Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 13
・ 4
Б.ШИРНЭН
“Улс орны маань улс төр, нийгэм эдийн засгийн амьдрал ээдрээтэй боловч сонирхолтой үед та бид хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага БНМАУ-ын Бага Хуралд олны итгэл өвөрлөн сонгогдоод анхныхаа чуулганыг хийх гэж байна…” хэмээн 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын дарга Р.Гончигдорж Байнгын ажиллагаатай парламентын анхны чуулганы хуралдааныг нээж үг хэлжээ.
Харин тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байсан П.Очирбат анхны хуралдаанаа хийж байгаа Бага хурлын гишүүдэд хандан “…Монгол нийгмээ шинэ маягаар эмхлэн төвхнүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх их үйлсийг Улсын Бага хурал гардан хариуцаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртай гэж ард нийтээр өндөр итгэл найдвар хүлээлгэж байна. Энэ өргөн цар хүрээтэй, нарийн түвэгтэй зорилтуудыг Улсын Бага хурлын гишүүд та бүрэн шийдвэрлэх болно” гэж захижээ. Ингээд Бага хурлын 50 гишүүнээс С.Баярцогт гадаадад ажилтай, Д.Батсүх өвчтэй учраас 48 гишүүн анхны Бага хурлаа хийж, БНМАУ-ын хурлын анхдугаар чуулганы дэгийг батлах, Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс батлах зэрэг амин чухал ажлуудыг гардан гүйцэтгэсэн юм.
Үндсэндээ, анхны Бага хурал нь Ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байсан Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллагыг шинэтгэх, эрхзүйн үндсийг бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан юм. Тухайлбал, Улсын Бага хурал Монгол Улсын шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулан Ардын Их Хурлын чуулганд оруулж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлуулсан билээ.
Харин өчигдөр Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож, УИХ хүндэтгэлийн хуралдаан хийв. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болоод 1990 оны АИХ-ын дарга, орлогч дарга нар, УБХ-ын гишүүд, үе үеийн УИХ-ын гишүүд оролцлоо.
Өнгөрсөн 25 жилд
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд УБХ болон зургаан удаагийн парламент Анхдугаар хуралдааныг зургаан удаа, ээлжит чуулганыг 47 удаа, ээлжит бус чуулганыг 12 удаа, хүндэтгэлийн хуралдааныг 22 удаа хийж бие даасан хууль 454, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2209, гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 330, хууль хүчингүй болсон тухай хууль 145, Улсын Бага Хурлын тогтоол 167, Улсын Их Хурлын тогтоол 1779, нийт 5084 хууль, тогтоол хэлэлцэн баталж байжээ.
Мөн 1990-2012 оны хооронд 326 хүн, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр сонгогдон ажилласны дотор долоон удаа сонгогдсон гишүүн хоёр, зургаан удаа сонгогдсон гишүүн хоёр, таван удаа сонгогдсон гишүүн дөрөв, дөрвөн удаа сонгогдсон гишүүн 14, гурван удаа сонгогдсон гишүүн 30, хоёр удаа сонгогдсон гишүүн 68, нэг удаа сонгогдсон гишүүн 206 байна.
УБХ 1990-1992. УБХ нь таван байнгын хороотойгоор үйл ажиллагаа явуулж байжээ. Тухайн үед МАХН-31, МоАН-13, МСДН-3, МҮДН-3 суудалтайгаар Улсын бага хулыг бүрдүүлэн ажиллаж байсан байна. Энэ хугацаанд УБХ нь 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 17 олон улсын гэрээ, конвенци соёрхон баталсан байна.
УИХ 1992-1996. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэ үед УИХ-ын даргаар ажилаж байсан юм. УИХ-ын байнгын хороодын тоог 10-т хүргэсэн бөгөөд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж 70 суудал, МоАН-МҮДН-НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН-1, бие даагч-1 сонгогдож байсан юм. Тус бүрэлдэхүүнтэй УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 137 хууль баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 46 хуулийг хүчингүй болсонд тооцсон байна. Мөн олон улсын гэрээ, конвенци 40-ийг соёрхон баталж байжээ.
УИХ 1996-2000. УИХ 10 байнгын хороотой ажиллаж байсныг 1997 онд долоо болгож бууруулсан байна. МАХН энэ удаагийн сонгуулиар 25 суудал авч, “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудалтайгаар Засгийн эрх авч, МУНН үлдсэн нэг суудлыг авсан байдаг. Тус УИХ шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 32 хуулийг хүчингүй болсонд тооцжээ. Мөн олон улсын гэрээ, конвенци 71-ийг соёрхон баталсан байна.
УИХ 2000-2004 он. 2000 оны сонгуулиар Засгийн эрхэнд гарсан “Ардчилсан холбоо” эвслээс ердөө ганцхан хүн УИХ-д сонгогдож, МАХН 72 суудалтайгаар үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.