Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 24
・ 1
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалынхаа үеэр гарын үсэг зурсан Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын төлөвлөгөөг УИХ- ын гишүүдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ үеэр гишүүд сонирхсон асуултаа тодруулсан бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар хариуллаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Л.Энх-Амгалан:- Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсон уу. Оюутолгойтой хийж байгаа анхны хөрөнгө оруулалтын хэтэрсэн зардал болох хоёр тэрбум ам.долларын маргааныг яаж шийдвэрлэж байгаа вэ. Зургаан тэрбум ам.доллар яг бүтээн байгуулалтад шаардагдах уу. Үүнийг яаж шийдэв. Эцэст нь яагаад Дубайд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зурсан юм бэ. Монголдоо зурж болоогүй юм уу?
-Ч.Сайханбилэг:- Хэлэлцээ явж байхад янз бүрийн мэдээлэл өгөх боломжгүй байлаа. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Аль, аль талдаа өөрчлөлт оруулах “Хүслийн жагсаалт” их байгаа. Гэвч, Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэрэггүй гэж үзсэн. Хоёр тэрбум ам.долларын маргааны асуудлыг шийдэхгүй бол хэрүүлийн мөнхийн сэдэв болж магадгүй. Хоёр талаасаа нэлээд ажилласан. Менежментийн төлбөрийг 1.2 тэрбум ам.доллараас тооцъё, бусдаас нь тооцохгүй гэж шийдсэн. Юу шийдсэн бэ гэдгийг та бүхэнд мэдээллээ. Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардах хөрөнгийг тэр чигтээ уурхайд зарцуулна. Хэлэлцээг яагаад Дубайд хийсэн бэ гэдгийг тайлбарлая. Өнгөрсөн хугацаанд талууд Лондон, Улаанбаатарт хэлэлцээ хийсэн. Хамгийн сүүлд Дубайд хийсэн. Дубайд төлөвлөгөө байгуулсан нь байршлын хувьд зөв гэж тооцсон. Учир нь, Дубай өөрөө олон улсын санхүүгийн төв. Дэлхийд эерэг мэдээ болж очно, олон улсад очих мессеж зөв, хурдан хүрнэ гэж тооцсон.
-О.Баасанхүү:- Далд уурхайн ТЭЗҮ-г батлаагүй байхад төлөвлөгөөг яагаад баталсан юм. Төлөвлөгөө Арбитрын шүүхэд очвол эрх зүйн баримт болох уу. Ер нь Засгийн газрыг төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ. Та Монголын талд ажиллаад байна уу, өөр талд ажиллаад байна уу. Хэлэлцээр юм уу, хэлцэл юм уу, гэрээ юм уу.
-Ч.Сайханбилэг:- Ч.Сайханбилэг гэдэг хувь хүнийг доромжилж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ. Оюутолгойг улс төрийн асуудал болгохоо больё. Эдийн засгийн харилцааны асуудал гэж харах хэрэгтэй. Компани хоорондын асуудлыг улстөржүүлэхээ зогсооё. Би Оюутолгойн гэрээг зурах гэж Дубай яваагүй. Миний айлчлал ҮАБЗ-өөр орсон. Үүний дагуу би айлчлал хийсэн. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Хэд, хэдэн чиглэлээр хамтарч ажиллах асуудлыг ярилцсан. Эхний ээлжид нэг сая толгой мал, цаашид таван сая толгой мал экспортлох, төмөр зам, дэд бүтцийн том, том төслүүдэд ажиллая гэдгээ арабууд илэрхийлсэн. Айлчлал амжилттай болсон гэдгийг танд хэлэхийг хүсч байна. ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг Д.Ганболд, Б.Бямбасайхан захирал тайлбарлах байх. Хамгийн гол нь Оютуолгойн далд уурхайн ажил явна гэсэн мэдээллийн дараа эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг хэлье. Засгийн газрын бондын хүү “Чингис бонд”-ын хүү рүү дөхөж очсон. Өнөөдөр дөрвөн хувь руу ороод ирлээ. ХХБ-ны гаргасан бонд ес гаруй хувиас долоон хувь руу буурлаа. Ам.долларын ханш 1920 төгрөг рүү орлоо. Бид үүнийг л хүсч байсан. Би Монгол Улсын талд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар гарын үсэг зурдаг. 2009 онд гурван сайд Монгол Улсыг төлөөлж, гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөнд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал зурсан.
-Д.Ганболд:- ТЭЗҮ бол байнга өөрчлөгдөж байдаг баримт бичиг. Маргаантай асуудал олон байсан. Эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг “Рио-Тинто” өөр маягаар тооцож ирсэн. Зарим нэг зардлаа хасч тооцоод байсан учраас маргаан үүссэн. Татвартай холбоотой нэлээд олон маргаан үүссэн. Тиймээс ТЭЗҮ-г манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Гүний уурхайн төлөвлөгөөг зурсны дагуу бүгдийг нөхөж, зарчмын өөрчлөлт оруулаад Эрдэс баялгийн зөвлөлд өгнө. Томоохон өөрчлөлт хийхгүй.
