Д.Үүрцайх: Хуулиа мөрдөхгүй бол намыг тараах хүртэл хариуцлагын заалт орсон

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 23

 

-3001-ээс дээш хүн амтай газар намын салбар нэгж байгуулахыг хориглоно-

 

Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг хуулийн төслийг өргөн мэдүүлээд байсан. Түүнчлэн УИХ-аас уг хуулийн төслөөс гадна Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаж байсан юм. Тэгвэл эдгээрийг нэгтгээд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Баярцогт ажиллаж байгаа аж. Хуулийн төсөлд ямар зүйл заалт тусгагдаж буй талаар  ажлын хэсгийн гишүүн Д.Үүрцайх манай телевизийн “Зочны цаг”-аар орж дараах ярилцлагыг өглөө.

 

-Улс төрийн намуудын тухай, санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн байна. Голлох зүйл заалтууд нь юу байна вэ?

 

-Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдын улстөрийн намын гишүүн байх эрхийг  хязгаарласан зохицуулалттай. Энэ нь ардчиллын суурь зарчимтай нийцэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ардчилал оршин тогтноход хамгийн чухал нь иргэдийн улстөрийн оролцооны эрх байдаг. Сонгогчдын 10 гаруй хувийн төлөөлөл болсон нийгмийн тодорхой хэсгийн улстөрийн оролцооны эрхийг хязгаарлачихаар улстөрийн намуудад гишүүн байх, түүгээр дамжуулан төрийн албан хаагч, төрийн зүтгэлтэн бэлтгэх боломж хаагдаж буй юм. Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт өөрөө зорилгодоо хүрээгүй. Эрхзүйт төрийн зарчимд тодорхой хэмжээгээр нийцэхгүй байна. Тиймээс засаг солигдоход төрийн албан хаагчдын халаа сэлгээ явагдаж байх жишээтэй. Иргэдийн улстөрийн эрхийг хамгийн боломжит хэмжээгээр хангах ёстой юм байна гэж үзсэн. Үүний тулд төрийн албан хаагч улстөрийн намын гишүүн байж болно, ядаж үйлчилгээний албан хаагчдын улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шаардлагагүй юм. Харин тэд үйл ажиллагаагаа явуулахдаа намынхаа эрх ашгийн төлөө захиргааны акт зэрэг шийдвэр гаргаж болохгүй. Хэрэв ийм шийдвэр гаргасан бол дахин төрийн албанд зүтгэх эрхийг нь хязгаарлах юм. Ийм агуулгаар энэ зохицуулалт орохоор тусгасан.

 

-Намын санхүүжилтийг хуулийн төсөлд ямар байдлаар тусгаж өгөв. Гишүүдийн хандив, татвараас гадна улсын төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжүүлт өгөх нь зөв үү. Ингэснээр намууд ижил тэгш хүрээнд үйл ажиллагаа явуулж чадах уу?

 

-Монгол Улсад парламентын ардчилал намуудын оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Парламентын ардчилал бол намуудын ардчилал байдаг. Улс төрийн намуудыг төлөвшүүлэх бэхжүүлэхэд санхүүжилтийн асуудал маш чухал. Үүн дээр дэлхийн улсуудын сайн туршлагаас харахад, улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгоод улстөрийн намуудаа бэхжүүлээд ардчиллаа дэмжээд явдаг. Манай улсын хувьд зөвхөн парламентад суудалтай намуудад олгогддог. Улстөрийн намуудад улсын төсвөөс санхүүжилт олгож байгаагийн гол зорилго нь нэгдүгээрт намуудын тэгш байдлыг хангахаас гадна нийгэм дэх улстөрийн олон ургальч үзлийг дэмжих, улс төрийн боловсролыг дээшлүүлэх, шинэ улстөрийн хүчин гарч ирэх, өрсөлдөх, ард түмний хүсэл зориг төлөвлөшихөд хувь нэмрээ оруулах зорилготой байдаг. Энэ үүднээс улсын төсвөөс санхүүжилт олгох хэрэгтэй. Ингэхдээ хэсэгчилсэн байна гэж үзсэн.

 

-Тодруулбал?

 

-Намууд дан ганц улсын төсвөөс өгсөн мөнгөөр амьдраад байж болохгүй. Тэгэхээр улсын төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо тухайн нам сонгогчдоос хэдий хэмжээний санал авсан эсэхийг харгалзана. Хуулийн төсөлд нэг хувийн босго тавихаар тусгасан. Парламентад суудалгүй ч сонгогчдын нэг хувийн санал авсан бол улсын төсвөөс санхүүжилт авах эрх үүснэ. Хоёрдугаарт тухайн намын өөрийнх нь олсон татвар, хандивын орлоготой пропорцианаль байхаар олгох юм. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх улстөрийн боловсролыг дэмжихэд ийм хэмжээний мөнгийг энэ жил зарцуулъя гээд УИХ-аас төсвийг нь баталчихвал тэр мөнгөө намуудад хувь тэнцүүлсэн байдлаар өгөнгүүт намын өөрийнх нь олсон хэмжээнээс бага ч байж болно. Тэгэхээр улстөрийн намууд улсын төсвөөс санхүүжилт аваад амьдраад байх байдал бий болохгүй юм.

 

-Намуудад улсын төсвөөс санхүүжилт өгснөөр ямар давуу тал бий болно гэж үзэж байна вэ?

 

-Одоогийн хуулиар парламентад суудалтай намууд дэмжлэг авдаг байсан. Үүнийг арилгаж байна. Хоёрдугаарт улсын төсвөөс намууд санхүүжилт авч буй нь ардчилал парламентаа дэмжье, ардчилсан тогтолцоогоо хөгжүүлье, улстөрийн намуудаа бэхжүүлээд шударга өрсөлддөг болъё гэх үзэл санаа юм. Энэ үүднээсээ улсын төсвөөс санхүүжилт олгодог байх тогтолцоо зөв. Намын гишүүн хүн төрийн албанд очоод гишүүнчлэлээсээ татгалзсан ч эргээд намдаа хэрэгтэй ажил хийдэг гэх шүүмжлэлийг төр, намыг зааглах харилцаагаар зохицуулахаар хязгаарлаж өгч байгаа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх