Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 26
・ 3
Тавхан давхар хуучирсан байшингийн дээд доод өрөөнд сууж байгаа хүмүүс л бие биетэйгээ мэдэгдлээр харьцаж, бүр хэвлэлээр хэрэлдэж, ярилцаад байгаа нь эрхгүй сонирхол татах. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үг өнөөгийн улстөрчдийн үгсийн сангаас арчигдсан бололтой.
Мэдэгдэл шидэлцэх шалтгаан бусдын нүдээр бол тун өчүүхэн. Засгийн газрын зургаахан сайдыг томилох гэж манай нам эвслүүд, УИХ-ын гишүүд 20 хоног сэтгэлээ чилээж, хил дамжин зөвлөгөө тусламж гуйж аргаа барцгааж байна. УИХ-д ард түмнийг төлөөлж суугаа 76 хүн зургаахан хүнийг сайдаар суулгаж чадахгүй аргаа бараад нэг намын даргаас хил дамжиж тусламж гуйсан гэхээр л өмнөөс нь “бөгс улайх” шиг.
Хэвлэлийн төлөөлөгчөөрөө мэдэгдэл хийлгэж, хариу албан тоот хэвлэлээр дамжуулан шидэлцэж, хэрэлдэж уралцах хүртлээ асуудал даамжирчихлаа. Энэ ганцхан өнөөдөр болж байгаа үзэгдэл биш. Парламент, Засгийн газар гэдэг хоёр тусдаа байгууллага нэг эхийн ихэр хүүхэд шиг ханьсах болсон олон жилийн гажиг тогтолцооны хар гай өнөөдөр ийнхүү гарч байгаа хэрэг. Ерөнхий сайд нь бүрэн эрхээ ойлгохгүй, Ерөнхийлөгч нь эрхээ эдэлж чадахгүй, хууль тогтоох байгууллага нь хүчний байгууллагаас ялгарахгүй болсон гажуудал өнгөрсөн 25 жил энэ төрийг жинхэнэ утгаар нь самарсан.
Цаашдаа самрах нь тодорхой. Засгийн газар баталсан хуулийг хэрэгжүүлэхээс өөр ямар ч эрх мэдэл байхгүй. Тэр тусмаа Ерөнхий сайд ямар ч эрх мэдэлгүй. Ажлаа явуулна аа, сайдуудаа томилно оо гээд хатуухан мэдэгдэл хийчихнэ. Тэр нь хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүдэд таалагдахгүй бол маргааш нь өөрөө суудлаасаа буух тийм л хувь тавилантай. Засгийн газрын сайдаа явуулахгүй гэж зүтгэвэл өөрийг нь суудлаас нь буулгачихдаг дарангуйлал дунд ажлаа явуулна. Ерөнхийлөгчид баталсан хуульд хориг тавихаас өөр овойж товойх эрх мэдэл алга. Тавьсан хоригийг нь УИХ хүлээж авах шаардлагагүй учраас тэр нь бэлэг тэмдэг төдийхөн. Тэгэхээр хаадын хаад, хамгийг захирагчид бол УИХ-ын гишүүд байсан, цаашдаа ч энэ хэвээр байх нь. Цэцийн дээр хөх тэнгэр гэдэг шиг парламентыг захирах зүйл одоогоор энэ төрд алга байна.
Тэднийг сонгосон ард түмэн ч хариуцлага ярьж чадахгүй. Хууль ч тэдэнд үйлчлэхгүй. Харин сайдад бол УИХ өөрөө үйлчилнэ. Тэд хууль батлахаас гадна Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, огцруулах, дэд сайд нарыг томилох, Ерөнхийлөгч, Засгийн газрын хуулийг унагах, унагахгүй байх эрх мэдэлтэй. Энэ тогтолцооны үр дүнд бид 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар үзэж, хэдэн 100 сайдуудыг халж солилоо. Намд бас надад таалагдах сайд байх ёстой гэсэн улстөрчдийн шахалт дарамтын үр дүнд өнөөдөр зургаан сайдаа томилчихож чадахгүй хэрэлдсээр сууна. Хошин шог, эмгэнэл гэхээс өөр яалтай. Улс төрийн намууд өрөө өрөөндөө дуудалцан хор найруулж, улс төрийн ашиг хонжоо өгөө авааг ярилцсаар 20 гаруй хоночихлоо.
Танхимын зургаан сайд байтугай 76 гишүүнийг сонгочихоор цаг хугацаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж эхэлсэн, ургац хураалт тариалангийн ажил эхэлсэн, зам завсар, барилгын зээл зэрэг түм буман ажил хүлээгдсэн энэ үед дэндүү хайран хоногууд. Хөрөнгө оруулагчдыг хулжаах хөгийн улс төр энэ төрд үргэлжилсээр. Хуулийн хугацаагаар бол Засгийн газрын сайдыг огцруулж, чөлөөлснөөс хойш 30 хоногийн хугацаанд дараагийн сайдын нэрийг өргөн мэдүүлэх учиртай. Өргөн мэдүүлэх эрхийг Ерөнхий сайд эдэлдэг.
Одоогоор энэ эрх нь намууд тэр дундаа УИХ-ын гишүүдэд байгаа учраас Ерөнхий сайд өөрийн багаа бүрдүүлж, ажил хийх сайд томилж чадахгүй сууж байгаа юм. Ажил гацаасан, өршөөлийн хууль батлуулж буян үйлдсэн, намдаа тэрбум төгрөг бэлэглэсэн хүмүүс л сайд болох учраас Аргаа барахдаа намууд ажил хийлгэхгүй байна гэж мэдэгдэл хийгээд ч тусыг эс олов. Ажил хийх сайдыг бус албан тушаал эрх мэдэлд оччихоод эргээд ачийг нь хариулах хүнийг намаас, фракциасаа эрж хайн улс төрийн намууд хугацаа алдсаар байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.