Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 29
“Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар огцорсоны дараа “Шийдлийн” гэх гоё нэртэй болж гарч ирсэн. Тэгвэл “Шийдлийн” Засгийн газарт орж ажилласан МАН-ын сайдуудын нэг нь Д.Цогтбаатар байлаа. Мань хүний сайдаар ажилласан хугацаандаа хийсэн нэг ажил нь орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудал байв.
Яг ч урьдчилгааг 10 хувь болгож байгаа юм биш. 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах журмаар иргэдийг орон сууцтай болгох талаар ярьсан хэрэг. Үндсэндээ иргэдийг урьдчилгааны дарамтаас чөлөөлж, төр засаг нь батлан даах талаар гоё, гоё зүйл хангалттай ярьсан юм. Сайдын албаа өгснийхөө дараа ч тэр бүх зүйл бэлэн болчихсон, урьдчилгаа 10 хувь болсон шүү дээ гэх маягийн юм ярьж байлаа, тэр хүн.
Гэтэл яг үнэн хэрэг дээрээ урьдчилгаа 10 хувь болчихсон юм алга. Мань хүн зүгээр л жилийн найман хувийн зээлийн журамд багахан өөрчлөлт оруулж, 10 хувийн урьдчилгаа төлнө гэсэн хэдэн үг үсэг нэмсэн төдий. Албархуу биш энгийнээр тайлбарлавал нэг иймэрхүү. Мэдээж цөөнгүй хэдэн зүйлийн өөрчлөлт оруулсан нь үнэн.
Гэхдээ л Засгийн газар 20 хувийн урьдчилгааг батлан даах асуудлыг эцсийн байдлаар шийдээгүй байхад л болчихсон юм шиг ярьсан нь өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгэчихлээ. Дээрээс нь олон иргэн хохирч магадгүй байдалтай болчихоод байна. Гэтэл 10 хувийн урьдчилгааны “үлгэр” буюу 20 хувийн батлан даалт гаргах асуудал шийдэгдэхгүй байж магадгүй болчихлоо.
Яг үнэндээ Д.Цогтбаатар “Би нэг баавгай ална. Арьсных нь талыг чи аваарай. Би баавгайгаа алах гээд буугаа бэлтгэчихсэн” гэж хэлчихээд, өнөөх баавгайгаа алж чадахгүй яваатай л адил зүйл хийчихээд албаа өгчихсөн нөхөр шүү дээ. Гэтэл өнөөдөр “Буянт-Ухаа-2” хороолол гэхэд 10 хувийн урьдчилгаа төлөөд байраа захиал гэж хэлээд иргэдээс захиалга авчихсан. Мөн олон барилгын компани 10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд байрандаа ор гээд л сурталчлаад байгаа.
Хэрвээ 20 хувийн батлан даалт бүтэхгүй бол иргэд банкинд өөрсдөө 30 хувийн урьдчилгаагаа гүйцээж төлнө. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн дүнгийн 20 хувиа гүйцээж төлөх шаардлагатай болон гэсэн үг. Хэрвээ төлж чадахгүй бол тодорхой шимтгэл төлж, мөнгөө буцааж авах байх. Арай гэж 5, 10 сая төгрөг хурааж, байрны урьдчилгаанд өгчихөөд, орон сууцанд орж чадахгүй, цаашлаад мөнгөнийхөө тодорхой хувийг алдах ч эрсдэлтэй тулгарчихаад байна.
Тэгвэл Д.Цогтбаатарын сайд байхдаа зуурсан түүхий бантанг халааг нь авсан З.Баянсэлэнгэ сайдтан “болгож” чадах уу, үгүй юу гэдэг нь бас л эргэлзээтэй. Мань хүн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Иргэд орон сууцны зээл авахдаа урьдчилгаа 10 хувийг төлнө гэх асуудал бүх төвшинд яригдаад удлаа. Үүнийг Засгийн газрын төвшинд ярилцсан байгаа. Асуудлыг шийдэхийн тулд нэлээд ажиллах ёстой юм байна. Хамгийн гол нь зарим тооцоо судалгаа баримт бичгийн бүрдэл дутуу байхад нь нийтэд зарлачихсан юм болов уу гэж ажиглаж байгаа. Бичиг цаас түүхий байхад ингэж зарласантай холбоотойгоо хувийн хэвшилд дарамт ирж байгаа тохиолдлууд ч байгаа. Дээрээс нь энэ асуудлыг манай яам дангаараа шийдэхгүй. Таван талт гэрээг байгуулах ёстой. Энд БХБЯ, Сангийн яам, арилжааны банкууд, Хөгжлийн банк, нийслэлээс оролцсон таван талт гэрээг байгуулаад, үүнийхээ дагуу дүрэм журмаа хүртэл гаргах ёстой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.