Юун сонгууль, өрөө төлцгөө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 28

 

Цагтаа цалгиулж явлаа гэдэг шиг 17.5 хувийн эдийн засгийн өсөлт, үндэсний мөнгөн дэвсгэрт нь “ноён ногооны” эсрэг хамгийн чанга валют хэмээн гайхагдаж явсан үе ард хоцорчээ. Гэхдээ энэ ердөө 3-4-хөн жилийн өмнөх явдал. Харин өнөөдөр аав, ээж нь сарын цалингаа 10 настай хүүдээ өгөөд сарын хэрэглээгээ зохицуулаарай гэснээс толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийж хоосон хонох дээрээ тулчихаад байгаа мэт нөхцөл байдал Монголын эдийн засагт нүүрлэжээ.

 

Өр хаалга тогшиж байна. Өрөө төл, өрөө төл хэмээн Грек шиг дэлхийгээр нэг зарлуулах хугацаа хаяанд тулчихлаа. Өвөг дээдсийн үеэс “өртэй хүн өөдөлдөггүй өттэй ямаа таргалдагггүй” хэмээн сургамжилж ирсэн ч өнөө цагт өр зээл тавьж байж бизнесээ өргөжүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг болсон. Тэгвэл тавьсан өрөө гарын салаагаар урсгаж, үрэн таран хийчихээд эдийн засаг хүндэрлээ, бүсээ чангалъя хэмээн ямбатнууд ядуу иргэд рүүгээ чиглүүлсэн бодлого боловсруулж сууна.

 

Арилжааны зээл болохоос буцалтгүй тусламж биш

 

Өлөн зэлмүүн лангуун дээрээ давснаас өөр бараагүй болтлоо туйлдаж үзсэн ард түмэн атлаа 1990-2012 он хүртэл орж ирсэн мөнгө буюу 2.8 тэрбум ам.долларыг ганцхан жилийн дотор 2013 он гэхэд өр зээл хэлбэрээр авчихсан байв. Гэхдээ 1990-2012 онд бидний гаднаас авч байсан зээл бүгдээрээ хөнгөлөлттэй, буцалтгүй тусламж байсан. Одоо манайх дэлхийн зах зээлээс арилжааны зээл авч байна. Арилжааны зээлүүд хэзээ ч буяны чанартай байдаггүй, цэвэр бизнес. Зээлсэн мөнгөө заавал төлөх ёстой. Төлөхгүй бол өөр байдлаар төлж таарна гэдгээ өнөө хэр ухамсарлахгүй явсаар байгаа нь гайхмаар.

 

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр өр зээл тавьсан нөхдүүд суудлаасаа буучихна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлснээр бидний үр хүүхдүүд төлчих юм чинь гээд улсынхаа нэр хүндийг “навс” унагаан байж өндөр хүүтэй зээлсэн мөнгөө жанк бонд болгосоор 2015 оныг үдэх гэж байна.

 

“Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын 290, Олон улсын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас 2012 онд 187.3, 2013 онд авсан 214 сая ам.долларын зээлийг хэрхэн төлөх вэ. Үүн дээр БНХАУ-ын “Хөгжлийн банк”-ны 280 сая ам.долларын өр нэмэгдэнэ.“Самурай“ бондын 24.3 тэрбум иен буюу 300 орчим сая ам.доллар, энэ онд гаргасан 161 сая ам.долларын “Дим сам” бонд гээд цааш хөвөрнө. Үүн дээр нэмж өр зээл тавихаар Сангийн яам, Монголбанкныхан судалж байгаа гэсэн.

 

 

 

“Чингис”, “Самурай” бондын өрийг улсын төсвөөс төлнө. Эргэн төлөлтийн асуудал одоохондоо яригдахгүй байгаа ч 2017, 2018 оны төсөвт энэ хэмжээний мөнгө зайлшгүй тусгагдах болно. Тэгэхээр 2-3-хан жилийн дараа ийм их хэмжээний орлогыг төвлөрүүлэх аж үйлдвэрийн төслүүд хаана байна вэ. “Самурай” бондыг үйлдвэржилтийг дэмжих зорилгоор арилжаалсан. Энэ хүрээнд экспортыг дэмжих, импортыг орлох төсөл сонгон шалгаруулж, бүх зүйлийг тэгээс эхлэнэ гэсэн ч нүдэнд харагдаж гарт баригдахуйц ажил хийсэн нь маш цөөхөн. Бондын хөрөнгийг олон төсөл хөтөлбөрт зарцуулна гэж ярьсаар л.

 

Сонгож авсан төслүүдээ ямар үндэслэлээр сонгосон, тооцоо судалгаагаа хэрхэн хийсэн  нь ойлгомжгүй байсан, одоо ч мөн адил. Ганц жишээ татахад үндэсний үйлдвэрлэгч “Эксклюлзив” компани бондын хөрөнгөнөөс 650 сая төгрөг зээлсэн. Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй хэр нь өдгөө хаалгаа барихаар болсон гэдгээ захирал бүсгүй нь мэдэгдэж байсан. Энэ мэтчлэн зээлсэн мөнгөө бүрэн гүйцэд эргүүлэн төлж буй эсэх нь тодорхойгүй компаниуд олон. Зээлийн эргэн төлөлтийг эргээд хэн хариуцах юм бэ.

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх