Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 16
・ 2
Өчигдөр өглөө төрийн ордны баруун өмнүүр алхаж явтал Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав гуай цүнхээ савчуулчихсан яаруухан алхаж явдаг юм байна. Судлаач эрдэмтнийх нь хувиар Антрактид тивд дөрөв дэх удаагаа ажиллаад ирснийх нь дараахан уулзаж ярилцаж байсан болохоор хуучны танилтайгаа яриа өрнүүлмээр санагдаад, бас “Холын хүнээс үг сонс” гэсэн үгийг ч бодолцон “Дүгэржав гуай сайн уу, хэзээ ирэв” гэснээр бид хоёрын яриа хөвөрсөн.
Тэрээр “Өнөө өглөө ирлээ. Зургаа хоноод буцна” гэснээр бид хоёрын яриа зовлонгүй өрнөдөг юм байна. Өнөөдөр түүнийг Дэлхийн өмнөд туйлын “О” цэгт хөл тавьсан анхны монгол хүн гэдгээр нь биш Элчин сайд гэдгээр нь олон нийт сайн мэддэг болжээ. Ингээд Антрактид судлаач эрдэмтэн, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржавтай хийсэн яриаг болгооно уу.
-Өглөөхөн “Чингис хаан” нисэх буудалд хөл тавьсан ч одоо ингээд яаруухан явахыг тань бодвол их ажилтай иржээ дээ?
-Тэгж ойлгож болно. Зургаа хоноод буцах ч гэлээ ер нь яаравчлахгүй бол амжуулах ажил ихтэй ирсэн. Энэ пүрэвээс бямба гарагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Гадаадын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт болно. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа Европын хөрөнгө оруулагчид Монголыг ихээхэн сонирхох болоод байна.
Энэ үед Ерөнхийлөгчийн ивээл дор ийм чуулга уулзалт болж байгаа нь онцлогтой юм. Өнгөрсөн жилүүдийнхийг бодвол энэ жил ирж байгаа хөрөнгө оруулагч, бизнесменүүдийн тоо, чанарт ихээхэн өөрчлөлт орох болов уу гэж харж байна. Сая сарын өмнө буюу тавдугаар сарын 10-13-нд Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росан Плевнелиев манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийснийг хүмүүс санаж байгаа.
Тэр үед бизнесийн олон тооны уулзалт, ярилцлагууд болсон ч цаг хугацааны хувьд их давчуу байсан. Хэдийгээр Болгар нь Европын холбооны гишүүн улс ч гэлээ ганц Болгар гэлтгүй Европын олон орон Монголын уул уурхайн том төслүүдтэй танилцъя, хөрөнгө оруулах боломж юу байна, ямар салбарт хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх нь вэ гэж маш их сонирхож байгаа.
Түүнээс гадна Болгарчууд уламжлалт найрсаг харилцаагаа сэргээе, урлаг соёл, спорт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт бодитойгоор хамтран ажиллая гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Өнөөдөр надтай хамт Болгар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Энэ хүнийг дагаад Дани, Англи, Австри зэрэг орны 10 гаруй томоохон бизнесмен, хөрөнгө оруулагчид ирээд байна.
Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараан дээрээ ирээд байгаа энэ цаг үед гадаадад суугаа Элчин сайд хүн зөвхөн улстөрийн харилцааны асуудал хөөцөлдөхөөс гадна хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоож, эх орон руугаа тэдний сонирхлыг хандуулах чухал шаардлагатай болоод байна. Товчхондоо ийм ажлаар л ирлээ дээ.
-Таны хувьд Болгараас гадна Европын холбооны өөр ямар улсад Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байгаа вэ?
-Болгарт байгаа манай Элчин сайдын хамрах хүрээ тийм ч багагүй. Бидний хувьд Кипр, Грек, Македони, Румын, Молдав гэсэн улсуудыг давхар хавсран ажилладаг. Эндээс Болгар, Румын, Кипр, Грек улсууд нь Европын холбоо болон НАТО-гийн гишүүн юм. Хэдийгээр зүүн Европ, Балканы хойгийн зарим орнууд эдийн засгийн хямралтай байгаа ч бид уламжлалт харилцаа таслалгүй, шинэ түвшинд гаргах ёстой.
Яг үнэндээ бидний зүгээс Грек, Кипр, Румын зэрэг улсуудыг эдийн засгийн хямралтай, Европдоо ядуу орнууд гэж хараад байдаг ч биднээс толгой дээгүүр гараад явчихсан улсууд байдаг л даа. Яаж ч бодсон тэд чинь Европын орнууд юм. Хэдэн мянган жилийн суурин соёл иргэншилтэй, газрын харилцаа, банк санхүү, соёл, шинжлэх ухаан гээд бүх талаараа биднээс хамаагүй урагшаа явчихсан тэдгээр орнуудын хөрөнгө оруулагчид ч дайн байлдаангүй, амар амгалан, том газар нутагтай, хоёр аварга хөрштэй гээд Монгол Улсыг эдийн засгийн үр өгөөж талаас нь маш их сонирхон харж, аль салбарт хамтран ажиллавал илүү өгөөжтэй вэ гэдгээ шийдэж ядан байна.
Сая Болгарын Ерөнхийлөгч Росан Плевнелиев Монголд айлчилсныхаа дараа нутагтаа очоод “Монголчууд чинь далайд гарцгүй гээд байсан чинь бидний далайгаар болон төмөр замаар арайхийн хүрдэг ОХУ, БНХАУ гэсэн аварга том хоёр далайн дунд оршдог, асар их боломжтой улс юм байна.
Бид Монголоор дамжин БНХАУ, ОХУ руу гарах бол Монголчууд биднээр дамжин Европ руу гарах маш их боломжийг би олж харсан” гэж Софид суугаа нийт дипломат төлөөлөгчдийн уулзалт дээр нэр цохон тэмдэглэж байна лээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.