Муу мэдээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 25

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ дэлхийн зах зээлд энэ оны эхний найман сар дараалан буураад байгаа билээ. Тэгвэл бодитой таамаглал дэвшүүлдгээрээ алдартай “Goldman Sachs Group Inc.”-ийн шинжээчид бүр ч муу буюу ирэх жилийн эцэс гэхэд зэсийн үнэ 4500 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг гаргажээ. Тодруулбал, ирэх жил зэсийн үнэ тус агентлагаас өмнө нь гаргаад байсан  2021 он хүртэлх урт хугацааны үнийн таамаглалаас даруй 44 хувиар буурна гэсэн үг. Энэ бол алсдаа бидний анхаарлаас гадуур өнгөрч болохгүй чухал мэдээлэл юм. Зэсийн үнэ он гарснаас хойш сар дараалан буурсаар эдүгээ 5000 ам.доллар буюу 2010 оноос хойших хамгийн бага төвшиндээ хүрээд байна. Байдал энэ янзаараа үргэлжилвэл улсын төсвийн орлого дахиад ч тасрах аюул нүүрлэнэ гэсэн үг. 



2014 онд баталсан 2015 оны төсөв нэг их наяд гаруй төгрөгөөр зөрж, улс орон хэмнэлтийн байдалд шилжсэн гэдгийг уншигч авхай мэдэж байгаа. Орлого тасрах болсон шалтгаан нь экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн үнийг 2014 оны тавдугаар сард баталсан “Төсвийн хүрээний мэдэгдэл”-д бичсэнээс хэт өсгөж тооцсон явдал байсан. Өөрөөр хэлбэл, 2014 оны тавдугаар сард 6080 ам.доллараар тооцоолоод оруулчихсан зэсийн үнийг 6900 ам.доллар хэмээн орлогоо хэт их нэмж оруулснаас болж төсөвт урьд хожид байгаагүй том засвар хийхэд хүрсэн билээ. Ингэснээр цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, нийгмийн шинжтэй өөр олон ажил орхигдоход хүрсэн. Тэгвэл зэсийн үнийн уналт үргэлжилж, “засварласан төсөв”-т тооцсон ханшаас ч доогуур орсон учир төсвийн тасалдал улам ихэссээр байна. 

Дэлхийн голлох банкууд, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг шинжээчдийн таамаглалаас үзэхэд, бидний хувьд хамгийн чухал буюу улсын төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэсэн тодорхойлолтод албан ёсоор орсон нүүрс, зэс дээр голчлон таагүй зүйлс бичжээ. Гол нэрийн эрдэс баялаг гэж тооцогдоогүй боловч валютын нөөц нэмэгдүүлэх гол хэрэгсэл болдог алтны хувьд ч энэ жил олигтой өсөлт ажиглагдсангүй. Харин ч буурсаар 2009 оноос хойших хамгийн доод төвшиндээ очих тийшээ ханджээ. 

Төмрийн хүдрийн үнэ ч яваандаа буурна хэмээн олон эдийн засагч таамаглаж байгаа нь манай улсын хувьд бас нэг муу мэдээ байх учиртай. Дэлхийн банкнаас гаргасан тайлбараар бол зэс, алт, төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурсан нь гол худалдан авагч Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлтэй хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой аж. Тэгвэл “Голдман сакс”банкнаас өнгөрсөн сард гаргасан мэдээлэлд, “БНХАУ-ын эдийн засаг ирэх 2-3 жил үргэлжлэн унана, түүнээс хойш 20 жилийн турш жил бүр маш бага өсөлттэй байна” гэсэн нь түүхий эдийн эрэлт цаашид ч айхтар өсөхгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын эрх баригчдын одоо хэрэгжүүлэх гэж буй экспортоо нэмэгдүүлэхийн тулд юанийн ханшаа сулруулж байгаа бодлого нь цаашдын өсөлтийг хангаж чадахгүй гэсэн санаа юм. Энэ нь манай улсын хувьд мөн л таагүй мэдээ.
 
Төсвийн талаарх сэдэвтээ эргээд оръё. Эрдэс баялгийн үнийн уналт 2016 оны төсөвт хүндээр тусах нь энэ оны эхнээс л ойлгомжтой болж эхэллээ. Үүнд зэсийн ханш төсөөлснөөс дэндүү доош ортол унасан, улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт төсөөлөгдөөгүй илүү зардал гаргасан зэргийг дурьдаж болно. 

Зэсийн үнийн уналтаас хүлээх алдагдлыг экспортоо нэмэгдүүлэх замаар нөхөхийг оролдож байгаа ч гэсэн үнэ үргэлжлүүлэн буурсаар байх аваас байдал хэцүүднэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Одоохондоо бид “Эрдэнэт” үйлдвэрээ “улайстал” ажиллуулж байгаадаа л тэсч байна. Нийт экспортод эзлэх зэсийн баяжмалын хувь хэмжээ өнгөрсөн жил 40 хувь байсан бол энэ жил бараг талыг нь буюу 48 хувийг нь дангаараа бүрдүүлжээ. Төмрийн хүдэр, нүүрсний олборлолт үүнд нөлөөлсөн нь мэдээж ч гэсэн зэсийн олборлолт байнга нэмэгдсээр байгаа юм. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх