Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 10
・ 1
Өчигдөр Ерөнхий сайд маань сорын гол болчихоо шахав. Азаар онцгойнхон онцгой үед нь ирж “аврав”. Бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийж байна гэх зарим нөхөд Гацууртын ордыг ашиглах талаар шийдвэр гаргасныхаа төлөө энэ хүн галд “шатах” ёстой гэж үзжээ. Ингээд хөөрхий муу Ч.Сайханбилэгийг сор болгон залжээ. Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл гэх бүлэг хүн өчигдөр хэвлэлийнхэнд хандаж “Гацууртын ордыг ашиглаж эхэлбэл бид төр засгаас асуулгүйгээр булшны тоог нэмнэ гэдгээ мэдэгдье” хэмээн сүрдүүлэв. Үүнийгээ ноён уулыг ухуулахгүйн тулд хүний аминд хүрэхээс ч буцахгүй гэж тайлав. Бид чинь өнөөдөр хэл амаараа ч ойлголцож чадахаа байсан эрин үед амьдарч байгаа гэж үү. Хүчээр асуудлыг шийдэж байсан тэртээ хүй нэгдлийн үе шиг өнөөдөр монгол хүн монгол хүнийхээ өөдөөс гар зангидан занаж байна.
Нийгэм бухимдалтай байгаа нь үнэн. Энд тэндгүй эдийн засгийн хямрал дампуурлын тухай яриа сонсогдож байгаа нь ч үнэн. Гэвч хоол булаалдан хэмлэлдэх ноход шиг нэг нэгнээрээ “сор залах” хүртлээ ухамсарт хүний оюун доройтсон гэхэд итгэх арга алга.
Шашин шүтэх эс шүтэх нь хийгээд аливаа зан үйл хийх нь тухайн хүний эрх хэмээн зарлан тунхаглаад бид зууны дөрөвний нэгэн хугацааг туулаад байна. Энэхүү ардчилал хэмээх эрх чөлөөг авчрахад түүхэн үүрэг гүйцэтгэж, цэнхэр туг болон намирч явсан Монгол улсын баатар маань “Цаг үе” нэвтрүүлэгт оролцохдоо “манай иргэд тайвнаар жагсаал цуглаан хийж, үгээ хэлж, шүүмжлэх нь надад сайхан байдаг. Намайг овоодой болгоод тайван замаар шатаахыг би хүлээн зөвшөөрнө. Харин үүнээс хүчирхийлэл рүү явахыг хүнийг хатуу хориглоно. Энэ бол хуулиар хориотой. Хүчирхийллийг хариуцлагыг хэн хүлээх билээ. Герман Оросын телевизээр манай нацистуудын тухай ярьж байна. Биднийг хэнд ч хэрэггүй улс болгон харагдуулах ямар ашиг сонирхол байна вэ” хэмээн ярьж байсан санагдана. Тэгэхээр хүчирхийллийг эрх чөлөө гэж ойлгохыг ямар ч улс хаана ч хүлээн зөвшөөрөхгүй.
Ерөнхий сайдынхаа зургийг шатаах нь бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл байдаг юм байж. Харин “хүний аминд хүрэхээс буцахгүй “ гэх үгийг хэрхэн тайлах билээ.
Яг үнэндээ бид 2008 оны долдугаар сарын 1-нээс сургамж авсан эсэхдээ ч эргэлзмээр болж байна. Жагсаал цуглаанаас хүчирхийлэл рүү түлхсэн энэ өдөр ямар эмгэнэлийг нийгэмд авчирсан билээ. Олон хүн ял шийтгэл ч авсан. Мөн Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хэрэг байна. Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулахдаа галт зэвсэг ашигласан хэргээр долоон жил хоригдох ял сонссон түүнийг монголчууд газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч хэмээн үнэлж байсан ч тэр энх нийгэмд хүчирхийллийг буй болгосноор хуулийн дагуу шийтгэлээ хүлээсэн.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.