-О.Содбилэг:- Анхны гэрээнд өөрчлөлт орсон юм уу. Ерөнхий сайд “Эрдэнэт” үйлдвэртэй холбон ярьж байна. Энэ бол өөр асуудал. Оюутолгойн асуудалд засаглалын хувьд тодорхойгүй харагддаг. Таныг “Рио-Тинто”-гийн захирлын гал тогооны өрөөнд тав хоног хэлэлцээ хийгээд санаагаа олж авсан. “Рио-Тинто”-гийн есөн настай охин нөлөөсөн гээд мэдээлээд байна. Монголд шууд өгөөж нь хэзээнээс мэдэгдэж эхлэх вэ.
-Ч.Сайханбилэг:- Хэлэлцээрийг “За, за явуулчихъя” гэж хэзээ ч асуудалд хандаагүй. Санхүүгийн модел дээр дэлхийд алдартай компани туслалцаа үзүүлж байгаа. Хоёр тал тусдаа хоёр өөр тоо ярьдаг байсан. Одоо хоёр тал яг ижилхэн тоо ярьж байгаа. Төслийн үр өгөөжийн 54 хувь нь Монголын талд ногдоно гэдгээ тайлбарласан. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Монголын тал өнөөдрийг хүртэл “Оюутолгой” дээр хяналт тавьж чаддаггүй байсан нь үнэн. Одоо монголчууд өөрсдөө хяналтаа тавиад явна. “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ нь энэ асуудлыг хариуцах юм. Засгийн газар, улстөрчид нь бүх асуудалд оролцохоор ямар байдал үүсдэгийг бид харсан. Хэлэлцээрийг айлын гал тогоонд хийдэггүй юм. Есөн настай хүүхэд оролцдоггүй юм. Ийм уянгын халилтай юманд итгэж болохгүй. Оюутолгойг дайны тайлбар гэж харж болохгүй. Өнөөдрөөс Монголын компани гэж ойлгох ёстой. Бид “Рио-Тинто”-д ч хэлсэн. Бид нэг завинд суусан хамтрагчид гэж. Манай улсад жилд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэх ёстой.
-С.Ганбаатар:- Танд Сайханбилэг гэж гоё нэр өгсөн шүү дээ, уг нь. Төлөвлөгөөг гэрээ биш гэж үзэж байгаа бол Арбитрын шүүх дээр хүлээж авах уу. Та бултахгүй хариулаарай. Хоёрдугаарт, дандаа гэрээний заалтууд орж ирж байна. Хоёр тэрбум ам.долларын зөрчил байна. Түүнийг яаж шийдвэрлэсэн юм. Зургаан тэрбум ам.долларын өр авснаа юу гэж тайлбарлах вэ. Биднийг барьцаанд тавьсан шүү дээ, та. Бидний газар, нутаг, лицензийг барьцаанд тавьсан. -Ч.Сайханбилэг:- Ганбаатар гишүүнээ та бас нэрээ бодоорой. Өнөөдрийг хүртэл та баатар шиг явсан. Та миний нэрнээс эхэлсэн учраас таны нэрнээс бас эхэлж байна. Энэ төлөвлөгөөг нуусан юм байхгүй. Zasag.mn дээр тавина. Талуудын гарын үсэг зурсан албан ёсны баримт бичиг мөн.
-Б.Бямбасайхан:- Олон улсын арилжааны банкуудаас 4.2 тэрбум ам.долларыг авч байгаа. “Рио-Тинто” өөрөө баталгаа гаргаж авч байгаа юм. “Оюутолгой” өрөө төлнө. Далд уурхайн бүтээн байгуулалтад мөнгөө бүрэн зарцуулна. Баталгааг нь гаргаж авсан. Долоон жилийн турш “Туркойз Хилл Ресурс” “компани энэ зээлийн хариуцлагыг хүлээх юм. Хэрэв мөнгө төлөхгүй бол “Рио-Тинто” компани хариуцна. -Б.Бат-Эрдэнэ:- Ерөнхий сайдыг нисэх буудал дээр мэдээлэл хийхийг харсан. Ер нь энэ асуудалд яаралтай ажлын хэсэг гаргавал яасан юм бэ. -Ч.Сайханбилэг:- Миний хувьд далд уурхайн бүтээн байгуулалт явах болсонд маш их баяртай байгаа. Сэтгэл өндөр байна. Өнөөдрийн зэсийн үнэ цэнээр тооцоход монголчуудын хүртэх өгөөж 54 хувь байгаа. Оюутолгойн төлөвлөгөөг баталснаар эерэг үр дүн нь эхнээсээ мэдэгдэж байна шүү дээ. Австрали улс өнөөдөр Монголд Элчин сайдын яамаа байгуулъя гэсэн хүсэлт илгээж байна. Арабын нэгдсэн Эмират улс бас хүсэлт тавьсан байгаа.
-Д.Тэрбишдагва:- Эхнээсээ тааруухан гэрээ байсан. Тэр үед Оюутолгойн гэрээг буруу, зөрүү хийлээ гэж шүүмжилдэг байсан. Ерөнхий сайд та их эмзэглэж байна. Өмнө нь хийсэн гэрээг сайжруулсан гэлээ. Хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар жилд орж ирнэ гэсэн. Үүнийг ойлгохгүй байна. Хоёрт нь, Өмнөговьтой холбоотой асуудал байна. “Эрдэнэт” гээд сайхан хот байгуулсан. Өмнөговь дээр хот бүтээн байгуулалт босох уу.
-Ч.Сайханбилэг:- Надад эмзэглэсэн зүйл байхгүй. Асуултад хариулаад явж байна. Өнөө маргаашдаа татварт төлөх 30 сая ам.доллар орж ирнэ. Рояалти татвартай холбоотой 10 сая ам.доллар орж ирнэ. Энэ мэтээр залгуулаад мөнгө орж ирэх байх. -З.Энхболд:- Таван сая ам.доллараар хот барихгүй шүү дээ. Сумын төвийг ч тохижуулж чадахгүй.
-Д.Ганболд:- Хот барих асуудал Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар явна. Ханбогд маргааш гэхэд өнөөдрийн “Эрдэнэт” шиг болчихгүй нь ойлгомжтой. Эрдэнэт хот өнөөдрийн хөгжилд хүрэх гэж 35 жилийг зарцуулсан. Жил болгоны таван сая ам.долларын туслалцаа дэмжлэгтэйгээр хот болох процесс өрнөнө. Тусгай төлөвлөгөө гаргаад явах байх. “Оюутолгой” компани дангаараа хот байгуулах асуудлыг шийдэхгүй гэж амаараа ярилцсан. Ойрын 25 жилийн дотор хот байгуулна гэж тооцвол илүү бодитой юм.
Д.Сарангэрэл: -Монгол Улсын Засгийн газар ард түмнээ талцуулах хэрэггүй гэж бодож байна. Ерөнхий сайд Сайханбилэг Монголын ард түмнийг төөрөгдөлд оруулж болохгүй. Гадаадад хийсэн ажлынхаа тайланг хүмүүсийг ойлготол мэдээлэл өгөөсэй гэж бодож байна. Сэтгэл хангалуун байгаа ажлаа олон нийтэд маш ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Миний ойлгосноор 1.2 тэрбум ам.доллар жилдээ орж ирэх юм байна, зөв үү.
-З.Энхболд: -Телевизээр чуулганы хуралдаан шууд яваа. Тайлбарлах ажил явж байгаа гэж хэлж болно.
-Ч.Сайханбилэг:- Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар ил тод нээлттэй мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна.
-Ц.Даваасүрэн:- Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.5 тэрбум ам.доллар гэж байсан. Гэтэл яагаад дөрвөн тэрбумаас дээшээ болчихов. Зээлээр өр төлнө гээд байхад яагаад та баяртай байгаа юм бэ. Энэ чинь хөрөнгө оруулалт юм уу, зээл юм уу. Зардал дээр хөрөнгө оруулалтыг нэмээд гурван хувь авсан, зардлаас зургаан хувь авсан ялгаагүй шүү дээ. Таны хэлж байгаа шиг өгөөж хаана байна. Баярцогтын хэлж байгаа шиг 54 хувийн өгөөж харагдахгүй байна. Зарим хүн толгойгоо тавьдаг. Өнөөдрийг хүртэл би хүний толгой аваагүй байна. Өгөөж гэдэг өөр. “Эрдэнэт” шиг 100 мянган хүнтэй хот байгуулахыг хэлдэг юм.
-Ч.Сайханбилэг:- Миний эмоциор оролдох яах вэ. Эх орноороо оролдмооргүй байна. Ам.долларын ханшаа тавьж тууя гээд байгаа юм уу. Хөрөнгө оруулалт хасах руу орсон. Хөрөнгө оруулалтын өгөөжийг Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр тооцоод гаргадаг юм биш. Оюутолгойн төслийг хэрэгжүүлснээр Монгол хожно. Та хар. -Л.Цог:- Энийг харахад зээл авч байгаа юм байна. Уг нь авах ёсгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.доллар гэж заасан. Гэсэн мөртлөө гэрээнд өөрчлөлт ороогүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Хоёрдугаарт, зээл авахдаа лиценз, ордоо тавьсан уу? -Ч.Сайханбилэг: -Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл аль, аль талд байсан. Хоёр талаас тавьсан хүслийн жагсаалт хэзээ ч бүтэхгүй учраас далд уурхайн төлөвлөгөөг баталсан юм. Монгол Улс төслийн 54 хувийн үр өгөөжийг хүртэх ёстой гэсэн үүднээс төлөвлөгөөг байгуулсан.
-Б.Бямбасайхан: -Банкны зээлүүд Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу яваа. Зээлийн барьцааны талаар ярья. Мэдээж хэрэг, Засгийн газар ямар нэгэн баталгаа гаргаагүй.
-Д.Батцогт:- Гэрээний процесс яаж явсан юм. Аль, аль заалтад буулт хийсэн юм гэдгийг хоёр захирлаас асуумаар байна. Юугаараа давуу, юугаараа алдсан юм бэ.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.