Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 10
“Ай, би сайхан сайхан хоолны нэр хэлваа!”
“Ай, би сайхан сайхан хоолны нэр хэлваа! Чи түүнийг сонсоод надад мөнгө төлваа!” гэх шиг манай өнөөгийн эрх баригч нам бүлэглэлүүд “Бид гайхамшигтай сайхан бүтээн байгуулалтыг яриваа, тэгээд төсвийн мөнгөнөөс авбаа!” гэдэг аргаар улсын төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь бүр улсын сан хөмрөгийн ёроолыг гартал хоослон хулгайлдаг, луйварддаг, иддэг боллоо.
Нийгэмд ямар ч ашиггүй, ашиггүй байтугай бүр хор хохиролтой тэдгээр “түйвээн байгуулалт”-ын жишээ өдөр бүр сонсогдож, одоо бүр “За тэгээд төсвөөс хичнээн тэрбумыг “цохиж” гэнэ хэмээн сонин болгон ярилцдаг болов.
Тухайлбал наадмын өмнө Сэлбийн гүүрний хоёр талд “усан хөшиг” байгуулсан тухай сүр дуулиан болон хөл алдаж том дарга нар нээлтийн ажиллагааны тууз хайчилж хүлээн авсан ажил нь 3 хоногийн л настай байж гэнэ. Шүүрэн шанага шиг нүхэлсэн ган хоолойгоор ус гоожуулах төдий тэр ажилд тэгээд 70 сая төгрөг зарцуулсан юм гэнэ. Түүнийг сонсоод “Хайран ч мөнгө. Тэр гүүрний “шанаанд” биш тариалангийн талбайд “бороожуулагч” босгосон бол энэ жил ургац алдлаа гэж яригдах тоо хэмжээ нь жаахан ч гэсэн багасах л байсан даа” хэмээн шогшрох хүн олон. Бүр “манай тэнэг хулгайч нар”-ын “түйвээн байгуулалтыг” Өмнөд Солонгосын хэвлэлд өөрсдийн бүтээн байгуулалттайгаа харьцуулан тавьж инээдээ барьж ядан доог тохуу болгосон байна хэмээн цахим сүлжээгээр зураг, бичигтэй нь үзүүлэн бичиж шуугив.
Тэрчлэн хотын дарга Э.Бат-Үүлийн хийж байгаа нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтрүүлж байна гэх өөр бас нэг үр ашиггүй ажил ч олон хүний цухлыг барж байна. Хотод шийдвэрлэх асуудал өчнөөн байхад ганцыг ч хэлтэлж чадаагүй энэ нөхрийн толгойд “автобусанд иргэдээс кондуктор мөнгө хураах нь хоцрогдол юм” гэсэн санаа зурсхийсэн байгаа юм. Энэ “толгой”-г аялдан дагаад байвал мөдхөн амаараа хоол идэх нь хоцрогдолд тооцогдож, цахим картаар уншуулдаг амны хаалт эрүүндээ зүүж байж хоол ид гэж тулгах байх шүү.
Цахим карт үйлдвэрлэгч гэх хэсэг этгээдийн шахааны бизнес, бүр шулуухан хэлвэл бүлэглэсэн хэдэн луйварчин иргэдийн халаас руу гараа шургуулж мөнгө суйлах сэдэл “даргын толгойгоор дамжин” хэрэгжиж буй нь энэ.
Бүтээх биш бүрэлгэх тогтоол
Тэгвэл бүр хэн нэгний хийх гэж оролдож байгаа ажлыг “унтраах”-ын тулд, тэр ажлынх нь нэрийг ашиглан мөнгө “цохих”-ын тулд хуйвалдан ЗГ-ын тогтоол гаргах ч энүүхэнд болсон байна.
2015 оны 06 сарын 15-ны өдөр “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 247 дугаар тогтоол гэгч гарсныг анзаарсан хүн төдий л олонгүй байх. Анзаарсан бол одоо л овоо юм хийхнэ гэж баярласан байх.
Гэхдээ аж ахуйн үйл ажиллагааны талаар, тухайн салбарын талаар хэр тааруу мэдлэгтэй хүнд ч, эсвэл эрх мэдэлтнүүдийн луйврын аргыг багцаалдаг хэнд ч болов ЗГ-ын уг тогтоолыг уншихад л бүтээх гэсэн биш бүрэлгэх гэсэн оролдлого явагдаж байна гэдэг нь анзаарагдана.
Тухайлбал “эрчимжүүлэх тухай” гэсэн үг нь л хэдэн этгээд худлаа ярьж баахан төсөв мөнгө үрчихээд хийх ажлаа мартчихснаа, одоо нөгөө сэдэл нь хэрэгтэй болмогц “эрчимжүүлэх” гэсэн үгээр сэргээж байна гэж ойлгогдоно. Тэгээд ч тогтоолын заалтыг цааш уншихад бүр ч андашгүй. Уг тогтоолд:
“1. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт байгуулах тухай Аж үйлдвэрийн яамны саналыг дэмжсүгэй.
2. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулан төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээг тогтоож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг сонгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийлгэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд тус тус даалгасугай.” гэж заажээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зэсийн орд илрээ юу, яагаад тэнд зэс цэвэршүүлэх үйлдвэр барих гээд байгаа юм бол? гэсэн асуулт хэн бүхний толгойд буух нь мэдээж.
Нөгөө талаар үйлдвэр байгуулах тухай Аж үйлдвэрийн яамны санал гэхлээр Улсын үйлдвэрийн газар байгуулах гэж байгаа болж таарна. Гэтэл 2 дугаар заалт нь “төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээг тогтоож” гэхлээр төрийн өмчийг хувийн өмч рүү “гулгуулах” гээд байна уу гэсэн хардлага төрнө. Хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд зэрэг сайдуудад үүрэг болгоод байгаа нь яамдууд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг болчихсон ч юм шиг харагдана.
Эцсийн эцэст сайд үйлдвэр байгуулах гэж ямар балдууш нь байх билээ дээ. Өөрөөр хэлбэл, зэс хайлуулах үйлдвэр барих нарийвчилсан судалгаа хийх төслийн нэгжийг байгуулах гэнэ. Төслийн нэгж гэдэг нь хэний ямар сонголтоор тавигдах ямархуу мэдлэг чадвартай “албан хаагчид”-аас бүрдэхийг ойлгож ядах юмгүй. Тэгэхлээр энэ ажил гардан хариуцсан эзэнгүй, зүгээр л “сайхан хоолны нэр хэлж” мөнгө “цохих” арга болох нь ойлгомжтой юм.
Засаг хэнтэй өрсөлдөв?!
Зэс хайлуулах үйлдвэр манайд хэрэгтэй. Тэгээд ч тийм үйлдвэрлэл эрхлэх бизнесийн орон зай нь одоохондоо өрсөлдөөнгүй шахам байгаа. Үүнийг олж харсан бизнес эрхлэгч хэдэн хүн хамтраад нэлээн хэдэн жилийн өмнөөс үйлдвэр байгуулах суурь бэлтгэлээ хангаж иржээ. Тэд тооцоо, судалгаагаа нарийн гаргаж үйлдвэрийн технологио ч аль хэдийн сонгож, хөрөнгө оруулалтаа ч шийдээд Эрдэнэтэд үйлдвэрээ байгуулахаар болоод байгаа ажээ. Уг үйлдвэр нь өөрсдийнх нь боловсруулсан ТЭЗҮ-ээр бол одоогийн яамныхны ярьж байгаагаас 2 дахин их буюу 120 мянган тонн зэс боловсруулах хүчин чадалтай байх юм байна. Тэд байгуулах үйлдвэрийнхээ талаар яамныхандаа танилцуулж ирсэн нь ч мэдээж.
Харин тэдний ТЭЗҮ-г Аж үйлдвэрийн дэд сайд Б.Цогтгэрэл үзье хэмээн аваад нэлээн удаан хугацаанд “судалсан” юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.