Ж.Энхбаяр: Бид 35 хүрсэн бас байр сууриа ч тавьж өгсөн

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 21

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Өнгөрсөн удаагийн сонгуулийг холимог системээр явуулж, намын жагсаалтаар ард түмний сонгоогүй улс төрчдийг оруулж ирсэн. Таны бодлоор холимог системээр сонгууль явуулах нь манайх шиг цөөн хүн амтай улсад хэр  нийцтэй вэ?

- Сонгуулийн систем өөрөө олон төрөл байдаг. Улс үндэстэн бүр өөрийн нийгэм, эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалдаа тохируулаад системээ сонгож хэрэглэдэг. Өнөөдөр  монгол улсад ямар нөхцөл байдал үүсээд байна вэ гэдгийг бодож үзэх ёстой.

Өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол эрдэс баялаг, Оюутолгой, Тавантолгой, татвар, гадны хөрөнгө оруулалт, эдийн засгийн уналт, өсөлт, уул уурхай гээд түүнийг тойрсон шийдвэрүүд. Энд цаашдын ирээдүйтэй холбоотой хамгийн чухал асуудлууд яригдаж байгаа болохоор хүн бүр  хувь нэмрээ оруулж, өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна. Зарим нь зөв, буруу гэж талцсаар толгой нь эргэчихээд байх шиг байна.

Гэтэл эрдэс баялаг бол эцэг өвгөдийн минь цус хөлсөө золин байж олж ирсэн газар нутаг, газар шороон доор байгаа нөөц. Үүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг дээр улс төржилт, хэрүүл тэмцэл явагдаад байна. Өнгөрсөн сонгууль бидэнд ард түмний сонголт хийлгэх нь хамгийн зөв юм байна гэдгийг ойлгууллаа. Нөгөөтэйгүүр бидний давуу тал цөөхүүлээ учраас улс төрчдийг ард түмнээрээ шүүлгэх нь өнөөдөр бий болсон асуудлыг шийдвэрлэхэд амин чухал ач холбогдолтой юм.

- Гэтэл ард түмний санал асуулгыг явуулахад 8 тэрбум 30 сая төгрөг хэрэгтэй гээд СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц. Болдбаатар мэдэгдчихлээ. Эсрэгээрээ ирэх сонгуулийн төсөв 16 тэрбум төгрөг гэх?

- Өнөөдөр Монгол Улсад мэдээлэл технолгийн салбар харьцангуй хөгжчихсөн байна. Саяхан засгийн газраас "Оюутолгой, Тавантолгой ордуудаа ашиглалтад оруулах уу" ашиглах уу гээд санал асуулга явуулсан. Энд нэг төгрөг ч зараагүй. Эрдэс баялгийг ашиглахад санал асууж болсон юм байна, улс эх орныхоо ирээдүйн төлөө саналаа өгч бас болно доо. Энд мөнгөний асуудлаас илүү улс төрийн хүсэл зоргийн асуудал яригдаж байна гэсэн үг.

- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулахаар болчихлоо. Энэ ордыг ашиглаад эхлэх үед хуучин ажиллаж байсан уурхайчидаа эргүүлэн татах боломжтой юу? Эсвэл дахиад шинээр боловсон хүчин, ажиллах хүчин сонгон шалгаруулах юм болов уу?

- Оюутолгой бол том төсөл. Тэр утгаараа гарын үсэг зураад, маргааш нь хөдлөх асуудал биш. Ер нь бол Оюутолгой халсан ажилтнуудаа эргүүлж авахгүй л болов уу? Нарийн технологи шаардсан гүний уурхай учраас мэргэжлийн ажилчид их шаардана. Тэр талаасаа дэлхийн хэмжээнд л боловсон хүчнээ эрж хайх байх.

Нөгөө талаас урд нь ажиллаж байсан хүмүүсийн дийлэнх нь өөр, өөр төсөл хөтөлбөр, ажил руу шилжээд явчихсан учраас дахиад л цаг алдсан том ажлууд хийгдэнэ. Гэхдээ урд нь ажиллаж байсан туршлагатай, бэлтгэгдчихсэн залуучууд маань буцаж ирвэл хаа, хаанаа хэрэгтэй юм.

- Боловсон хүчин гэснээс МАН-ын ирээдүйн улс төрчид, боловсон хүчнүүд НАМЗХ-д бэлтгэгддэг гэдэг. Гэтэл улс орны хувьд хамгийн чухал асуудлууд шийдвэрлэгдэж байгаа энэ үед Ардын намын олонхийг бүрдүүлж байгаа залуучуудын дунд 35 наснаас үүдсэн хагарал гарч байгаа нь хэр зохистой вэ?

- Туйлын зохисгүй, хариуцлагагүй үйлдэл. Энэ бол намын эв нэгдэлд шууд хор хөнөөл учруулах үйл явц болж байна. Шулуухан хэлэхэд залуучуудын байгууллагыг бужигнуулж байгаа цөөн тооны улсууд байх шиг байна.

Энэ байгууллага бол залуучуудын том улс төрийн сургууль байх ёстой. Түүнээс залуучуудын байгууллагын нэрээр улс төрийн ашиг хонжоо олдог, эрх мэдэлд хүрэх арга биш. Мөн МАН социнтерний гишүүн намын хувьд ч насны дээд хязгаар  35 хэвээр нь үлдээж залуучуудын байгууллагыг залуучуудад нь үлдээх нь зүйтэй.

Учир нь 35 хүртэлх насны залуучууд айх эмээхийг мэдэхгүй, ямар ч шунал хэнээрхэлгүй хийж бүтээе гэсэн эх орныхоо төлөө халуун сэтгэлтэнгүүд байдаг. Тийм ч учраас 35 хүртэлх насны залуучуудыг энэ байгууллагын гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцдог байх эрх зүйн зохицуулалтыг бид хийсэн.

35 нас хүрээд бид ч мөн дараагийн үедээ зайгаа тавиад гарсан. Харин дараагийн үеийнхэн маань энд алдаад байх шиг байна. Угтаа залуучуудын байгууллага бол МАН-ын үнэт зүйл. Энэ үнэт зүйлийг хамгаалахын төлөө бид дуугарах болно. Байр сууриа илэрхийлэх болно. Энэ залуучуудын байгууллагын эв нэгдлийг бусниулах, хагалахыг оролдсон аливаа үйлдэлтэй эрс хатуу тэмцэнэ.

Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.today.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх