Шинэчлэлийн танхим зээлийн рекордыг л "шинэчилсэн"...

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 24

Н.Алтанхуяг гишүүн ч нүүрийн буянтай, амны хишигтэй агуу Ерөнхий сайд байжээ. Дэлхийд ер нь хөндлөн гулд хүн байсан юм биш үү. Ийм засгийн тэргүүнтэй байхад Монгол Улс алзахгүй л байсан бололтой. Арай л яаруу их хүнийг албан суудлаас нь хөмрөөд шидчихсэн дэг шүү.  

Энэ хүн засгийн эрхийг ердөө гурван жилийн хугацаанд барьсан. Бүхэл бүтэн тусгаар улсын гал тогоог эмхлэн цэгцлэхэд дэндүү давчуу хугацаа. Тэр дундаа бүтээн байгуулалт, томоохон төслүүд хэрэгжүүлэхэд ядмаг л даа. Гэхдээ л шинэчлэлээр тодотгосон танхимым тэргүүн асан Н.Алтанхуяг үе үеийн Засгийн газруудын 20 жилийн турш хийсээр ирсэн бонд болон хөрөнгө мөнгө босгох, санхүүгийн ажлыг гуравхан жилийн хугацаанд амжуулчихсан байх юм, гайхалтай биш гэж үү. Өөрөөр хэлбэл, манай улсын 20 жилийн хугацаанд тавьж байгаагүй өр, зээлийг Н.Алтанхуягийн Засгийн газар гуравхан жилд авчихжээ. Энэ рекорд биш гэж үү. Ёстой л агуу гэдгээс өөр хэлэх үг олдохгүй бололтой. Тэрбээр ирээдүйн эздэд их өвийг өөрийн гараар үлдээж чадлаа. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд сайн, муу ч нэрээ энэхүү үйлдлээрээ түүхэнд мөнхөллөө.

Н.Алтанхуягийн Засгийн газар 2012-2014 оны намар хүртэлх хугацаанд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 280 сая ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.4 тэрбум ам.доллар, Кридит Свиц гэдэг Швейцарийн банкны 320 сая ам.доллар, Хятадын хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар, Германы Комерц банкнаас 13.1 сая евро авсан байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, олон улсын банк санхүүгийн байгууллага, улс орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл 2012 онд 187.3, 2013 онд 214, 2014 онд 195.4 сая ам.долларыг тус тус авч зарцуулсан байна. Харин нийт дүн нь 596 сая ам.долларт хүрчээ.

Тэгэхээр Н.Алтанхуягийн толгойлсон танхим “шинэчлэлийн” тодголтой байсан. Одоо л энэ үгнийх нь үнэ цэнэ, утга учир тайлагдаж байх шиг. Тэрбээр Монголын өр зээлийн хүрээнд шинэчлэлийг хийж чадсан байна. Сүүлийн 20 жилд авсан зээлийн хэмжээг шинээр сэлгэж, дээд амжилтыг тогтоолоо. Монгол Улсын үе үеийн Засгийн газраас аль нь ч ийм хэмжээний өр ширийг бусдаас зээлж, ирээдүйдээ өвлүүлж чадаагүй юм. Тэгэхээр эрхэм хүний алдрыг дуурсахаас яахав.

Нөгөөтэйгүүр, эл үйлдэл харьцангуй их мөнгийг Монголын эдийн засаг руу оруулсан мэт харагдаж байгаа ч, гүйцэтгэл нь тийм биш юм. Уг нь ингэж их мөнгө орж ирэхийн хэрээр улс орны эдийн засаг шокын байдлаас гарч, сэргэхээр хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөдөр бодит байдал эсрэгээрээ. Харин ч 2012 онд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өдгөө 5-6 хувь руу ортлоо буурчихаад байгаа юм. Энэхүү үүсээд буй нөхцөл байдалд мэргэжилтнүүд төр засгийн бодлогын алдаа гэхээс өөрөөр тайлбар ч хийж чадахгүй байна.

Тэгэхээр эрхэм хүний хувийн амьдралыг сөхвөл тэрбээр 1992 оны сонгуулиар ялагдсаныхаа дараа багшаар ажиллаж байсан дүүгээ ажлаас нь гаргаж, нэг хэсэг ганзагын наймаа хөөсөн байдаг. Эхлээд Бээжингээс савхин хүрэм зөөдөг байсан гэдэг. Сүүлдээ Эрээн, Эрхүү, Кызыл рүү "гахай" зөөсний ачаар түрийвчээ багагүй зузаатгаж чадсан гэдэг юм билээ. Мэдээж ингэж хөл дээрээ босох анхны хөрөнгийг өнөө л “зээл”-ийн буянаар шүү дээ. Магадгүй мань эр өмнө нь зээлийн буянаар хөрөнгөжиж болсын, энэ удаа нахих гээд ийм байдалд орчихсон уу. Ямартай ч улс орны гал тогоог энэ маягаар додомдоход жулдана, хамгийн гол нь сөрөг тал нь их.  

Эцэст нь хэлэхэд, ядаж л эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд олон тулгуурт салбартаа анхаарал хандуулбал яасан юм гэж... Өнөөдрийн аж байдалдаа суурилахад, хөдөө аж ахуйн салбарт асар их боломж байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Жишээ нь, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон “Урт хугацаанд баялгийг бүтээж, нөхөн сэргээж байдаг баялаг руу яаралтай орох хэрэгтэй” хэмээн анхааруулсан. Мөн тэрбээр хямралын давтамж ойртож байгааг хэлсэн нь анхаарахгүй өнгөрч болохгүй сэдэв.

Одоогийн байдлаар хөдөө аж ахуйн салбар манай улсын ДНБ-ний 15 орчим хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн салбар хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, улсын экспортын нийт орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байгааг ҮХААЯ-ны холбогдох удирдлагууд өнгөрсөн сард мэдээлсэн. Түүнчлэн, манай улсын нийт ажиллагсадын 30 орчим хувь тус салбарт ажиллаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргаагаа хангаж байна. Мал дагасан хүн ам тосдож өөдөлдөг гэж...

Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд малтай өрх 207.8 мянга байгаагаас 141.6 мянган малчин өрх бийг салбарын яамнаас мэдээлсэн. Малчдын 40.7 хувийг 16-34 насны залуучууд, 49.7 хувийг 36-аас дээш насны иргэд, 9.6 хувийг тэтгэврийн насны хүмүүс эзлэж байгаа аж. Олон нийтийн дунд залуус хот руу нүүдэллэж, дунд эргэм, ахмад настнууд малаа маллаж үлдэж байна гэх яриа нийтлэг байдаг ч залуус орлого хуримтлуулах том боломж нь мал аж ахуйн салбар хэмээн харж байгааг орон нутгийнхан хэлж байна. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд зуд турхан багасч, мал сүрэг өсөх таатай нөхцөл бүрдэж буй нь хөдөө аж ахуйн салбар руу залуусыг татах бас нэгэн шалтгаан болжээ.

Цаашлаад, дотоодоо хангаад зогсохгүй дэлхийн зах зээлд гарч чадах байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадагш нь борлуулах томоохон салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, манайх шиг цэвэр хөрстэй тал газарт улаан буудай, хүнсний ногоо тарьж ургуулан гадагш гаргах зах зээл бий. Химийн бордоо хэрэглээгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн гадагшаа эрэлт ихтэй, бас үнэтэй тусна.

Энд бас нэгэн саналыг дэмжин онцлоход, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзаж байх үеэрээ тодорхой санаануудыг дэвшүүлсэнийг тод санаж байна. Тэрбээр "Хамгийн түрүүнд үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Үйлдвэрлэл нь босоод ирэхээр бусад салбарласан хувийн хэвшил нь дагаад босох юм байна" гээд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль санаачилж байгаагаа дуулгасан. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь олон яаманд салж тарамдсан учраас манай үйлдвэрлэгчид нэг газар асуудлаа очиж шийдүүлэх боломж байдаггүй. Тиймээс улстөрчдийг дагасан, нэгдсэн бодлогогүй энэ байдлыг дагасан хандлага харагдаад байгааг тодотгосон.

Өөрөөр хэлбэл, манай эдийн засгийн бүтэц буруу. Энэхүү бүтэц нь сүүлийн 30 жилд засагдаагүй нь бодит үнэн. Түүнчлэн манай гадагш гаргадаг бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхайн салбарынх. Наймхан хувь нь боловсруулсан буюу “Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүн байдаг. Ийм улс орны нийгэм, эдийн засаг хөгжинө гэж юу байхав. Хүмүүс нь сайн сайхан амьдарна гэсэн ойлголт ерөөс байхгүй хэмээн хатуухан хэлж билээ. Энэ мэтчилэн холын газраас “бадар гуйж”, үйлээ үзэж байхаар өөрт буй боломж нөхцөлөө өндийж нэг харах л хэрэгтэй байгаа юм, үе үеийн Засгийн газрынхаан. Наанадаж л, ганц салбарын хамаарлыг буур­уулахын тулд мал аж ахуй, газар тариалан зэрэг эргэн нөхөгддөг баялаг бүхий салбаруудаа дэмжих бодлого бариач ээ. Энэ бүх боломж Монгол оронд маань бий. Хамгийн гол нь энэ бүхэнд төрийн бодлого, зохицуулалт ус, агаар мэт хэрэгтэй байна.

Р.Пунцаг

http://www.newscom.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх