Ц.Нямдорж: Тавантолгойг улстөржүүлсэн хоёр л хүн бий

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 01 ・ 3

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

 

-АН арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг болчихлоо-

 

-Ерөнхий сайд зургаан сайдаа томилж чадахгүй байна. Нэг ёсондоо улс орны чухал салбарууд эзэнгүй байна л даа. Маргаан хаанаа байна. Та энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

 

-Маш товчхоноор ярихад эрх баригч бүлэглэл АН, “Шударга ёс” эвсэлд төр барих ухаан алга. Тэд өмнө нь ч төр барьж чаддаггүй байсан. Одоо ч мөн ялгаагүй. Ямар ч тооцоогүй санаанд орсон шийдвэрээ гаргадаг. Миний харж байгаагаар 1998 оны Ч.Сайханбилэг, Баярцогт хоёрт /50 нас дөхөж яваа хоёрт/ ямар ч ялгаа алга. Тэдэнд төр барих ухаан алга. АН-ынхан тооцоогүй хэр нь дэмий зүйл хийдэг аргатай улс. Бүхнийг захирах гэж оролддог. Тэгсэн хэр нь юу ч захирч чаддаггүй. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн даргатай болчихсон. Хэлсэн үгэндээ эзэн болж идсэн хоолондоо сав болдог албан тушаалтан АН-д алга. Үүнээс хямрал, ажил төрлийн дампуурал эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн хүний хат эр зориг суугаагүй байна. З.Энхболд намынхаа дарга болчихоод фракцгүй нам болно гэдгээ зарласан. Фракцгүй болсон нь хаана байна. Далдуур хуйвалдаад аль фракцийн хэнийг сайд болгох вэ гэдэг дээр тохирч чадахгүй хоёр сар өнгөрлөө. АН фракцгүй зарчимд хэзээ ч шилжиж чадахгүй. 1000 төгрөгийн архийг зарахгүй гээд хорихоор лангууны доор тавьдаг. Түүнтэй л адил ойлголт гэсэн үг. Ил байсан нь далд ороод хуйвалдаан, хор хоёр нь улам хүндээр тусдаг хэлбэр рүү шилжиж байгаа юм. 

 

-Одоо тэгэхээр яах вэ?

 

-Хэзээ мөдгүй төсөв хэлэлцэх гэж байхад Сангийн сайд байхгүй. Бичин жилийн өвөл хаяанд ирээд байхад Онцгой байдал хариуцсан сайдгүй сууж байна. Өөрийнхөө найруулсан хор хуйвалдаанд өөрсдөө хордоно гэж үүнийг хэлдэг юм. Наадмын өмнө Улаан-Үдэд очиж Өршөөлийн хууль гаргана, МАН-ыг хамтарсан засгаас “хөөнө” ярьсан гэсэн. Тэр хор хуйвалдаанд живчихээд босч ирж чадахгүй сууж байна. Гэхдээ энэ эзэнтэй. Би Ч.Сайханбилэгийг л хэлнэ. Тэр Монгол Улсын Ерөнхий сайд хийж байгаа юм бол зургаан сайдынхаа асуудлыг оруулаад ирэх эрх нь хуулийн хүрээнд нээлттэй байгаа. Фракцуудын дарамт байгаа бол танайхаас тэрийг авна гэж хэлээд зохицуулаад явж болно шүү дээ. Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцорвол таарна гэсэн байна лээ. Түүнтэй санал нэг байна.

 

АН эрх бариагүй үед нам нь зовлон, эрх барьсан үедээ төрийн зовлон болж байна. Фракцын зовлон нь тэднийг ийм байдалд хүргэж байна. Дээрээс нь МАХН, ҮШН-ынхэн гээд зовлон нэмэгдлээ. Өөрийнх нь зовлон дээр өрөөлийнх нэмэгдэж, АН арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг болчихлоо. Сайдынхаа асуудлыг оруулж ирж чаддаггүй Ерөнхий сайд гэж юу байдаг юм. Чадахгүй бол явах хэрэгтэй шүү дээ. Тэр ямар суудалд сууж байгаагаа мэдэхгүй байна.

 

-Тавантолгойн ордод санаархсан улс төр, бизнесийн бүлэглэлээс дээрх асуудал үүдэлтэй гэх яриа байна..?

 

-Зургаан сайдын томилгооны асуудал дээр Тавантолгой хамаагүй. Тавантолгойг улстөржүүлсэн хоёр гол хүн нь Элбэгдорж, Энхбаяр. Ц.Элбэгдорж 2006 онд эрдэнийн хувь гэдэг зүйл амласан. Энэ нь 2008 оны АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болж байв. Үүний дараа Н.Энхбаяр 2007 оны хаврын чуулганаар Эх орны хишиг гэх хөтөлбөр оруулж ирж батлуулсан. Ингэж л Тавантолгойн асуудал эхэлсэн. Миний яриад байдаг төмөр замыг будлиулсан явдлын цаана Тавантолгой байсан. Тавантолгойг женкогийн эрхшээлд оруулах гэсээр байгаад юу ч биш болгосон. Одоо дахиад Тавантолгойг хөдөлгөх гэхээр женкогийн бүлэглэл бусад буюу Зи-гийнхэнтэй нийлээд хор хийж байна. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ТУЗ-ийнх нь даргаас эхлээд бүх зүйлийг хийсэн. Тавантолгойд эзэн суух далдын шунал улстөрчдөд олон жил үргэлжилж байна.

 

-Н.Энхбаяр, Ч.Улаан нар намаа сульдуулж, хагалах ёсгүй байсан-

 

-МАХН гэж нэг зовлон байна гэлээ. Энэ нам танай намаас тасарсан мах, үсэрсэн цус гэж ярьдаг. МАХН эргээд танай намтай нийлнэ гэх яриа үе үе гардаг л даа?

 

-МАХН-ыг би байгуулаагүй. МАН Их хурлаараа нэрээ сольсон. Тэр Их хуралд дөрөвхөн хүн нэр солихын эсрэг санал өгсөн. Энэ дөрвөн хүн нийлж МАХН гэх нам байгуулахыг оролдсоныг АН овжноор ашиглаж, хууль бус бүртгэл хийлгэсэн. Улсын Дээд шүүхийн хуралдааны зөвлөлдөх тасалгааны нууц гэж байдаг. Зөвлөлдөх шатанд орсон байхад нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч Зориг, танхимын тэргүүн шүүгч байсан хоёр хүнийг бүртгэ гэж тулгаад хууль бусаар бүртгэсэн. Тасарсан мах, үсэрсэн цус гэж энхрийлж хэлмээгүй байна. Манай намын байж байгаа царайг хар. Үнэнийг хэлэхэд АН-ынхан манай намын энэ хуваагдмал байдал дундуур гүйж сонгуульд олонх болсон юм. Ийм үр дүн гарна гэдэг тооцоог Н.Энхбаяр бид хоёроос өөр хэн мэдэх юм. Н.Энхбаяр ирээд АН-тай хамтарна, Засгийн газарт зөвлөгөө өгнө гэх зүйл ярьж байна. Тэгэхээр тасарсан мах, үсэрсэн цус биш, бүр төрөл арилжсан байх. Улс төрд гэнэтийн зүйлүүд гарч ирдэг. Тиймээс цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Уг нь Н.Энхбаяр, Ч.Улаан бид мэтийн МАН-ын буян заяагаар өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс энэ намыг сульдуулах, хагалуулах ёсгүй байсан юм. Урвагчид гэж дайраад байгаагийн шалтгаан нь энэ. Намын буянаар бүх өндөр албан тушаалд суучихаад буухаараа ийм араншин гаргаж байгаа нь хүн чанартай хүний хийх ажил биш. Ийм хүмүүсийг оросуудын ярьдгаар “совестгүй” гэдэг юм. МАН-ын жирийн гишүүд дэмжигчид хэзээ нэгэн цагт үүнийг ойлгоно. Сонгуулийн үр дүн туйлын таагүй байгаад гудамжинд лааз өшиглөсөн үедээ нам ойлгох байх.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 01/

    MAN nam zadrahag gol uurgiig Nyamdorj guitsetgesen baihaa. nuuts horlogch uuriiguu huurhii

    1
    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 01/

    Тэр нам энэ нам гээд яриад байх шаардлагна ердөө алга. Ер нь нам төвтэй байснаас, гишүүд давхар алба хашдгаас болоод хамаг хэрэг мандаж байна. Сайдын хэдэн суудал гархаар л яаж байна харж байгаа биздээ. ийм начирхсан байдлыг бий болгоход бүр эхнээс нь оролцсон, үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад гар

    1
    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 01/

    Тэр нам энэ нам гээд яриад байх шаардлагна ердөө алга. Ер нь нам төвтэй байснаас, гишүүд давхар алба хашдгаас болоод хамаг хэрэг мандаж байна. Сайдын хэдэн суудал гархаар л яаж байна харж байгаа биздээ. ийм начирхсан байдлыг бий болгоход бүр эхнээс нь оролцсон, үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад гар

    Хариулах