Я.Содбаатар: Одоогийн парламент, засгийн газарт ард түмэн ч гадаадын хөрөнгө оруулагчид ч итгэхгүй байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 21 ・ 2

ИХ-ын гишүүн Я.Содбаатартай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсэг төслөө хараахан бэлэн болгоогүй байна. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх болсон гэж та үзэж байна уу? 

-Өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг шаардаж байна. Энэ парламент байгуулагдсанаас хойш УИХ-аас Л.Цог гишүүнээр ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдгийг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Тус ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналыг гаргасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бичих ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт анхны Үндсэн хууль батлалцаж байсан болон парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганд багтаан хэлэлцэх ёстой 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нэлээн тооцоо судалгаатай, ард иргэдийн болон эрдэмтэн судлаачдын саналыг сонсож, тусгах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар яригдаж эхэлснээс хойш онол практикийн хурлууд зохион байгуулагдаж байна. Г.Занданшатарын санаачилсан “Үндсэн хууль Зөвлөлдөх ардчилал” олон улсын хуралд Америк, Герман, Швейцар гэх мэт олон орны эрдэмтэд оролцож байр сууриа илэрхийллээ. 

Мөн хэд хэдэн судалгааны баг байгуулагдан ажилласан. Тухайлбал УИХ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтраад “Иргэдийн оролцоотой хууль тогтоох байгууллагыг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэгт эрдэмтдийн баг байгуулж дүн шинжилгээ хийлгэсэн. Тус эрдэмтдийн баг Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой. Ингэхдээ анхны хууль хэрэгжихдээ юун дээрээ алдав, ямар заалтад өөрчлөлт оруулах вэ гэдэгт дүгнэлт гаргасан. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганд багтаан хэлэлцэх ёстой гэж бодож байна. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ судалгаа шинжилгээтэй, нухацтай хандах ёстой гэж хэллээ. Гэтэл яагаад заавал энэ хаврын чуулганд багтаан өөрчлөлтөө батлах нь зүйтэй гэж? 

-Манай улс нийгэм эдийн засгийн уналтын хүнд байдалд орж байна. Үүнээс гарах гарц нь энэ парламент түүхэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь энэ парламентын түүхэн үүрэг гэж би харж байгаа. Наадмаар парламент тараад намар сонгууль хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ парламент байгуулах юм. 

Учир нь бидэнд эрх жилийг хүлээх хугацаа алга. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 2016 оны сонгуулийг бүгд хүлээж байна. Засгийн газраас оруулж ирсэн 2016-2018 оны Төсвийн төсөөллийг оруулж ирэхэд дандаа муу гарч байна. Тэгэхээр бид дахиад нэг жил цаг нөхцөөгөөд, уналтыг зогсоож чадахгүй байдлыг улам дордуулж байхаар эргээд сонгогчдодоо очих ёстой. 

Ард түмэн дүнгээ тавиад, цаашдаа улс орноо авч явж чадах хүмүүсийг сонгох нь зүйтэй. Шинэ парламент байгуулагдаад Үндсэн хуулийн дагуу шинээр засаг төрөө байгуулан ажиллах нь хамгийн зөв гарц гэж харж байна. 

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийснээр эдийн засаг болон нийгмийн хямралаас гарч чадах вэ? 

-Дөрвөн үндсэн чиглэлээр өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна. Нэгдүгээрт төрийн эрх мэдэл хуваарилж байгаа зарчмаа эргэж харах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр дэлхийн нийтийн сонгодог загвар буюу хууль тогтоох, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал гэж бий. Гэтэл манай гүйцэтгэх засаглал нь чадавхаа алдчихсан. 

Гүйцэтгэх дотроо Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хоёр институд бий. Бид сонгодог парламент руу явж байгаа учраас цаашдаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаад, гүйцэтгэх засаглалын томилгоонд оролцдог эрх мэдлийг арилгах хэрэгтэй. Засгийн газар, Ерөнхий сайд дээрээ ачаалал өгөх нь зөв. Ерөнхий сайд, сайд нараа өөрөө сонгодог нэг ёсондоо гүйцэтгэх засаглалын хурдыг нэмэгдүүлж хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. 

Гүйцэтгэх эрх мэдлийг хүчтэй болгох хэрэгтэй. Одоо бол манайд хаана хэн шийдвэр гаргах нь ойлгомжгүй. Шийдвэр гаргасан хүн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Парламент, сайд, аймаг сумын Засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ч шийдвэр гаргадаггүй. Ерөнхий сайд нь би ийм арга хэмжээ авъя гээд зарлахад маргааш нь УИХ, Ерөнхийлөгч нь өөр зүйл ярьж байна. Үүнээс үүдэлтэй манайх маш тогтворгүй Засгийн газар байгуулж байсан түүхтэй. 

110 гаруй хүнтэй парламент байгуулах талаар яригдаад анхны хэлэлцүүлгээр дэмжигдэж байсан 

1992 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын дундаж нас 1.5 жил байна. Маш олон Засгийн газар солигдож үүнийгээ дагаад төрийн бодлого нь савлаж байдаг. Хамгийн тогтворгүй Засгийн газар, хамгийн тогтворгүй бодлоготой, хамгийн найдваргүй түнш гэдэг ойлголт бий болсон. 

Үргэлжлэлийг эндээс 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 23/

    Түрүүчийн уншигчийн сэтгэгдлийг дэмжиж байна. Хувийн эрх ашиг, шуналаасаа болоод МАН -аас сонгогдсон энэ мэт жуликууд улсын хөгжилд маш их дэгээ тавьж байгаа шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 21/

    Засгийн газрыг ажлыг нь хийлгэхгүй, хийсэн ажлыг нь нураах ажлыг Ян овогт чамаас эхлээд танай МАН-ыхан улайрч байгаа шүү дээ.Улс орныг ийм хүнд байдалд оруулах ажлыг МАН-ыхан хийсэн шүү

    Хариулах