Г.Дэнзэн: Би бохир улс төрийн золиос болсон

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 27

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнтэй ярилцлаа.

 

-”АТГ-т шалгагдаж байсан Г.Дэнзэн Герман руу зугтжээ” гэсэн мэдээлэл хэдэн сарын турш хэвлэлийн хуудаснаас салаагүй. Харин сүүлийн хэд хоног энэ мэдээлэл “Дэнзэн Германаас иржээ” гэсэн мэдээгээр солигджээ. Хэзээ Германаас ирэв ээ?

 

-Германы Дюссельдорф хотод математикийнхаа чиглэлээр мэргэжил дээшлүүлэх дөрвөн сарын сургалтад суучихаад, ирээд хэдхэн хонож байна. Хэвлэлээр шуугисан шиг зугтаагүй, мөн АТГ болон ямар ч хуулийн байгууллагаас намайг дуудаж шалгаагүй. Эрэн сурвалжилж байгаа гэдэг бол бүр худлаа. Тийм болоод л одоо чиний өмнө сууж байна.

 

-Уучлаарай, АТГ-аас зугтаагүй юм бол энд яагаад таныг оргон зайлсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм бэ?

 

-Одоо та бүхэнд шалтгаан нь ойлгомжтой болж байгаа болов уу. Үйл ажиллагаа нь эрс сайжирч, олборлолт борлуулалт нь хэд дахин нэмэгдсэн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийг төрийн луйварчид баллаж дуусгахаас нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг “найруулгатай” жүжиг ид өрнөж байгаа. Үүнийг бүгдээрээ л харж байна. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа л төдий юм.

 

Үнэндээ би “ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна.

 

-Та их бухимдалтай байгаа юм аа даа?

 

-Би одоо 27 настай, залуу хүн. Аливаа юманд хэм хэмжээ гэж байдаг. Эхний удаа хүмүүсийн зөвлөсний дагуу “улс төр юм даа” гээд дуугүй золиослогдоод өнгөрөөсөн. Гэтэл энэ удаа арай л хатуудаж байна. Миний амьдрал, хийж бүтээх бүхэн урд маань байна. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор зүтгэж эхлэх насан дээрээ бохир улс төрийн золиос болж, амьдарч буй нийгэмдээ буруутан болж харагдахыг ямар залуу хүн хүсэх вэ дээ. Өнөөдөр намайг золигт гарган бохир улс төр хийж байгаа “ах” нараас 27, 28-тайдаа та нарыг хувьсгал хийж байхад чинь өмнөх үе чинь ингэж зүхэж золиослож байсан уу гэх мэт олон зүйл асуумаар л байдаг. Бухимдал гэж илэрхийлэхэд ч багадмаар хэцүү цаг үеүдийг туулж байна. Бид залуу гэр бүл, хүүхдүүд өсч том болж байна. Огт хамаагүй зүйлсээс болж хүн бүрийн харцанд зэмлүүлж амьдарсаар байх уу гээд олон бухимдмаар зүйл байна даа. Маш их зүйлийг тайвнаар хүлээж аван хүлээцтэй хандахыг л хичээх юм.

 

-Гэхдээ огт хаа хамаагүй залууг нийгмийн муу дүр болгож зарлаагүй ш дээ. Та бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн. Хүргэнээ төрийн тэр том албан тушаалд томилсон нь олз болж эхэлсэн юм биш үү?

 

-Нэгдүгээрт, Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш гэдгийг дахин хэлье. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу.  Н.Алтанхуяг даргатай бол бүр 2007 оноос хамт ажиллаж байгаа. Түүх нь гэвэл УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа сургуулиа дөнгөж төгссөн намайг багшаар минь дамжуулан дуудаж уулзаад, “Надад гурван бодлого байна. Энэ гурван бодлогыг бодоход чи туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Би ч “За” л гэсэн. Бид хоёрын танилцсан түүх энэ. 

 

-Ямар гурван бодлого вэ?

 

-Эхнийх нь төрийн албан хаагчийн цалинг 500 мянган төгрөг болгох тухай байсан. Нөгөө хоёр нь Оюутолгой, Тавантолгой дээр тооцоо бодож, математик загвар боловсруулах гэсэн ийм гурван бодлого л доо. Бодох нь ээ, хэрэглээний математикч болохоор надад хандсан нь тэр байж. Аливаа байгалийн шинжлэл, физик, механик, эдийн засгийн аливаа үзэгдэл, процессийн математик загварыг дифференциал тэгшитгэл байдлаар томъёолж боддог. Бодит амьдрал дээр аливаа тэгшитгэлийн шийдийг олоход хүнд, стандарт бус хэлбэртэй байдаг. Иймд  энийг нь тооцон бодох аргаар боддог юм л даа. Бас миний мэргэшсэн салбар бол оптимизаци. Энэ чиглэлээр мэргэшсэн болохоор тэр гурван бодлогыг нь бодъё, чадна гэсэн. Тэгээд математик загварыг нь боловсруулахаар болсон. Ингээд би УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан болсон. Тэр үеэс судалгаа, шинжилгээний ажлаа хийж эхэлсэн. Ингэж явсаар 2008 оны сонгуультай золгосон юмдаг. Сонгуулийн дараа би ажлуудаа дуусгаж, тодорхой үр дүнд хүрчихсэн байсан. Тэгэхэд Н.Алтанхуяг дарга намайг “Энэ нөхөр хийвэл хийдэг юм байна. Үр дүнг нь гаргачихдаг юм байна” гэж үнэлсэн юм болов уу, 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа намайг зөвлөх, дараа нь ахлах зөвлөхөөрөө ажиллуулсан. Тэгээд л 2012 оны сонгууль болж, түүнээс хойшхийг нь хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ.

 

-Тэгээд яаж яваад даргатайгаа ураг төрлийн холбоотой болчихсон юм бэ?

 

-Намайг Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх үед буюу 2011 онд гадаадад сургууль төгссөн боловсролтой нэг бүсгүй Н.Алтанхуяг даргын зөвлөхөөр ажилд орсон. Залуу хүмүүс танилцсан, үерхсэн, нэг нэгэндээ татагдсан. Бусад залуусын адил л бид хоёр учирсан.

 

-Анх танилцахдаа хамаатан гэдгийг нь мэдээгүй юм уу?

 

-Мэдээгүй. Найз охин маань ч би хамаатан нь гэж хэлээгүй. Дараахан нь хамаатан гэдгийг нь мэдсэн. “Дэнзэнгийн хадам аав” гэдэг яриа бол ийм л түүхтэй. Ер нь бол даргатайгаа хамаатан болж болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ. Гэхдээ Н.Алтанхуяг дарга бид хоёр хамаатан боллоо гээд өмнөх харилцаа огт өөрчлөгдөөгүй. Ажил хэргээ зөвшилцдөг, ярилцдаг, заадаг, зөвлөдөг яг ямар байсан тэр янзаараа л үргэлжилсэн.

 

-Наадах чинь үнэн үү. Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болонгуутаа л чамайг хамаатан нь учраас ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон биз дээ. Зүгээр нэг Дэнзэн, хамаатны залуу Дэнзэн хоёрт яаж ч бодсон ялгаа байгаа байлгүй дээ?

 

-Хүмүүс тэгж боддог, харддаг, бүр ярьдаг. Үнэндээ тийм юм огт байхгүй. Би бас АН-ын ҮЗХ-ны гишүүн хүн. Өмнө нь улс төрийн албан тушаал хашиж явсан туршлага ч бий. Энэ чухал биш юм гэхэд надад бас багахан ч гэсэн давуу тал байсан болов уу. 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед яг Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан хүн манай намаас гурав, дөрөвхөн байдаг юм. Тэдний нэг нь би. Тийм болоод л Засгийн газрын үйл ажиллагааг мэддэг, дотоод зохион байгуулалт, процесс, дүрэм журмыг нь дахин судлах шаардлагагүй болохоор намайг ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байх. Тэр үед ЗГХЭГ-ын дарга нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Н.Алтанхуяг дарга, Ч.Сайханбилэг дарга хоёр “ЗГХЭГ-ын дэд дарга болж залуу хүний эрч хүчээр шинэлэг ажлууд хийгээч ээ, нам, бүлэг, ажлын албан дээр ажиллаж байсан шинэлэг арга барилаа нэвтрүүлэх гэж оролдооч ээ” гэж л санал тавьсан. Ингэж би 2012 оны есдүгээр сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон. Тэнд есөн сар ажилласан.

-Энэ богино хугацаанд яагаад тийм олон хүний дургүйг хүргэсэн юм бэ. Ер нь бол энэ есөн сарын хугацаанд Г.Дэнзэн шиг муу хүн Монголд байгаагүй ш дээ. Би санаж л байна. Одоо ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга хийж байгаа, тухайн үед ч энэ албыг хашиж байсан Ш.Солонго “Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд ирээд төрийн албыг самарч байна даа” гэсэн халагласан утгатай ярилцлага хүртэл өгч л байсан. Чи яг юу хийчихсэн юм бэ?

 

-Би ЗГХЭГ-ын дэд дарга болчихоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Угаасаа дэд даргын хариуцдаг ажлууд л даа. Эхнийх нь Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар. Нөгөө нь Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар юм. Яахав залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж нэлээд оролдсон. Үнэхээр тэгэхээс ч өөр арга байгаагүй. ЗГХЭГ гэдэг их хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Тиймээс би эхлээд энэ хөшүүн хойрго байдлыг нь засъя, шинэлэг хэлбэрээр ажиллая гэж бодсон, зорьсон. Зорьсон зарим ажлаа ч хийж чадсан. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань ч одоо үргэлжлээд явж байгаа байх. Ганц нэгийг нь одоо хэлж болно биз дээ.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх