Д.Нямхүү, И.Нарантуяа нарт цалин бууруулах ”үзэгдэл” шийтгэл болж чадах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 28

  АТГ-ын хувьд   мөрдөн байцаах эрх үүргээ бусдад шилжүүлж мэдэхээр болоод буй хүндхэн цаг үетэй тулгараад байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү эрх үүрэг нь алга болвол АТГ гэдэг утгаа алдаж, оршин тогтноход ч хэцүү болно гэдгийг тус газрын удирдлагууд ч онцлоод байна.


Тэгвэл олон нийтийн зүгээс гомдол саналыг түлхүү авч, төрийн өндөрлөгүүдийн зүгээс ч банга хүртээд буй АТГ сүүлийн үед ямар хэрэг зөрчлүүдийг илрүүлж, хэчнээн хэргийг прокурорын шатанд шилжүүлэв гэдгийг тоймлон хүргэж байна.

 

Л.Гансүхэд хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлэв


1.  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар эрүүгийн Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэв.


Л.Гансүх нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.

 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг АТГ-аас халахыг шаардсан ч Г.Шийлэгдамба цалинг нь хасах шийдвэр гаргав


2.   АТГ-аас  Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байна.  Улмаар Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь 2014 оны А/42, А/58, А/61, А/85, А/87, А/105 тушаалаар өөртөө удаа дараа нийт 5 522 304 төгрөгийн урамшуулал, Б/13, Б/26, Б/51, Б/72, Б/141, Б/161, Б/202, Б/228, 2015 оны Б/5 тушаалаар өөртөө удаа дараа нийт 3 125 154 төгрөгийн илүү цагийн хөлсийг тус тус олгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглоно”, мөн хуулийн 8.1-д заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн Мэдэгдэл” гаргах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчлийг удаа дараа гаргасныг тогтоосон байна.  Дээрх зөрчлийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу “нийтийн албанаас халах” хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Д.Нямхүүд 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан талаар хариу ирүүлсэн байна.

 


И.Нарантуяа өөртөө илүү цалин бодож, гар утасны төлбөрөө хүртэл төрөөс гаргуулдаг байжээ


3.  Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан юм.

 

Хүүхдийн төлөө үндэсний газар нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас тус байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцсан юм. Тус газрын дарга И.Нарантуяа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж, удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авсны зэрэгцээ дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.


Мөн тус газрын даргын тушаалаар “Хүүхдийн ажилтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтэд танигдах, сурталчлах, үйлчлэх зориулалттай ажлын жигд хувцастай болгох, хувцасны загвар зохиох” арга хэмжээнд 13 сая 500 мянган төгрөгийг “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зардлаас гаргахыг зөвшөөрсөн байх ба дээрх шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 347 дугаар тогтоолын хамааралгүй заалтуудыг үндэслэсэн байв.


Хүүхдийн төлөө газрын даргын гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 575төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 545 183 төгрөг, 2015 онд 398 781төгрөгийг тус тусын үүрэн холбооны компанид шилжүүлсэн нь Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”-д заасан хэмжээнээс хэтрүүлсэн, мөн албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх эрхгүй албан хаагчийн утасны төлбөрийг төлсөн зэрэг зөрчил гаргажээ.

 


Төв аймгийн Засаг даргын бодлогын хэлтсийн дарга нь хүртэл төрсөн охиндоо тендер авч өгчээ


4.   Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нь тус аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт сонгон шалгарсан өөрийн төрсөн охины 100 хувийн эзэмшлийн “Өрнөх цамхаг” ХХК-тай гэрээ байгуулсан, мөн санхүүжилтийн эрх нээсэн тухай мэдэгдэл дээр нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. Иймд Авлигатай тэмцэх газраас Ү.Батчулуунд хариуцлага тооцуулахаар Төв аймгийн Засаг даргад албан бичгийг хүргүүлэв. Одоогоор Ү.Батчулуунд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаа юм.

 


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын албан тушаалтнууд хууль зөрчиж хандив цуглуулжээ

 

5.  Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, тус аймгийн Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Өргөн, Сайншанд, Хатанбулаг, Эрдэнэ сумын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хяналт шалгалт хийж, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах чиглэлээр ажиллаж байна.


Ажлын хэсгээс орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтнууд, нийтийн албан тушаалтнуудад “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт: Орон нутгийн нөхцөл байдал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, сумын иргэдэд “Мэдэх эрх”, “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдвээр тус тус сургалт хийв. Сургалтад одоогоор нийт 684 иргэн, нийтийн албан тушаалтныг хамруулаад байна. Төрийн байгууллагаас тогтоосон төлбөр, хураамжтай холбоотой асуудлаар иргэд илүүтэй асууж сонирхож байлаа.


Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй тогтоол, тушаал, шийдвэрүүд, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан болон бусад төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах явцад ой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор сумын Залуучуудын холбооны нэр дээр арилжааны банкинд данс нээж хандив цуглуулах арга хэмжээг зохион байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 90 жилийн ой 2014 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр болсон атал дансанд хандив төвлөрүүлэх ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх