг Гаагийн шүүхэд өглөө л гэнэ. Гүйцэтгэх захирлыг нь Арбитрын шүүхэд өгнө гэж байна.
Ийм юм байдаггүй л байхгүй юу даа. Гаагийн шүүх бол хүн төрөлхтний эсрэг цэргийн гэмт хэрэг өдүүлсэн алуурчдыг шүүдэг бол, Арбитрын шүүх нь хөрөнгөө оруулсан болон хөрөнгө хүлээж авсан тал хоёрын хооронд маргаан үүсвэл аль нэг тал нь Олон улсын жишгээр асуудал үүсгэж, түүнийгээ шийдвэрлүүлдэг л газар шүү дээ. Ийм байхад юу ч мэддэггүй хүмүүс байгаа юм шиг л цовхчоод байх юм. Энэ мэтчилэн муу улстөр том ордуудыг тойрон үсчсэнээс болоод Тавантолгой, Оюутолгой хоёр дээр хэдэн жил алдаж байна.
Бодох л хэрэгтэй. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэвэл шууд болон шууд бусаар орж ирэх өгөөжөөрөө Монголын эдийн засгийг босгоод л ирнэ. Тэгэхээр сая Ч.Сайханбилэг Монгол Улсын хуулийн хүрээнд, гэрээнийхээ хэмжээнд гарын үсэг зурсан бол муу мэдээ биш гэж үзэж байна. Гэхдээ энд гэж хэлэхэд сүүлийн үед уул уурхайг тойрсон муу улстөр аминд хүрэх тал руугаа явж байгаа шүү.
-Тавантолгойн гэрээг нягтлах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Энержи ресурс”-ын зээл, бондын өр нь нэг тэрбум, 170 сая ам. доллар байна гэж мэдэгдсэн. Үндсэндээ ийм их өртэй компанид Тавантолгойг өгөх лобби явж байна гэх хүмүүс олон байна. Энэ талаар таны бодол?
-Уул уурхайг мэддэг, тэнд хөрөнгөө оруулж олон жил ажилласан хүмүүс “Уул уурхай бол үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг. Том төсөл дээр ажиллаж байгаа компаниуд том, жижиггүй бүгд өр тавьж байж хөдлөдөг” гэх юм билээ. Одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаа эхлэх гэж байгаа Рио Тинто чинь дэлхийн хэмжээний аварга том компани шүү дээ.
Гэтэл тэд нар ч гэсэн дэлхийн банк, санхүүгийн 15 байгууллагаас зээл авах гэж байгаа талаар яриад л байгаа. Монголын компани ороод хийх гэхээр өртэй, зээлтэй, олигархи гэж ад үзээд хийлгэхгүй. Тэгээд гадныхан орохоор “Бидний баялгийг юу ч үгүй цөлмөчихлөө” гээд гасласаар байгаад хөөгөөд явуулчихдаг. Бид ингэж орилолдсоор өнгөрсөн долоон жил юу хожив оо. Одоо эргээд харахад төмөр зам ч байхгүй, мөнгө ч байхгүй сууцгааж байна шүү дээ. Төмөр замыг ганцхан этгээд баллаад хаячихсан.
Монголын гурван сая иргэнийг юугаар, яаж тэжээх тухай ярих ёстой хүмүүс түүнийгээ мартчихаад, шал худлаа орилолдоод ордны улстөр хийж телевизийн камер харахаараа л хүзүүгээ сунгаж дайрсаар байгаад өнөөдөр энэ улс орныг ямар болгоод хаячихав. Бодох л хэрэгтэй. Тавантолгой УИХ дээр орж ирээд гацчихсан нь тун харамсалтай.
Үндсэндээ 1953 онд нээснээс хойш 60 гаруй жил олигтой ашиглаж чадахгүй л байгаа. Тавантолгойг гацаанд оруулсны цаана АН-ын дотоод зөрчил л явж байгаа юм. Энэ хоёр төслөөс гарах бүтээгдэхүүн зөвхөн урагшаа л явна. Гэтэл манай уул уурхайн бүтээгдэхүүнийг авах ганцхан том зах зээлтэйгээ муудалцах, үл ойлголцол үүсэх юмыг л улстөрийн хүрээнд хийгээд байх юм.
Яг үнэндээ энэ Монгол Улсыг ядуу чигээр нь байлгаж байгаад, ард түмнийх нь тархийг угааж байгаад 2-3 удаа УИХ-ын гишүүн болчих санаатай хэсэг бүлэг хүмүүс л өнөөдрийн муу улстөрийг санаатай хийгээд байна.
-Тэгвэл Монголд төлөх татвараа үнэн зөв мэдүүлэхгүй, татвараа төлөхгүй байгаа хөрөнгө оруулагчдыг толгойг нь илээд л байх хэрэгтэй болж байна уу?
-Гадныхныг хөөж тууж болно. Тэд нар чинь дархлагдчихсан амьтад биш шүү дээ. Монголын хуулийг бүдүүлгээр зөрчөөд, ёс бус юм хийгээд байвал хөөх байтугай хэрэг үүсгээд шалгаж нягтлах ёстой. Харин яагаа ч үгүй байхад өмнө нь “баавгайн арьс хуулах”-аа болих хэрэгтэй.
Оюутолгойн төсөл чинь анх 300 гаруй сая ам. доллар оруулаад баахан өрөм тавиад юу ч илрэхгүй, яг буцах гээд хамаг юмаа ачиж байхад нь сүүлд гавьяат уурхайчин болсон Гарамжав “сүүлчийн удаа өрөм тавиад үзье” гээд ганц өрөм тавиад л нээсэн уурхай шүү дээ. Хэрвээ Гарамжав тэр сүүлчийн өрөм тавиагүй байсан бол өнөөдөр улсын төсөвт 340 тэрбум байтугай ганц ч төгрөг орж ирэхгүй, бид Оюутолгой гэж хэрэлдэхгүй нэг бодлын амар байх байж л дээ.
Оюутолгой, Тавантолгой хоёр сайн тал руугаа шийдэгдээд яваасай гэж чин сэтгэлээсээ, ямар нэгэн ашиг сонирхолгүй хүсдэг хүмүүсийн нэг нь би л дээ. Бүр нарийн яривал 2010 онд Оюутолгойн гэрээний Монгол эх дээр нь би яг 45 хоног сууж байсан хүн.
Бүх ажлаа хаяад яг 45 хоног суухдаа цааш цаашдын иймэрхүү том гэрээнд нэг үлгэр жишээ болоосой, санаа сэдэл аваасай, том гэрээг бичгийн хэлбэрт нэг иймэрхүү байдлаар оруулж байгаасай гэсэндээ яс сууж байсан юм. Харин сүүлд нь баахан авлига, хээл хахууль авчихсан юм шиг мөн ч муухай дайралт ирж байсан даа. Ямар ч байсан энэ хоёр том төсөл явах ёстой.
Эдгээрийн цаана манайхан ярьдаггүй Геополитикийн маш том асуудал байдаг юм. Монгол Улс ойрын 30-40 жилд уул уурхайгаа түшиж л хөгжихөөс өөр арга байхгүй. Гэтэл тэр уурхайд нь хэнийг оруулах вэ, хэний эрх ашиг давамгайлж байна. Үүн дээр тулгуурласан төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын эдийн засгийн баталгаа гэдэг юмыг босгож ирэх маш том асуудал явж байдаг юм.
Энэ талаас нь ч харахад Оюутолгойн өнөөдрийн тохиролцоо тийм муу зүйл биш. Анхнаасаа л далд уурхайд нь таван тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай талаар яригдаж байсан. Сүүлдээ янз бүрийн шалтгаанаар хэд хүрэх нь тодорхойгүй болчихсон.
-Далд уурхайд өнөөдрийн байдлаар 500 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо нэмж 4.9 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая гарын үсэг зурсан юм билээ л дээ?
-Одоо яах вэ дээ. Дотоодын улстөрийн тэмцэл, Засгийн газрын ойлгомжгүй байдлаас болоод хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн тал байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ биднээс болоод зохиомол гацаа маш их үүслээ л дээ. Жишээлбэл Оюутолгойн ил уурхайг ашиглалтад оруулах гэж 2012 онд гадныханд баахан урилга өгсөн ч тодорхойгүй шалтгаанаар нээлт нь хоёр ч удаа хойшлоод, ирсэн хүмүүс нь дахиж Монголд ирэхгүй гээд явчихсан тохиолдол ч байдаг юм шүү.
Ингэж алийгаа алдаж болохгүй л дээ. Хөдөлгөсөн л бол хөдөлгөсөн шиг хөдөлгөөд эцсийг нь үзэх хэрэгтэй. Зөвхөн далд уурхайн ажилд нь 1500 Монгол ажилчин ажиллаж байсан гэхээр тэрийг тойрсон шууд бус хөрөнгө оруулалт гэж том юм яваад байгаа биз. Манай үндэсний хэдэн компани Оюутолгойд бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна гээд тооцвол их юм бий. Гэхдээ яг ямар гэрээнд гарын үсэг зурснаа Ч.Сайханбилэг эргэж ирээд танилцуулах юм байгаа биз.
-Оюутолгой 2015 онд 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх юм билээ. Гэтэл татварт ногдох дүн нь ердөө л 320 тэрбум төгрөг байгаа нь шударга хуваарилалт мөн үү. Үндсэндээ борлуулалтын орлогын 10 хувь нь ч Монголд ногдохгүй байна шүү дээ?
-Татварын асуудал байгаа бол талууд ширээний ард сууж ярилцаад л тохиролцох хэрэгтэй л дээ. Оюутолгойн ТУЗ гээд нэг юм байгаа. Манай талын гурван нөхөр үндсэндээ өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийсэнгүй. Анхнаасаа Н.Багабанди, П.Цагаан эд нар бүрэлдэхүүнд нь орж байгуулагдаж байсан. Гэтэл Монгол улсын эрх ашгийг хамгаалах ёстой тэр нөхдүүд үнэндээ хуруугаа ч хөдөлгөөгүй.
Тэр татварын асуудлаар хамгийн их ярих ёстой хүмүүс нь дуугарахгүй байхад эндээс нэг хэдэн хүмүүс л таамгаар хашхиралдаад байгаа. Үнэндээ төлөх ч ёстой юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Одоо тэр халзан Д.Ганболд гээд нөхөр оччихсон л байна лээ. Дахиад шуугиан болоод байхад тэр нөхдүүд үхсэн амьд нь мэдэгдэхгүй яваад л байгаа.
Монголын Засгийн газрыг төлөөлөөд сууж байгаа нөхдүүд нь дуугарахгүй болохоор эндээс хий хоосон хашхиралдаад байна шүү дээ. Би П.Цагааныг тэнд байхад нь маш олон удаа хэлж байсан. “Татварын талаар тийм будлиан байгаа юм уу.
Түүнийгээ нэг тийш болгож Монгол Улсын төлөө дуугараач ээ. Та нар зөвхөн түүний төлөө 30-40 мянган ам. долларын цалин аваад сууж байгаа хүмүүс шүү. Амыг чинь үдчихсэн юм уу. Буруу зөвийг нь ард түмэнд мэдээлэх, ил гаргаж тавих нь та гурвын үндсэн үүрэг шүү” гэж олон удаа хэлж байсан. Оюутолгойн татварын талаар хэн нэгэн хүн нарийн нягтлан шалгахгүйгээр ярьчихдаг зүйл биш.
Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого, цэвэр ашиг зэргийг нь нарийн тооцоолж байж татварын талаар ярих ёстой юм. Ийм юмыг хамгийн гол нь ТУЗ дээр ярих ёстой юм.
Асуудлын гол нь Оюутолгойд Монголыг төлөөлж суугаа гурван этгээд амаа үдүүлчихээд таг дуугүй суугаад байгаагаас л болж татварын маргаан, өөр бусад юмнууд үүсээд байна. Ер нь энэ гурван этгээд энэ хэвээрээ таг дуугүй хэвтээд байвал тэнд байлгаад, зүгээр тэжээгээд байх шаардлага байхгүй.
-Таныг УИХ дээр Тавантолгойн асуудлаар “Энержи ресурс”-ыг чадлаараа хамгаалж байгаа гэх хүмүүс олон байна. Ер нь танд “Энержи ресурс”-ын хувьцаа бий юу?
-Надад ямар юм байдаг юм. Тэрийг чинь таних ч үгүй, за. 2011 онд Ерөнхий сайдыг дагалдан Ухаа худаг дээр очиж байсан. Тэр үед дөрвөн оролцогчтой байсан юм. МSC, Шунхлай, Европын сэргээн босголтын банк, Петровис гэсэн дөрвөн оролцогч ажиллаж байсан. Тэд нар Ухаа худагийн таван хувь дээр ажиллаж байсан юм л даа. Сүүлд нь гэнэтхэн Худалдаа хөгжлийн банк 4.5 хувьтай болчихоод баахан хэрүүл үүссэн. Олон хүнийг хий хоосон хардсан даа.
Гэхдээ дахиад хэлэхэд надад “Энержи ресурс”-ын ганц ч хувьцаа байхгүй. Харин Тавантолгойг зайлшгүй хөдөлгөж байж Монгол Улс өнөөдрийн хүндрэлээс гарах нь үнэн юм. Ухаа худагаас 2012 онд улсын төсөвт 110 тэрбум, өнгөрсөн жил нүүрсний үнэ, борлуулалт нь унаснаас болоод 40 тэрбум төгрөг төлсөн байна лээ.
Улсад оруулж байгаа татвараас нь харвал “Энержи ресурс” яах аргагүй үндэсний том компани. Тэр утгаар нь л би асуудалд хандаж байгаа. Харин өөр ямар ч сонирхол, ашиг сонирхлын зөрчил байхгүй.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.