Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 08
・ 1
Удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийн 70200 төгрөгийн сураг өнгөрсөн пүрэв гарагт гарч оюутнууд бөөн баяр хөөр болов. Сангийн яамнаас ирэх сарын 1-нд шилжүүлнэ гэж байсан ч гэнэтхэн л манай дансанд мөнгө нь ороод ирсэн болохоор холбогдох газрууд руу нь шилжүүлчихсэн хэмээн Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн хэлж байлаа. Энэ удаад сурлагын амжилт нь 3.0-аас дээш голч дүнтэй 44 мянган оюутан 1-3 сарын тэтгэлгээ авч буй юм. Ямартай ч сургалтын төлбөрөө төлж дуусгаад бүтэн нойртой хоноё хэмээн зарим нь санаа амарч байхад бусад нь бухимдсаар. Учир нь, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар болох Сувилахуйн сургуулийн сургалтын алба оюутнуудынхаа нэг, хоёр, гуравдугаар сарын голч дүнг буруу шивснээс болж тэтгэлэг авах боломжгүй болсон олон оюутан байгаа гэх. Энэ мэт алдаа гаргасан сургууль ч цөөнгүй бололтой. Миний голч 3,4 байхад үндэсний тэтгэлгээс хассан байна, сургалтын алба дүнгээ буруу бодсоноос болоод 70,200-г авч чадахгүйд хүрлээ гэх оюутнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай. Тэр ч бүү хэл бид тэтгэлгээ авсан бол төлбөрөө гүйцээж төлөх байсан юм хэмээн бухимдах оюутнууд хаана, хэнд хандахаа мэдэхгүй сууна.
Энэ асуудалтай холбоотойгоор АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга Э.Содномжамцтай холбогдож дараахь тодруулгыг авлаа.
Э.Содномжамц: Сургуулиас болоод тэтгэлэг аваагүй оюутнуудын тоо харьцангуй бага
-Танай сургуулийн зарим оюутны голч дүн буруу бичигдсэнээс болж үндэсний тэтгэлэг болох 70,200-г авч чадахгүй болсон гэх юм. Энэ үнэн үү?
-Нэг биш нэлээд олон хүүхдийн асуудал байгаа юм. Голч дүн нь 3,0-ээс дээш байж үндэсний тэтгэлэг 70,200-г авах ёстой. Тэтгэлэг авч чадаагүй хүүхдүүдийн зарим нь голч нь хүрэхгүй байгаа юм. Харин заримынх нь хүрч байгаа хэрнээ дүнгээ программд оруулаагүйгээс болоод өнөөдөр ийм асуудал үүсчихээд байна. Дүнгийн хуудас материалаа өгөөгүй байснаас л үүдэлтэй. Ямар ч гэсэн бидний зүгээс боломжоороо Сургалтын төрийн сангийн мэргэжилтнүүдтэй холбогдож зарим хүүхдийн асуудлыг шийдээд явж байна. Ер нь бол сургуулийн зүгээс болоод тэтгэлэг авч чадаагүй оюутнуудын тоо харьцангуй бага. Өөрсдөөс нь болсон зүйл их байна.
-Сургалтын алба оюутнуудынхаа дүнг буруу бичсэнээс болоод энэ асуудал үүссэн юм биш үү?
-Цагаа тулахаар хойд хар овоохой гэдэг шиг өөрсдөөсөө бурууг зайлуулж байгаа юм болов уу даа. Тодорхой хүүхдийн овог нэг, дугаар нь байх юм бол шалгуулаад өгч болж байна.
-Сургалтын төрийн сангаас эдгээр хүүхдийн тэтгэлгийг нөхөж олгоно гэнэ үү?
-Нөхөж олгуулахаар бид ажиллаж байна. Заримыг нь Сургалтын төрийн сангаас, үлдсэнийг нь Хөдөлмөрийн яамнаас гээд аль алинаар нь өгүүлэх гээд манай нягтлангууд хангалттай сайн ажиллаж байна.
-20 гаруй хүүхдийн асуудлыг шийдсэн гэлээ. Цаана нь энэ маягаар хохирч буй хэчнээн оюутан байгаа вэ?
-Өнөөдөр 20 гаруй хүүхдийн асуудлыг шийдээд материалыг нь холбогдох газрууд руу явуулсан байгаа. Цаана нь үлдэж байгаа оюутнуудын тоог хэлж мэдэхгүй байна. Тэдний дунд материалаа бүрдүүлж өгөөгүй, голч дүн нь хүрэхгүй байгаа хүүхэд ч бий.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.