Хоноцын сэтгэлгээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 29

Найр наадмын улирал эхэлж, улс төр, Оюутолгой, Тавантолгойтой холбоотой сэдвүүд алсарч байна. Ямар сайндаа Шадар сайд У.Хүрэлсүх “Наадам болох гэж байхад юун улс төр вэ” хэмээн бухимдаж байх вэ дээ. Гэсэн ч наадам ойртох тусам УИХ “том” асуудлуудыг тоомжиргүй баталчих вий гэх хар төрөөд байна.

Сар шинийн баярын өмнө улс орны эрх ашигтай холбоотой амин чухал хуулиудыг шөнө дөл хүртэл хуралдаад баталдаг шиг Үндэсний их баяр наадмын өмнөх орой чуулганаар хэлэлцэх чухал хуулиудыг хөнгөн хуумгай батлахгүй гэх баталгаа алга.

 

Учир нь, УИХ-ын хаврын чуулган хуулийн дагуу ирэх сарын 1-нд завсарлах ёстой ч спикер Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн чуулганы ээлжит хугацааг долоодугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгах захирамж гаргасан байна. Хаврын чуулганаар 33 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч өнөөдрйин байдлаар 10 орчим хууль баталж, 20 орчим хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.

 

Энэ удаагийн хаврын чуулган өмнөх жилүүдийнхээс хамгийн чухал, бас онцлогтой байх байсан. Учир нь, ирэх намрын чуулганаас хаяанд ирээд буй сонгуулийн чимээ хүчээ авч, улстөрчид багийн бус хувийн тоглолт хийж, асуудалд популист хандлагаар хандаж, шоу хийж эхэлнэ. Тиймээс ус ихтэй хуулиуд батлагдаж, дараагийн парламент засах, янзлах хэрэг гарна. Ийм учраас энэ удаагийн хаврын чуулган үүргээ сайн гүйцэтгэж, УИХ-ын даргын захирамжаар баталсан хууль, тогтоолын төслөө хэлэлцээд батлаад явах байлаа.

 

Гэтэл хаврын чуулган завсарлахад ердөө 10 гаруйхан хоног дутуу байхад УИХ-ын хэлэлцэн батлах ёстой хуулиудын ихэнх нь хэлэлцүүлгийн шатанд түүхийгээрээ байна. УИХ том хуульдаа гар хүрсэнгүй. Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг УИХ-аар хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч тал эргүүлэн татаж, дахин боловсруулж, өргөн мэдүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, УИХ ирэх намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх нь. Түүнчлэн Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн сураг гарсан ч өнөө хэр нь УИХ-д өргөн баригдаагүй байх жишээтэй.

 

Тухайлбал, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулахаар УИХ-аас Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан хууль тогтоох байгууллагад өргөн барихад бэлэн болгоод байснаа хэлж байсан. Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ард нийтийн санал асуулга асуух ёстой гэж үзэн “шантаажилж” хуулийн төслийг гацаагаад буй. Хуулийн төслийг хаврын чуулганаар баталж амжихгүй бол намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхнийхт багтаан батлахаас өөр сонголтгүй болно.

 

Учир нь, ирэх жилийн зургаадугаар сарын сүүлээр УИХ, орон нутгийн сонгууль явагдана. Хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн нэгдсэн хуулийг баталсан байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс ирэх намрын чуулган эхлэнгүүт дутуу дулимаг, тооцоо судалгаа муутай хууль батлах нь гэж харж болох. Одоо өргөн бариагүй байгаа хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж, баталж амжихгүй нь нэгэнт тодорхой болсон.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх