Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 02
・ 2
Намхайцэрэнгийн Санчир. Энэ хүнийг зураач мөн УДБЭТ-ын анхны дарга, зураач төрийн шагналт Намхайцэрэн агсны хүү гэдгээр нь олон хүн танина. Энэ удаад түүнийг ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг мөн С.Зориг агсны дотны хүн байсан учраас онцлон зорьж очлоо. Аравдугаар сарын 02 бол Монголын шинэ үеийн түүхийн хамгийн хар өдрүүдийн нэг. Эргэн дурсахад олон хүнд эмзэг хэцүү байдаг ч магадгүй дурсахгүй бол С.Зориг гэх улстөрчийн үхэл зүгээр л энгийн нэг үзэгдэл мэт болно биз. “Хүн амины хэрэг заавал илэрдэг” гэж хуулийнхны ярихыг олонтаа сонсч байсан ч С.Зориг агсны хэрэг учир битүүлэг байсаар. Өдөр хоног, сар жил өнгөрөх тусам энэ бол улстөрийн аллага гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй болсоор байна. Н.Санчир гуай “Хүн гэдэг амьтан үйлийн үрээ заавал эдэлдэг. Бурхан дээрээс харж байдаг юм шүү дээ. Өнөөдөр л болж байвал маргааш яахав гэсэн зүйл хэзээ ч байдаггүй. Тэгэхээр энэ хэргийн эзэд хэдэн үеэрээ үйлийн үрээ эдлэх л болно” гэж билээ. С.Зориг агсан хэрхэн ардчилсан хувьсгалд хөл тавьсан хийгээд хувь хүнийх нь талаар бид ярилцсан юм.
-Хоёулаа яриагаа кофеноос эхэлье. Учир нь Санчир гуайг дурсахаар кофе үнэртэх шиг болдог гэх үгийг би олон хүнээс сонссон шүү?
-Манайх дээр үеэсээ л кофе байнга хэрэглэдэг айл. Миний бага байхын л тийм. Аав маань Германд сургууль төгссөн хүн шүү дээ. Европт сурч, амьдарч байсан хүмүүс чинь цайг эм болгож уухаас биш, кофе л ууна. Бод доо, дэлхийн хоёрдугаар дайны үед кофе тасарчихсан байхад хар цагаан будаа, янз бүрийн юм шарж хуураад ч болтугай хуурамч кофе маягийн зүйл ууж байсан гэдэг европчууд. Манайх бол кофе уудаг жирийн монгол айл байсан. Чанадаг итали, франц, турк арга, машин ч гэж байсангүй. Гэхдээ тэр үед манайд чехууд, германчууд ч кофе уух гэж ирдэг байлаа. Үрээр нь аваад бутлаад л турк аргаар чанадаг байсан болохоор манайхыг зорьж ирдэг байсан байх.
-С.Зориг агсны хувьд таны кофенд хэзээнээс “дурласан” юм бэ. Та хоёр эртний танилууд байсан уу?
-Зориг бид хоёр бол бүүр эртний танил. Хэдэн үеэрээ. Аавыг нь сайн мэдэхгүй л дээ. Ээжтэй нь, өвөөтэй нь манай ээж, аав эртний танил. Ээжийг нь хүмүүжүүлсэн хүнийг ч мэднэ. Манай аав Намхайцэрэн Германаас ирснийхээ дараахан буюу 1930-аад оны дундуур гүүр барих ажлаар хөдөө явж байхдаа Зоригийн өвөө Симуков гэж хүнтэй уулзаж, нөхөрлөж явсан гэдэг. Симуков гуай их л аминчлан “за Намхай минь сэжиглэж л болохгүй шүү дээ” гэж захисан юм гэнэ билээ. Аав маань Европоос ирээд удаагүй байсан болохоор хөдөөгийн айлын эзэгтэйн ханцуйгаараа шудраад өгсөн тагшинд сайн дасахгүй ам хамар дээр нь элдэв юм гарчихсан явж байсан бололтой. Тэгээд л тэр хүн ингэж онцлон хэлсэн байх л даа. Өндөр Дамдинсүрэн гуай ч уулзаж ярилцаж дотно явсан гэдэг. Бид хоёр ийм л дээр үеийн холбоотой хүмүүс шүү дээ.
-Би таныг С.Зоригийг ардчилсан хувьсгалд хөтөлж оруулсан хүн гэж сонссон. Таны үгийг авдаг, танаас үг сонсох гэж их очдог байсан гэсэн?
-Ардчилсан холбоо, ардчилсан хувьсгал гэгч зүйлд чинь Баасан лам бид хоёр Зоригийг чирээд оруулчихсан нь үнэн. Үүнээс болж заримдаа үнэхээр их харамсдаг. Нүгэл хийчихсэн ч юм болов уу даа гэж өөртөө гомддог юм. Магадгүй би тэр хүнийг энэ бүхэн рүү чирч оруулаагүй бол өнөөдөр инээгээд л явах ч байсан юм бил үү. Манай гэрт Зориг тэргүүтэй хэдэн хүүхэд тухайн үед “одоо яахав ийхэв, дараагийн алхам юу байхав” гээд ярилцаж, асууж зөвлөлдөх гэж их цуглана. Би 1968 онд Чехэд сургууль төгссөн. 1966 оны эсэргүү бослогын үед тэнд байсан. Тэгэхээр юуг нь яаж өөрчлөх ёстой юм, яавал болдог вэ, юу хийвэл болохгүй вэ гэдэгт хушуу нэмэрлэж л явлаа. Албан ёсоор Зоригийн зөвлөх гэж хэдэн жил явсан. Гэхдээ би өөрөө энэ холбоонд орьё энэ тэр гэж бодож байсангүй.
-Хувьсгалыг бид биш залуучууд хийдэг гэдэг утгаараа юу. Гуч дөнгөж шүргэж яваа залуус хувьсгал хийж чадна гэдэгт үнэхээр итгэж байсан хэрэг үү?
-Өөрчлөлтийг залуучууд л хийнэ үү гэхээс нас тогтсон хүмүүс хийхгүй. Бидний ар талд авгай хүүхэд, ач гуч гээд дөнгө дүүрэн. Харин залуучуудад ёстой өнөөх барын аманд гараа хийх зориг зүрх нь бий. Хамгийн гол нь тэдэнд юманд хүрэх зорилго гэж байна. Өнөөдөр хүмүүс ардчилсан хөдөлгөөний талаар янз бүрийн л юм ярьж байгаа дуулдах юм. Гадны нөлөөний тухай ч ярьж байх шиг. Энэ бол өөрийгөө л үнэд оруулах гэсэн хүмүүсийн яриа гэж би ойлгоод байгаа. Мэдээж тухайн үед энэ хэдийнхээ дэргэд би ахмад нь байсан. Гэхдээ бид хийхгүй ч хэн нэгэн хийх л зүйл. Миний, бидний хүссэн зүйл бол ардчилсан хувьсгалыг аль болох тайван замаар, эмх цэгцтэй хийх байлаа. Цугласан олон дунд чинь янз бүрийн л юм бий. Цөс нь хөөрсөн зарим нь хүн дүүжлэх тухай ч ярьж байсан нь үнэн. Үнэндээ тэр үед чинь аав болгон, ээж бүр хувьсгалт намын гишүүн байсан.Тэднийгээ үзэн ядах хэрэг үү. Зарим нь ч турхирч байсан байх.
-Та ардчилсан хөдөлгөөнийхөнтэй хэрхэн холбогдсон юм бэ?
-Бошигт тэргүүтэй хэдэн хүн цуглаад эрмэлзэх 10 зүйл гэдгээ бичиж байхад нь би уулзсан юм. Өнөөх хэдэн алтан хараацай нь ойлгож байгаа, ойлгохгүй байгаа нь мэдэгдэхгүй л сууцгаачихсан. Бошигт бичиж байна аа. Ленинизм, марксизмыг эсэргүүцнэ энэ тэр гээд. Тухайн үед энэ чинь гэмт хэрэг. Ингэж бичсэн байтугай хэлсэн хүний хамаг юмыг нь хураагаад өнөөх айхтар зүйлд аваачаад хийнэ. Яагаад гэвэл Үндсэн хуульдаа тэгж заачихсан байсан юм. Би ч уур хүрээд “Үгүй ээ, чи энэ хэдэн хүүхдийн толгойг залгих нь” гээд болохгүй, бүтэхгүй зүйлийг нь болиулахыг нь болиулж, цэвэрлэхийг нь цэвэрлэж л байлаа. Үнэндээ эхлээд голцуу ажилгүй хүмүүс цугласан юм. Тухайн үед чинь бараг л хүн бүр хараа хяналттай, дотоод яамандаа бүртгэлтэй, хажуу талын айл маань ч дотоод яамны мэдээлэгч шахуу байсан. Миний хувьд энэ ардчилсан холбоонд сэхээтэн маягтай, их сургуулийн багш нар, юм үзсэн хүмүүсийг л татаж оруулах гэж их хичээсэн. Гэхдээ тухайн үед надаас зугатаж байсан зарим маань өнөөдөр анхдагч гээд ч явж байгааг би харж л байна.
-Та түрүүн С.Зоригийг энэ хөдөлгөөнд хэрхэн оруулсан тухай цухас дурдаад өнгөрлөө. Гэр бүлийн найзууд байсан учраас их сургуульд явж байсан үеийг нь ч та мэдэх байх. С.Зориг агсан анхнаасаа л улстөрийн замыг сонгосон хүн үү?
-Зоригийн хувьд анх гадаадад сурах хуваарь авахаар боллоо гээд над дээр ирсэн. Герман Чех явна, Оюун тэнд байгаа гэх мэт зүйл ярьж л байлаа. Хоёр, гурван ч хуваарьтай орж ирсэн. Аль нь вэ гээд л... Би шууд л МГУ /Московский государственный университет/ чамд тохирно гэсэн.
-Яагаад?
-Манай хүн чинь шатар тоглодог. Өөрийгөө хачин сайн тоглож байна гэж боддог. Хүний доор орчихгүй юмсан гэсэн бодолтой. Барилдчихвал аль болох дээр нь гарчих гээд байдаг хүүхэд байсан. Мэдээж энэ чинь эр хүний чанар. Тэгээд л МГУ өөрт нь тохирно гэж бодсон. Үнэндээ МГУ чинь Зөвлөлтдөө хамгийн чөлөөтэй орон зай нь байлаа. Багш нар нь бүх дэлхийтэй холбоотой. Зөвлөлтийн нүүр царай болгох гэж оролддог сургууль учраас арай чөлөөтэй тавьчихсан. Зөвлөлтийн хамгийн том эсэргүү нар МГУ-д багшилдаг байлаа. Орос даяар алдартай шүү дээ. Коммунизм гэдэг нь бүтэхгүй, марксизм гэдэг зөвхөн уриа төдий болоод хоцрогдсон зүйл гэдгийг мэдэрчихсэн хүмүүс тэнд байв. Ялангуяа Марксимз, Ленинизмийн академи нь.
Гэтэл ЗХУ-ын Урлагийн академийн дэргэдэх Репиний нэрэмжит анхны дээд сургууль гэх манай академид зөвлөлтийн оюутан номын сандаа Сальвадор Дали гэдэг хүний номыг үзэх эрхгүй. Гадны оюутанд бол нээлттэй. Зөвлөлтийн өнөөх олон республикийн оюутнуудаа бас хавьтуулахгүй. Их олон юм хаалттай. Ер нь, МГУ-аас бусад бүх сургууль нь тийм. Гадаад оюутантай, аль улсын иргэнтэй хэрхэн харилцах вэ гэдгийг ном болгоод төв хороогоороо батлуулчихсан багш нар мөрддөг. Монгол оюутнуудыг жишээ нь Алма-Ата, Элистай явуулж болохгүй гээд заачихсан. Харин энэ бүхэн нь МГУ-д хамаардаггүй байсан гэхэд болно. Тиймээс МГУ-г чинь манай бүх томчуудын хүүхэд төгссөн. Би ч МГУ-г сайн мэддэг байлаа. Нөхрийг тийм учраас л МГУ руу яв гээд байсан юм. Герман, Чех рүү явсан бол ганцхан мэргэжлээ л хөөнө. Тухайн үед МГУ чинь олон мянган оюутантай дэлхий хэмжээний сургууль байв.
-Мэдээж социализмын боогдмол ойлголтоос салаасай гэсэн нэг хүсэл байсан байх. Гэхдээ чухам юуг мэдрүүлэхийн тулд та МГУ руу зүтгүүлээд байсан юм бэ?
-Манайхан ардчилсан хувьсгал хийхдээ капитал, мөнгө гэж юу вэ гэдгийг ухаараагүй л байлаа. Социализмын үед халаасандаа хэдэн төгрөгтэй бол мөнгөтэй гэж боддог хүмүүс үндсэндээ мэдэхгүй юмаа л яриад байсан хэрэг. Бид хаашаа орсноо, хаана яваагаа мэдэхээ байчихсан улс байсан юм. Бусдын халаасанд 70 жил болчихсон хүмүүс тэрнээсээ гарахыг бодсоноос нийгмийг өөрчилнө, хөрөнгөтний нийгэм рүү орно гэж бодоо ч үгүй. Тийм учраас эхлээд юу болоод байгаагаа ойлгох хэрэгтэй байсан.
Эрх чөлөө гэж юу юм. Тэрүүгээр юу хийх гээд байгаа билээ гэдгийг. Үнэндээ ардчилал эрх чөлөө гэхээр юм болгоныг хийж болдог анархи үзэл гэж ойлгосон хүн ч байв. Үүнийгээ яаж ашиглах вэ, жинхэнэ эдийн засаг, мөнгө хөрөнгө гэж юу вэ, түүнийг яаж шулуулахгүй, алуулчихгүй өсгөж үржүүлж болдог юм бэ гэдгийг мэддэг хүн ховор. Зоригийг үүнийг л мэдээсэй, ойлгоосой гэсэн үүднээс МГУ руу явуулах гэж би хичээж, бүүр багш нартай нь уулзаж, захиж байлаа. Манай хүн энэ сургуульд их эрх чөлөөтэй суралцсан. МГУ-ийн багш нар нь маш сайхан хүлээж авсан. Тэндээ ер нь жаахан тусгай оюутан байлаа. Ээжийнх нь эгч гээд Наташа гэж хүн Москвад амьдардаг, тэднийхээрээ ч орж гарна. Ингээд нэлээн хэдэн жилийг Москвад өнгөрүүлсэн.
-Нэг сонин баримт байдаг. С.Зориг МГУ-ийн регбигийн шигшээ багийн тоглогч гэж?
-Хүмүүс мэддэг болов уу даа. Их сүрхий хүү байсныг нь. Регби чинь хүчтэй, хурдтай, сэтгэдэг хүний тоглоом. МГУ-ийн шигшээ чинь Оростоо нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг. Ийм багт манай хүүг аваад тоглуулж байсан. Зориг маань хүнтэй хэл амаа ололцохдоо их сайн, эвтэй найртай, инээдтэй хөөртэй, ямар ч хүний арга учрыг олоод ярьчихдаг, зан ааш зөөлөнтэй хүү. Гэртээ бол Баяраа маань жигтэйхэн гоё, Германд сурсан хачин сайхан залуу. Манай хүн бол ахынхаа дэргэд жаахан шоовдор нөхөр байсан /инээв/.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.