Х.Тэмүүжин: Хуулийнхан бизнес эрхлэгчдийг гахай, үнээ гэж ангилдаг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 05

 

Өнгөрөгч даваа гарагт нээл­тээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, гур­ван хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлц­лээ. Тодруулбал, өнгөрөгч хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй байсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөл үзүүлэх тухай, Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн хяналтын тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Галт зэвсгийн хяналтын тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэв. Харин үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн хуулийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Өршөөлийн хууль нь эдийн засгийн өршөөлөөс гадна, татвар санхүүтэй холбоотой асуудлаар ял эдэлж буй иргэдийн эрх ашгийн асуудлыг хөндөж байгаа учраас УИХ хаалттай хэлэлцэхээр шийджээ. Гишүүд үдээс хойшхи хуралдаанд гар утас, Ipad-аа орхиж оролцсон бөгөөд нууцын зэрэглэлтэй дэвтрээ авч хуралдаанд оролцлоо. Мөн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Тавантолгойн төслийг хэзээ хэлэлцэж эхлэхийг УИХ-ын даргаас тодруулсан юм. Харин УИХ-ын дарга Засгийн газраас өргөн мэдүүлээгүй учраас хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй гэсэн хариулт өглөө. Нийгэмд хүлээлт үүсгээд буй нэн чухал гэгдэх хуулийн төслүүдийн талаар хэн юу хэлснийг дэлгэрэнгүйгээр уншигч танд хүргэе. 

Н.Батбаяр: Амьтнаас гадна хүнд буу хэрэглэнэ гэдэг заалт байж болохгүй 

Ц.Нямдорж: Ердийн журмаар хэлэлцэж байгаа юмыг ээлжит бус чуулганаар хэлэлцдэг нь ямар учиртай юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Ээлжит бус чуулган гэдэг санаанд орсон асуудлаа хэлэлцдэг юм биш шүү дээ. Мундаг том шаардлагаа тайлбарлаж өгөөч?

З.Энхболд: Ээлжит бус чуул­ганаар хэлэлцэх хуулиудын ач  холбогдлыг нь чухалчлаагүй. Хаврын чуулганаар яг батлагдах шахсан хуулиудыг гурван сар хүлээх хэрэггүй, хэлэлцээд шийдье гэж үзсэн. Тэгээд бас нэмж  олон улсын буудлагын тэмцээн  болох гэж байна. Хуучин хууль маш их хүнд сурталтай хууль байсан.

 Ё.Отгонбаяр: Тэмцээнээс болж хуулийг хэлэлцэж байна гэлээ. Нэг тэмцээнээс болж бусад хүнийг чирэгдүүлж болохгүй байх.  

Д.Ганбат: Буудлагын чухал тэмцээн болох гэж байгаа учраас хуучин хуулийг яаралтай өөрчлөх шаардлагатай болсон. Малчдын гар дээр байгаа бууг хурааж авна гэсэн ойлголт байхгүй.

Х.Тэмүүжин: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр сумны зохицуулалт байхгүй. Нийт сум хар зах дээр хууль бусаар худалдагдаж байгаа. Мөн галт зэвсэгтэй холбоотой бүртгэлийг сайж­руулж байгаа. Аль нь байлдааны, аль нь ангын гэдгийг ялгаж өгөхөөр болсон.

Ц.Нямдорж: Болгоомж­гүйгээр хүнийг буудаад, амийг нь хөнөөчихсөн  тохиолдол байдаг. Үүнийг санаатай хөнөөсөн гээд явуулчихаж болохгүй байх.

Х.Тэмүүжин:  Болгоомж-гүйгээр буу алдахтай хол­боо­тойгоор одоо үйлчилж байгаа хуульд хадгалах, тээвэрлэх журам байхгүй.  Тэгэхээр  шинэ хуульд  болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөсөн асуудал тэндээ шалгагдаад явчихна.

