Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 06 сар 03
Монгол Ардын нам “Бид хамтдаа” аяны нээлтийг Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Зургаан сарын хугацаанд үргэлжлэх аяны зорилго нь Монгол Ардын нам ард түмний саналд тулгуурлан мөрийн хөтөлбөр боловсруулах юм. “Бид хамтдаа” аянаар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж, иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нээлттэй сонсох аж. Аяны нээлтийн ажиллагааны үеэр Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ард түмэнтэйгээ Ардын нам хамтдаа байх утгыг тээсэн “Бид хамтдаа” аяны нээлтийг албан ёсоор хийж байна. Өнөөдөр улс орноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах тухай, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, Оюутолгой, Тавантолгой зэрэг улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх энэ эгзэгтэй цаг мөчид Монгол Ардын нам Монгол улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын ачааг нуруундаа үүрч, алдаа оноогоо ард түмэнтэйгээ хуваалцаж ирсэн улс төрийн хүчний хувьд Монголынхоо нийт ард түмэн, иргэд сонгогчдодоо хандаж байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг өвөг дээдсийн минь мэргэн үг бий. Олон түмний санаа бодол, захиас даалгавар, зэмлэл шүүмж, Монгол Ардын намын алдаа, оноог тэгшитгэж, их зөв үйлсийн төлөөх зүтгэлд нь ташуур болно гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Ардын нам бол улс орныхоо эрх ашгийн дээр амин хувийн эрх ашиг болон ямар нэгэн фракцийн эрх ашгийг тавьж байсан түүх үгүй. Ийм туршлага байхгүй. Ийм жудаг байхгүй улс төрийн хүчин. Монгол Ардын намд улс орны, ард түмний эрх ашиг нэгдүгээрт байдаг гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна” гэлээ. Мөн энэ үеэр Монгол Ардын намын удирдлагууд нийслэл, орон нутгийн төлөөлөгчдөд ард түмэндээ илгээж байгаа захидлыг гардуулж өгсөн юм. Монгол Ардын намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн амжилттай болж өнөөдөр өндөрлөнө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.