Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 23
У.Шекспирийн уянгын халилаас иш татаж, “Орших уу, Эс орших уу” гэж асууж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас эргээд энэ үгийг нь асуумаар. 2014 оны арванхоёрдугаар сард УИХ, ард түмэндээ хандаж хэлсэн түүний мэдэгдлийн гол цөм нь орших, эс орших тухай байсан учраас тэр. Үндсэндээ, түүнийг ажлаа авах үед төлбөрийн тэнцлийн алдагдал 880 сая ам.долларт хүрч, төгрөгийн ханш буурч, ам.доллар 1900-д, улсын өр ДНБ-ий 53 хувьд буюу 11.5 их наяд төгрөгт хүрэх таамагтай, хөрөнгө оруулалт буурсаар 4.6 тэрбумаас 0.6 тэрбум буюу гурав хүрэхгүй жилийн дотор 7.5 дахин буурсан байв. Оновчтой жишсэн түүнийхээр бол Монгол Улсын энэ байдал нь эзгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо. Харин ийм байдалд хүрсэн нь 2008, 2009 оных шиг дэлхийн дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямрал биш байв. Харин ч МАН-ын засаглалын үеэс эхэлсэн буюу орлогыг бэлнээр тарааж, дутууг нь зээлээр гүйцээж байсан дотоодын улстөрчдийн тарьсан гай байв.
Тиймээс нэгэнт дампуурал буюу ёроол нь тодорхой уналтын эсрэг Ч.Сайханбилэг улс төрөөс ангид эдийн засгийн бодлого боловсруулахыг хүссэн. Үүний тулд УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдээс Засгийн газраа бүрдүүлэхээс өөр сонголт байгаагүй.
Сөрөг хүчингүй, сөргөлдөх ч хүнгүй Засгийн газар байгуулснаар Оюутолгой, Тавантолгой зэрэг зэрэг асуудлыг шийдэж, өөрийн бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс ангид байж эдийн засагтаа л анхаарал хандуулах хамгийн оновчтой хувилбар нь энэ. Үүнээс илүү хувилбар байгаагүй гэдгийг хоёр ч Засгийн газар хүч сорихыг хүсээгүй, мега төслүүдийг эхлүүлж, хэл амнаас айлгүйгээр Дубайн гэрээ, Тавантолгойн төсөл зэргийг эхлүүлж чадсан явдал гэрчилнэ. Гэвч, “Хүссэн юм хүзүү орооно” гэгчээр эдийн засаг гэж ам нээх бүрийд улс төрийн ацан шалаанд орж тэрээр өнөөдөр энэ үгийг хэлэхээс ч “айдаг” болов. Нэгдэж эвсэх нэг хэрэг байвч, нийлээд зүтгэх нь хэцүү гэдгийг ойлгосон түүнд одоо дахиад л шинэ бүрэлдэхүүн хэрэг боллоо.
Харамсалтай нь, эдийн засаг мартагдаж, жинхэнэ улстөржсөн сар орчмын хугацаанд МАН-ын сайд нарын орыг залгах, зургаан сайд УИХ дундаас олдсонгүй. Бүлгүүдээс санал болгосныг нь Ч.Сайханбилэг голж, солих хүсэлтэй байгаа бол АН-ын дарга З.Энхболд нам доторх бүлгийн сонирхолд нийцүүлэх гэсээр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл сайдын биш яамны нэр голсоор суутал нэгхэн ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэх болов. Тэгвэл унахыг хүсээгүй ёроолдоо улам бүр ойртсоор байгаа энэ үед Засгийн газарт зургаахан гишүүн томилох асуудал яагаад ийм хэцүү болчихов.
Хувилбар нэг: АН-“Шударга ёс” эвсэл
Улс төрийн үйл явдлыг харвал, нэгээс өөр хувилбар байхгүй гэдгийг таамаглаж болохоор байгааг тодруулъя. Нэгдүгээрт, Н.Энхбаяр эргэн ирэх болсонтой холбогдож байгаа Өршөөлийн хуулийг “Шударга ёс” эвсэл дэмжиж, АН-тай хамтрах болзол. Мэдээж, АН-аас албан тушаалын хэргээр ял шийтгэл эдэлж байгаа эсвэл эдлэхээр цагдан хоригдож байгаа зарим нэр бүхий албан тушаалтан нь тус намын лидерүүдтэй холбогдсон элдэв хэргүүд энэ хуулиар дахин сөхөгдөхгүй байх ёстой. Тиймээс дээрх хуулийг баталж, нэг талдаа Н.Энхбаярыг улс төрд эргэн авч ирэх эвслийн, нөгөө талдаа АН-ынхны босгосон бондоос идэж уусан гэдэг хэл ам бүрмөсөн дарагдах АН-ын ашиг сонирхол бий. Үүнээс гадна, бие даагч гишүүдийн зөвлөлийнхөн буюу С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын нэгэнд цар хүрээ багатай ядаж ганц сайдын суудал өгөөд амыг нь барих хүсэл байсан. Гэвч, бие даагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үйл хөдлөл бүр дээр нь намнаж байсан учраас эргээд хамтрах нь ирэх оны сонгуульд шаансгүй болгохоос гадна, ярьж хэлсэн бүхэн нь зүгээр л улстөржсөн болж харагдана. Ердөө, өнгөн шалтгаан нь ийм дагавартай учраас тэд энэ удаа засагт хамтрахгүй болсон. Ялангуяа, С.Ганбаатар шиг үргэлж сөрөг хүчний байр суурь илэрхийлдэг улстөрч амаа үдүүлээд, Хөдөлмөрийн сайд эрхэлнэ гэдэг юу л бол.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.