Ц.Даваасүрэн: Хотондоо буу тавьчихаар  спорт  гэх үү, сургалт гэх үү. Хангай газар чоно хотны хажууд ирээд хонины сүүл аваад явчихдаг амьтан шүү дээ. Тиймээс ангын бууг  аваад хотондоо тавьдаг. Дараа нь юу гэж тайлбарлах вэ?

Х.Тэмүүжин: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр иргэд галт зэвсгийг яаж ашиглах ёстой вэ гэдэг ямар ч заалт байхгүй.  Иргэн өөрийн амь бие, эд хөрөнгөө араатан амьтан, зэвсэгт халдлагаас хамгаалж болно гээд заачихсан байгаа. 

О.Баасанхүү: Ангын буугаа аппаратаар солъё гээд Байгаль орчны яамнаас уриалаад байдаг. Тоог нь гаргахад маш их тоо гарсан.  Ажлын хэсэг дээр үзмэрийн зориулалтаар ашиглая,  ан хийж болохгүй  гэсэн мөртлөө ингэж болохгүй ш дээ

Х.Тэмжүүжин: О.Баасанхүү гишүүн санах ойгоо сайжруулмаар байна. Та өөрөө буу худалдаж авах асуудлыг ярьж байсан. Ан агнах гэж байгаа  буу дахин цэнэглэгддэг байх ёстой. Хагас автомат буугаар ан агнана гэдэг ан хийх биш аллагын зориулалттай байдаг юм гэж ангын холбооныхон санал гаргасан. Та хуралд суугаад, хуулиа ч унших ёстой. 

Н.Батбаяр: Энэ хуулийг бодмоор юм шиг байна. Хамгийн гол заалт нь 11 дүгээр зүйлийн нэгдүгээр заалт. Монгол Улсын иргэн өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах, мөн өөрийн амь нас болон бусдын амь нас, зэрлэг ан амьтнаас хамгаалахад хэрэглэж болно гэж заажээ. Гадаадын орнуудад та өөрийн амь насаа хамгаалах гэж буу, галт зэвсэг хэрэглэж болно гэж заасан байдгийг оруулж ирсэн юм болов уу даа. Монголчууд эрт дээр цагаас амьтанд л галт зэвсэг хэрэглэдэг. Гэтэл хүнд хэрэглэнэ гэсэн энэ заалт хэр оновчтой вэ. 11.1 дүгээр заалтад анхаарал хандуулаач ээ. Ингэж болох уу. Хэлэлцүүлгийн шатанд анхаарах ёстой шүү. 

З.Энхболд: Хүнд буу хэрэглэнэ гэсэн заалтыг эргэж харах ёстой шүү.

...Энэ мэтээр хэлэлцүүлэг үргэлжилсээр 19 найруулгын саналыг уншиж сонсгон 64.3 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлэхээр дэмжлээ. 

Л.Цог: Энэ олон наадмуудаа хар, эдийн засаг хямарсан юм уу 

Хуралдаанаар хэлэлцсэн хоёрдугаар асуудал бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль байсан юм.  Хуулийн төслийн танилцуулгыг Хуульзүйн сайд Д.Дорлигжав хийсэн бол байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү танилцууллаа. Хуулийн төслийн танилцуулгатай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

Ц.Даваасүрэн: Энэ хуулийг гайхаад л байгаа юм. Хэрэгтэй юм уу гэж. Эдийн засгийн хямралтай үед гэж л ойлгоод байна. Манайд буруу жишиг тогтоочих вий гэж айж байна. 

Хэдий хэмжээний орлого орж ирж эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзээд байна вэ.Зайлшгүй шаардлага юу вэ. Шударгаар ажилласан хүмүүсийг хохироосон, хүмүүст халтай юм биш үү. Татвараа төлдөг хүн байхгүй болох вий. Татвар дээр шударгаар төлсөн хүн бурууддаг асуудал гарч байна шүү. 

Нэг удаад л гаргана гэж оруулж өгч болох юм уу. Тэгэхгүй бол зарчимгүй байлгахад чиглэсэн бодлого гарах вий.  

Д.Дорлигжав: Энэ хуулийн төсөл 2014 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу Засгийн газарт чиглэл өгснөөр боловсруулагдсан хууль. 

Жил гаруйн өмнө хэлэлцэгдсэн. Өмнөх Засгийн газрын үед яригдаад өнөөгийн Засгийн газар илүү боловсронгуй болгож оруулж ирсэн. Засгийн газар нэгэнт ийм далд эдийн засгийн мөнгө хөрөнгө байна, үүнийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байна гэж оруулж ирсэн.

Л.Цог: Бид буцаасан шүү дээ. Ээлжит бус чуулган хийх шалтгаан энэ хуультай холбоотой. Буцаахаар дахиж оруулж ирээд байгаа шалтгаан нь тодорхой шүү дээ. Шударгаар татвар төлсөн нь алддаг, шударга бусыг нь ингэж өршөөдөг байж болохгүй шүү дээ. Би эдийн засаг хямарсан гэж бодохгүй байгаа. Энэ олон наадмуудаа хар. Наадмаас хойш эдийн засаг хямарсан гэж бодохоо больсон. 

Ирэх жил АСЕМ хийнэ гэж байна. Тэр их мөнгө хаанаас гарах юм. Бид хамгийн буруу жишиг тогтоож байна. 2007 онд бид өршөөж үзсэн. Гэтэл одоо үр ашиг нь хаана байна. Ард түмэн хараад сууж байгаа. Бид бодлогын том алдаа хийх вий.Эрүүгийн асуудлыг Хуульзүйн байнгын хороо яагаад хэлэлцэхгүй байна вэ. Улстөрчдийг өршөөхгүй гэж авч хая. Өршөөлийн хуулийг бид хэлэлцэнэ.

Д.Дорлигжав: Түрүүчийн төсөл ямар үндэслэлээр буцсаныг бид мэдэхгүй. Гэхдээ Засгийн газарт чиглэл өгсөн 34 дүгээр тогтоол хүчингүй болоогүй. Тиймээс өргөн мэдүүлж байгаа. 



 
А.Бакей
: Хууль батлагдлаа гэхэд үйлчлэх үү. Сайн дураар хуулийг дагаж мөрдөх үү. Би бусдын нэр дээр хөрөнгөө нуусан юм гэж ил гаргах уу. Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хувь хүн, хуулийн этгээд хэн олон байна. Энэ талаар судалгаа байна уу. 




Д.Дорлигжав: Энэ хуульд 2015 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хөрөнгөө ил болгох ёстой гэж хуулийн төсөлд тусгасан. Энэ бол өмнө нь өргөн мэдүүлсэн байхад тавьсан хугацаа. Өмнөх хуулийн хугацаа бага байсан учраас энэ удаад хугацааг урт тавьж өгнө. Тэгэхээр үр ашиг гарах болов уу. 

ТЕГ-ын дарга Б.Ариунсан:  Ил тод байдлын хууль хэрэгтэй. Татварын хууль өөрчлөгдөж байгаа. Бүх юмыг 0 балансаас эхлүүлээд явмаар байгаа юм. Хуулийн олон зөрчлөөр хариуцлага хүлээсэн компаниудад нэг удаа боломж олгоод, нурууг нь амраая гэж ярьсан. Өнөөдрийн байдлаар ийм хэмжээний далд орлого татвар руу орно гэсэн тоо алга. 34-35 хувь нь далд байна аа гэдэг тооцоо гараад байгаа. Ил болсоны дараа тоо хэлж болно. 

З.Энхболд: Өмнө гаргасан хуулиар хэдэн хувь нь мөнгөө илчилж байсан юм. 

Б.Ариунсан: Хувь хүн, аж ахуйн нэгж нийлээд 40 мянган аж ахуйн нэгж татварынхаа асуудлыг ил болгосон. Улсын төсөвт дөрвөн их наядын хөрөнгийг ил болгосон. 2007 онд эдийн засаг ямар байсан билээ дээ. Тэгэхээр их мөнгө ил болно гэж харж байгаа. 


Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх