Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 01
・ 2
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлж, шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцохоор ирсэн юм.
Гэвч гэрч дутуу учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс тавьснаар хурал түр завсарласан юм. Хэсэг хугацааны дараа шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг энэ сарын 10-ны өдөр 10:00 цаг хүртэл дахин хойшлуулж, шүүгдэгч Л.Гансүх, н.Мөнгөнтуяа, н.Даваахүү нарыг цагдан хорихоор боллоо.
Л.Гансүх нарын шүүх хурал наймдугаар сард хоёр удаа хойшилсон. Учир нь шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагууд мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байв.
Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм.
Түүнд холбогдох хэргийн тухайд өмгөөлөгч нь Л.Гансүхийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй. Харин ч хилс хэрэгт гүтгэгдэж байгаа. Улстөрийн зорилгоор зохиосон хилс хэрэгт гүтгэгдэж байгаа хэмээн, тэр ч байтугай цагаадах ёстой гэж үзэж байгаа юм. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөрт төрөөс нэг ч төгрөг зарцуулаагүй. Үүнээс гадна Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэхдээ Ерөнхий сайдын даалгасан ажлыг хийсэн болохоос, шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүй, тиймээс албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй гэж үзэж байгаа юм.
Д.Үржин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.