Нийслэл хот татвартай боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 19

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болов. Тус хуулийн төсөлд гэр хорооллын иргэн газраа барьцаалж зээл авдаг тогтолцоог нээлттэй болгох зорилго агуулж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд иргэд өмчилсөн газраа барьцаанд тавьж зээл авах боломж бүрдэх аж. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа юм.

 

Учир нь, хашаа байшингаа барьцаалж банкнаас зээл авсан иргэд зээлээ төлж чадахгүйд хүрч, эд хөрөнгөө хураалгах болвол банктай гурван шатны шүүхээр явдаг юм байна. Үүнийг одоо өөрчлөх хуулиар болиулж, үл маргах журмаар шийдэхээр болгож буйд МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

 

Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тайлбараар бол “Газар барьцаалах гэрээ байгаа бол барьцааны эд зүйлийг худалдахдаа шүүхийн шийдвэрийг хангуулна. Талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол Нотариатын мэдэгдэх хуудас шүүхээр баталгаажсан байна. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулаад үүргийн гүйцэтгэлийг хангана. Одоо хэрэгжиж байгаа хууль эрх зүйн үндэслэлдээ нийцүүлж томъёолсон” гэсэн тайлбар хийсэн.

 

Харин үүнийг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтэйгээ илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “0.07 га газар чинь барьцаанд тавигдаад гэрээг нь нотариат баталгаажуулсан бол үл маргах журмаар газрыг нь авах юм хийж байна. Энэ чинь зөв юм уу. Ийм хууль УИХ батлах юм бол цаашдаа 0.07 га газар байхгүй болно. Иргэд 40 ам.метр орон сууц авах гээд барьцаанд тавина. Сүүлдээ газар ч байхгүй, орон сууц ч байхгүй болно. Нотариатаар гэрээгээ баталгаажуулсан байна, хураана гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хүчээр газрыг нь худалддаг. Ийм юм явах нь. Шүүх захирамж гаргаад Шийдвэр гүйцэтгэлийнхэн очиж ажиллана гэдэг чинь болж байгаа юм уу. Барьцааны зүйлийг нотариат баталгаажуулаад, шууд шүүх нь шийдвэр гаргадаг. Улаанбаатар хотын нийт иргэдийн 170-180 мянга нь гэр хороололд байгаа. Тэдний газар ийм дэнчин дээр тавигдана” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Бид мал болон орон сууцыг барьцаалаад зээл авах боломжийг нь нээж өгсөн. Тэглээ гээд иргэдийн амьдрал доройтоогүй. Яагаад ингэж болдоггүй юм” гэв. Ингээд санал хураах мөчид МАН-ын гишүүд картаа сугалж авснаар 33 гишүүнтэй болж, санал хураах ирц бүрдэхгүй болсон юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд “МАН-ынхан картаа сугалчихаад санал хурааж болохгүй байна. Бид 1990 онд малыг нь өгсөн. Түүнийгээ барьцаалаад зээл аваад хэвийн явж байна. 1996 онд орон сууцыг нь өгсөн. Мөн зээл аваад хэвийн явж байна. 2003 онд газрыг нь өглөө. Иргэд хашааны газраа барьцаалаад зээл аваад байшин баръя гэхээр юунд дургүйцээд байгаа юм МАН-ын гишүүд бүлгийн даргаа авчирч ирээд албан ёсоор завсарлагаа ав. Үгүй бол ажилд битгий саад бол. Газраа барьцаалсан иргэн шүүхэд хандаж болох эрхийг нь хоёрдугаар саналаар өгчихлөө шүү дээ. Танай бүлгийн гурван дарга бүгдээрээ байхгүй байна гэж юу байдаг юм. Санал хураахад 5 гишүүн дутаад байна” гэв. 

 

Тэрээр мөн АН-ын дарга Б.Гарамгайбаатарыг бүлгийнхээ 5 гишүүнийг авчирч ирээд асуудлаа шийдээд яв гэсэн юм. Ингээд ирц бүрдүүлэх асуудлаар хэсэг маргалдсаны эцэст МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Манай бүлэг энэ асуудалд байр сууриа тодорхойлсон. Бидний байр суурь УИХ дээр явахгүй бол ажлын 5 хоногийн завсарлага авна гэсэн.

 

Шүүх байгуулах тухай хууль гараанаас гарав

 

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 37 нь оролцож 80.4 хувиар баталлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг баталсан юм.

 

Уг асуудлыг өчигдөр хэлэлцэх явцад хуулийг дагаж мөрдөх хугацааг дэмжээгүй.  Тиймээс Хуульзүйн байнгын хороо хуралдаж төслийн 5 дугаар зүйлийг “Энэ хуулийг Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж  өөрчилсөн юм.

 

Ингэснээр долдугаар сарын 1-нээс өмнө хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж, шинэ системээр ажиллахыг УИХ-ын дарга санууллаа. Харин одоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

Захиргааны ерөнхий хуулийг баталлаа

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80.9 хувийн саналаар баталлаа. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүнээс 38 нь эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж баталсан юм. Хуулийн төслийг батлагдсантай холбоотойгоор Засгийн газарт хандаж, мөн тодорхой үүрэг хүлээж байна. Тухайлбал, 2015 оны аравдугаар сарын 1-ний дотор багтаан хуулийн үзэл баримтлалыг сурталчилж, холбогдох хүмүүсийг сургалтад хамруулах юм. Үүний дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх