Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 07 сар 01
・ 3
Аливаа улс төсвөө төлөвлөхдөө ер нь л өөдрөгөөр тооцоолж, төсөөлөн хийдэг л дээ. Монгол Улс ч сүүлийн 20 гаруй жил тиймэрхүү л төсөв төлөвлөсөөр ирсэн. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал төсвийн орлогын бууралт арай бага буюу боломжийн хэмжээнд байгаа.
Гэхдээ төсвийн орлого тасалдаж яваа. Одоогоор эхний хагас жилийн гүйцэтгэл хараахан гараагүй байна. Өөрсдийгөө дөвийлгөх гэж, бүхнийг мэддэг царайлж олон нийтийн санаа бодлыг үймүүлээд байгаа этгээдүүдээс энэ талаар сайн асуух хэрэгтэй.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд Монгол Улс цалингаа тавьж чадахгүй байдалд орчих гээд, төсөв нь бүр яадгаа алдчихаад байгаа юм огтхон ч байхгүй. Өнөөдрийн байдлаар Сангийн яам хийх ёстой төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь, зохих ёсоор хийгээд л явж байгаа. Ямар нэгэн тасалдсан, хойшлуулсан санхүүжилт өнөөдрийн хувьд байхгүй. Эдийн засгийн хямрал гэдэг бол их өөр асуудал л даа. Өнөөдөр Монголын эдийн засаг хямралд автаагүй, хүндрэлтэй л байна. Үүний гол шалтгаан бол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом унасантай л холбоотой. Жишээлбэл, өнөөдөр манай экспортын 60-70 хувийг бүрдүулдэг нүүрсний үнэ доод цэгтээ хүртэл уначихсан. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 32.4 ам. доллараар борлуулж байгаа юм билээ. Энэ нь үндсэңдээ үнэ нь хоёр дахин уначихаад байгаа үзүүлэлт шүү дээ.
Эдийн засгийн хүндрэлтэй үед цалин хөлсөө тавьж чадахгүй, дампуурлаа зарлана гэдэг зүйл байхгүй. Төсвийн байнгын хороо Сангийн яам болон бусад холбогдох байгууллагаас долоо хоног тутам мэдээлэл авдаг. Үүгээр төсөв батлагдсан хэмжээндээ, төсвийн хөрөнгө оруулалт болон урсах зардлууд тавигдаад явж байгаа. Харин төсвийн тодотгол хийх шаардлагатай л байгаа. УИХ дахь МАН-ын тодорхой улстөрчид “Эдийн засгийн хямрал” гэж яриад байх юм. Уг нь хямрал гэдгээ манай мундаг улстөрч хүмүүс мэдчихмээр юм. Хямрал болоход ажилгүйдэл, инфляцын төвшинд өөрчлөлт орох, хүн ам зүйтэй холбоотой үзүүлэлтүүд буурах зэрэг маш олон зүйлд нөлөөлдөг юм. Гэтэл одоо бидэнд тулгараад байгаа зүйл нь ердөө эдийн засгийн хүндрэл. Үүний буруу, эх үндэс нь тэгж яривал олон жилийн өмнөх бодлогын алдаанаас үүдэлтэй. Зарим хүн гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гээд хэлээд байгаа нь өнгөрсөн парламентын үед баталж гаргасан хуулиас болсон. Гэтэл үүгээр улстөр хийгээд, өнөөдөр л саран дээрээс буугаад ирчихсэн мэт л зүйл яриад байгаа нь утгагүй. Надад лав хямрал гэж ярих нь арай эртэдсэн асуудал гэж харагдаж байгаа.
Я.Содбаатар: Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй
/УИХ-ын гишүүн/
-Монгол Улсын гадаад өр сэтгэл зовоох хэмжээнд аль хэдийн хүрчихлээ. Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд босгохоор болоод байгаа. Гэхдээ уг бондыг дотооддоо бус гадаад зах зэал дээр гаргахаар шийдвэрлэснийг манай бүлгийн зүгээс дэмжиж байна. Учир нь дотоодод бонд босговол аж ахуйн нэгж компаниудад улам л хүнд ачаа ирнэ. Харин гадаадад босгож төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах чиглэлээр урт хугацааны хүү багатайгаар зах зээлд эргэлтэд оруулна гэж харж байгаа учир дэмжиж байгаа юм.
Ер нь бид гадны хөрөнгө оруулагчдыг бараг бүгдийг нь хөөгөөд гаргачихлаа л даа. 2012 онд жилдээ ойролцоогоор 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан л даа. Гэтэл 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 800 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна билээ. Харин 2015 оны эхний хагас жилийн дүнгээр 75 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бүрэн хөөгөөд гаргачихлаа гэсэн үг. Харин түүний хор хохирлыг бид бүгдээрээ л үүрч таарна.
Валютын ханш замбараагүй өснө, ажилгүйдэл нэмэгдэнэ, ядуурал хавтгайрна, ийм л байна. Монгол Улсын эдийн засаг одоо сэргэнэ гэсэн зүйл байхгүй боллоо. Сая жаахан өндийж байсныг нь эргээд цохиод унагачихсан. Одоо бол Монгол Улс энэ жилийн эцсээр ерөнхийдөө дампуурлаа зарлахаас өөр аргагүй болж байна. Намраас цалингаа тавьж чадахгүй болно. Нэгэнт л хаврын чуулганаар хүлээгдэж байсан гол ажлуудаа амжуулж чадахгүй нь тодорхой болсон тул ирэх аравдугаар сард дахин сонгууль зарлахаас өөр арга байхгүй. Эсвэл оны төгсгөлөөр албан ёсоор дампуурлаа зарлахаас өөр арга үнэхээр харагдахгүй
байна.
Дампуурлаа зарла гэж даапаалаад байна уу
/сэтгүүлчийн дүгнэлт/
Өдөр тутмын хоёр томоохон хэвлэлд УИХ-ын гишүүдийн маанъ ярьсан яриа. Өнгөцхөн харахад улстөрчдийн маргаан, улс орны эдийн засгийн талаар маргасан яриа боловч өөр өнцгөөс харвал энэ өөрөө ноцтой асуудал. Тэр дундаа хэлсэн үг хийсэн үйлдэл нь олон улсын анхааралд байх учиртай Монгол Улсын төрд хууль баталж суугаа эдгээр хүмүүс ийм зүйл ярина гэдэг нь өөрөө хариуцлагагүй үйлдэл юм.
Улстөрч хүн хэзээд хэлсэн үгэндээ эзэн болох учиртай. Тэдний амнаас унасан нэг үг л нийгэмд ямар ч ойлголт төрүүлж болно. Цаашлаад дэлхийд. Тиймээс Я.Содбаатар гишүүний энэ үг маш хариуцлагагүй үйлдэл болчихоод байна. Монгол Улс хэзээ дампуурлаа зарлахыг Я.Содбаатар гэж хүн ганцаараа мэддэг болчихоогүй баймаар. Жингэр нохой хуцаж л байдаг гэсэн үл тоох сэтгэлээр хандлаа ч Монголын нэг улстөрчийн энэ мэдэгдэл дэлхийд ямар мессэж өгөх вэ гэдгийг ярихгүй өнгөрч болохгүй биз дээ.
Ирэх намраас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэж байсан хэдэн хүн эрхэм гишүүний Монгол Улс дампуурах гэж байгаа юм байна гэсэн үгнээс болж шийдвэрээ өөрчлөх бол. Бид хоёр том хөршийн дунд хэн ч хардаггүй, тоодоггүй тийм улс байхаа хэдийн больсон. Ардчилсан орнуудын дунд үлгэр жишээ болж, хөгжиж буй нэн шинэ улс гэдгээрээ танигдаад эхэлчихсэн. Уул уурхай, эрчим хүчний асар их нөөц хүссэн ч, эс хүссэн ч Монголыг дэлхийд таниулчихсан. Тиймдээ ч дэлхийн олон зуун хэвлэл мэдээллийн нүд чих манайд ажиллаж байгаа. Монголд хөрөнгө оруулахыг хүссэн бизнесменүүд Монголын талаар нэг ч үгийг алдахгүй уншиж, дүн шинжилгээ хийж байдаг. Тиймээс л Я.Содбаатар гишүүн хувь хүнийхээ талаас бус улстөрчийн хувьд маш хариуцлагагүй үг хэллээ гэж дүгнэх гээд байна.
Популистуудын мэдэгдэл манай уул уурхайн ирээдүйд хэрхэн нөлөөлж Оюутолгой ямар олон жил гацсаныг хэдэн жил парламентад суусан Я.Содбаатар гишүүн мэдэж баймаарсан. Үүгээрээ эрхэм гишүүний нэр хүндэд халдах гэсэн санааг агуулсангүй. Гагцхүү улстөрч хүн хэлсэн үг бүхэндээ эзэн нь байгаач ээ гэдгийг л хэлэх гээд байна. Монгол Улсын талаар унагаж буй үг бүхэндээ судалгаатай тооцоотой хандаж сурмаар байна, улстөрчид өө. Улс төр хийж бололгүй л яах вэ. Намын нэр хүнд, хувь гишүүний талаас сонгогчдоосоо үнэлгээ авах гэж таалагдах зүйл хийх нь хуулиар хориглоогүй зүйл. Гэхдээ нэг хэсэг хүнд таалагдах гэж хийсэн улс төр чинь бидний талаар дэлхийд ямар ойлголт өгөх вэ гэдэгт дүн анализ хийвэл зүгээр байгаа юм.
Эрхэм гишүүнтэй нэг жилийн өмнө ярилцлага хийж байхад мөн л иймэрхүү зүйл ярьж байсныг санаж байна. Олон мянган аж ахуйн нэж хаалгаа барьж, зам барилгын мөнгөө Засгийн газар өгөхгүйгээс болж Монгол Улс дампуурах нь гэсэн зүйл ярьсан. Гэвч жилийн дотор бид ажлаа хийсээр, аж ахуйн нэгжүүд ч тэгтлээ хэдэн мянгаараа хаалгаа барьсангүй. Тиймээс баримт тооцоогүйгээр цээжний пангаар яаран дүгнэлт хийдэг байдалдаа манай 76 жаахан дүгнэлт хиймээр байгаа юм. Шуудхан хэлэхэд Монгол Улс ойрын 100 жилдээ л лав дампуурлаа зарлахгүй. Газрын доорхи асар их баялагтай ийм улс 100 жилийн дараа Азийн бар болно уу гэхээс одоо байгаагаас дордоно гэж байхгүй. Ядахдаа л стратегийн ач холбогдол бүхий 32 ордоо барьцаалаад ч болов гурван сая хүнээ өлсгөлөнгөөр алдчихалгүй амьдруулах боломж байна. Мэдээж гадны нэг хүнд орд газраа барьцаалж хэдэн төгрөг аваад амьдрах тийм хялбар амьдрал бидэнд хэрэггүй. Тийм амьдрал өгч болохгүй, энэ ордуудыг зөв ашиглаад, зөв толгойгоор удирдаад өгөөч гэж бид энэ 76 хүнийг төрд суулгасан. Тиймээс дампуурлаа зарлаач ээ гэж даапаалж суухын оронд ажлаа хий, гишүүд ээ.
Хэлсэн үгэндээ хэзээ нэг өдөр ороогдох вий. Хариуцлагагүй хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг тэр цагт энэ бүхэн эргээд эзнээ ороодог гэдгийг надаар хэлүүлэх юун. Урт хэл хүзүү орооно гэдэг дээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.