Монгол сурагчид дэлхийн шилдэг их сургуулиудад долоон сарын турш суралцана

Нийгэм ・Нийтэлсэн: Халиунаа 2 цагийн өмнө

Монголын 12 сурагч дэлхийн шилдэг их сургуулиудад хөл тавьж, ирээдүйн ажил амьдралын гараагаа эхлүүлэхэд бэлдэх цогц хөтөлбөрт долоон сарын турш хамрагдана.

"Говь Сколарс" ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “12 Сколарс программ” нь монголын өнцөг булан бүрд 12 дугаар ангиа төгсөж буй эсвэл нэг жил завсарласан шилдэг 12 хүүхдийг сонгон шалгаруулж, салбар бүрийн лидер болгохыг дэмжинэ. Зөвхөн гадаадын их сургуульд ороход туслаад зогсохгүй Монголын ирээдүйг өөрчилж чадах манлайлагч, бүтээлч, өөртэйгээ ажиллах сэтгэлтэй залуусыг нэгтгэж, тэднийг хамтын үнэт зүйл бүхий нэгдмэл орон зайд өсгөн бойжуулах зорилготой хөтөлбөр юм.

Үндсэн хөтөлбөрүүдэд хамрагдсанаар зорьсон оноогоо авах шалгалтад бэлдэх, мэргэжлийн сэтгэлзүйчдийн чиглүүлгээр өөрийгөө танин мэдэх, менторшип хөтөлбөрт хамрагдаж мөрөөдлийн их сургуульдаа орох төлөвлөгөө гаргах, багаар ажиллаж, нийгэмд чиглэсэн төсөл санаачлан хэрэгжүүлэхэд туслах, санаагаа бодит ажил болгох боломжтой. Дэлхийн шилдэг их сургуулиудын оюутан, төгсөгчдөөс академик сонирхол, амьдралынх нь тухай сонсож, амьдрал, карьер төлөвлөлтийн тухай зөвлөгөө авахаас гадна гадаад оюутнуудтай “гэр бүл” мэт холбоо тогтоох олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдаж болно. Мөн бичгийн мэдлэгээ сайжруулан, шинжлэх ухааны өгүүлэл, үзэл бодлын нийтлэл зэрэг төрөл бүрийн бичвэр бичиж, хүссэн салбартаа монголын шилдэг компаниудад дадлага хийх боломжийг олгох аж.

Хөтөлбөрт хамрагдсан сурагч Т.Тансагмэргэн “Олон сургуулиас татгалзсан хариу авсан ч намайг сургуульд бүрэн тэтгэлэг авах хүртэл хажууд минь туслах хамт олонтой байсан нь тустай санагдсан”-аа илэрхийлсэн бол С.Жавхлантөгс “Долоо хоног бүр ирдэг зочдоос эхлээд бидний хамрагддаг гүйлтийн клуб нь миний хүрээллийг тэлж, амьдралын харах өнцгийг өөрчилсөн” хэмээжээ. Сурагч У.Ундрам “Монголд маш олон программд хамрагдаж байсан ч “12 Сколарс программ“-ын шугамаар уулзсан багш, сурагчид урд өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй өвөрмөц хүмүүс байсан” тухай сэтгэгдлээ хуваалцжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх