Б.Болорын “Большевик хувьсгал” ба ад үзэгдсэн агентлагууд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 06 ・ 1
Б.Болорын “Большевик хувьсгал” ба ад үзэгдсэн агентлагууд
Сангийн сайдын “Шог зураг”

Шийдлийн Засгийн газраас “Шинэчлэлийн баатар” тодров. Тэр бол Сангийн сайд Б.Болор. АН эрх барьснаас хойшхи гурван жилд тодорсон гурав дахь Сангийн сайд тэрбээр “Хэмнэлтийн бодлого” хэмээх лоозонтойгоор Ч.Сайханбилэгийн танхимд багтав. Ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барихдаа “УИХ-аар төсвийн тухай хуулийг хэлэлцэхдээ Засгийн газраас өргөн барьсан төсөлд нэг их өөрчлөлт хийхгүйгээр баталж чадвал үр нөлөө нь маш томоор гарна. Хэдийгээр 2016 онд үр нөлөө нь зуун хувь гарахгүй ч 2017 онд бидний тооцоолж байгаагаар төсөв алдагдалгүй батлагдах бүрэн боломжтой. Цаашдаа 2018, 2019 оноос эхлээд төсөв нэмэгдэх тэнцэлтэй гарах боломж нээгдэнэ. Тийм учраас реформ хийх зайлшгүй шаардлагатай” гэж маш том мэдэгдэл хийсэн нь мөн л Сангийн сайд Б.Болор. Хачирхалтай биш байна гэж үү! АН өнгөрсөн гурван жилд тавьсан их өрийнхөө нийт дүнг зарлаж чадахгүй байхад мань Б.Болор хоёр жилийн дараах төсөв алдалгүй гарч, бүр дөрвөн жилийн дараа улсын төсөв нэмэгдэхийг яаж мэдээд байна вэ. Тун эргэлзээтэй мэдэгдэл. УИХ-ын намрын чуулган өнгөрсөн пүрэв гарагт нээлтээ хийсэн. Эрх баригч хүчний тэргүүн, спикер З.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ “...Уул уурхай, газрын баялагт хэт шүтэж ирлээ. Бидний өмнөх үед хийсэн энэ алдаатай бодлогоос улбаалж, өнөөдөр эдийн засагт бодитой хүндрэл учирч байна” гэж дурдлаа. Харин Сангийн сайд Б.Болор “Сүүлийн зургаа, долоон жилийн хугацаанд төсвийг маш их хэмжээгээр тэлсэн. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний супер цикл гэж яриад байгаа эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд маш өндөр үнэтэй байсан үед баталж ирсэн жишиг юм. Тухайн үед дэлхийн зах зээлд угаасан нүүрс 140-150 ам.долларт хүрч, зэсийн үнэ 10 мянган ам.доллартай тэнцэж байсан. Түүнийг дагаад төсөв тэлдэг байлаа. Өнөөдрийн байдлаар, төрийн албан хаагчдын тоо 180 мянгад хүрсэн” гэж мэдэгдэв. Спикер, сайд хоёрын хэлсэн үг бас л ардаа асуулт дагуулав. УИХ-ын дарга З.Энхболд “Бидний өмнөх үе” гэж хэнийг хэлэв. АН-ын даргын тамгыг өөрт нь гардуулсан Н.Алтанхуяг тэргүүтнийг хэлээд байна уу, аль эсвэл МАН-ыг уу! Ер нь энэ хямралд хэн буруутай юм бэ. З.Энхболд, Б.Болор хоёр хэлсэн үг, хийсэн мэдэгдэлдээ АН эрх барьж байгаа гурван жилд гарсан алдаа, завхралыг огт дурдахгүй байхыг бодоход хямралын гол буруутан нь уул уурхай, МАН хоёр л бололтой. Арай ч муу Н.Алтанхуягаа түмний өмнө эдийн засгийн хямралын гол автороор зарлаад суухгүй байлгүй дээ, З.Энхболд. Б.Болор сайд “Большевик хувьсгал”-ынхаа бас нэгэн төлөвлөгөөг танилцууллаа. Тэрбээр “Бүтцийн өөрчлөлтийг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хийхээр оруулсан. Засгийн газрыг есөн яамтай болгохоос гадна 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс нэлээд хэдэн агентлагийг татан буулгах, зарим агентлагийг нэгтгэх, мөн ажлын албад, төрийн данхгар бүтцийг цомхотгоно” гэв. УИХ-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийнхэн ч түүний төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Бас л хачирхалтай байгаа биз! УИХ-ын 2016 оны сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулах эрхтэй болно. Гүйцэтгэх засаглалыг ямар бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаа тэр үед олонхи болсон нам шийднэ. Гэтэл Б.Болор сайдын “Большевик хувьсгал”-ын төлөвлөгөөнд ирэх сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газрын танхим “зурагдчихсан” байдаг нь сонин биш гэж үү. Ёстой л “Ялах би яараагүй байхад ялагдах чи яараад яах нь вэ” гэж бусад нам, эвслийнхэн АН-ыг шоглохоор “Шог зураг”-ийг мань эр зуржээ. Тэр ч атугай зарим агентлагийг татан буулгаж, заримыг нь нэгтгэхээр төлөвлөсөн нь Ч.Сайханбилэгийн танхимыг биш юм гэхэд Засгийн газрыг “араг яс”-аар нь задлахаас өөрцгүй ч болж мэдэхээр байна. 
 
Хэмнэлт хийх нэрээр АН сонгуулийн мөнгөө босгох уу 


Сангийн сайд Б.Болорын гаргасан мөрөөдлийн жагсаалтыг УИХ дахь АН-ын бүлгийнхэн албан бусаар хэлэлцэж эхэлсэн сурагтай. Өөрөөр хэлбэл, аль аль агентлагийг татан буулгаж, нэгтгэх талаар тэд өнгөрсөн долоо хоногт бүлгийнхээ хурал дээр хэлэлцсэн дуулдана. Барилгын хөгжлийн төв, Газрын тосны газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Худалдан авах ажиллагааны газар... Энэ бол Б.Болорын “Большевик хувьсгал”-д өртөж мэдэх агентлагийн нэрс. 

Эдгээрээс Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ерөнхий сайдын, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Худалдан авах ажиллагааны газар нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Хамгийн сонирхолтой нь шийдлийн Засгийн газрын гол имиж болсон агентлагуудаа Ерөнхий сайд, Шадар сайд хоёр Б.Болорын “Большевик хувьсгал”-ын золиос болгоно гэж үү. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд, өдийгөөс төдий хүртэл өсгөж хөгжүүлсэн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраа татан буулгахыг лав зөвшөөрөхгүй байх. “Шударга ёс” эвслээс Шадар сайдын сэнтийд заларсан Ц.Оюунбаатар шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын гол нүүр царай болсон хоёр агентлагийнхаа хаалгыг зүгээр харж байгаад хаалгачих нь юу л бол. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн албан тушаалтнуудын шийдвэр, арилжааны банкууд, зах зээлд монополь байдал тогтоосон компаниудын эсрэг акциудыг хийж байгаа нь Н.Алтанхуягийн танхимынханд ч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ч олон нэмэх оноо авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэр тусмаа Т.Аюурсайханы удирдаж буй энэ агентлагийн ажилд олон нийт, сошиал ертөнцийнхөн аль хэдийнэ “LIke” дарчихсан. МАН-ын гишүүн-дарга гэдгээр нь өөнтөглөдөггүй юм бол тэр сайн ажиллаж байгаа. Тэгээд ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг татан буулгавал хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомж, Өрсөлдөөний хууль энэ тэр будаа болно биз дээ! Аль эсвэл Оюуны өмчийн газартай нэгтгэж, хяналт тавих үүргийг нь нэгмөсөн delete-лэх үү. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын нэг нь “Тендерийн будилаан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зуун хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж, захиалагч нь шийдвэрлэдэг өнөөгийн тендерийн тогтолцоог өөрчилж гүйцэтгэгч нь шийдвэрлэдэг болох” тухай юм. Тийм ч учраас 2012 оны аравдугаар сард Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэгэн цоо шинэ агентлаг багтсан нь Худалдан авах ажиллагааны газар. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тус агентлагийн нээлтэд оролцохдоо “Худалдан авах ажиллагааны газрыг тусад нь байгуулсны учир нь тендерийн ажиллагааг ил тод болгох, байгууллагуудыг шударга өрсөлдүүлэх, дааж авсан ажлуудыг нь чанартай хийлгэхэд оршино. Цаашид бие биенээ хардах биш, тендерийн сонгон шалгаруулалтын ил тод байдалд анхаарахаас гадна хэмнэлт гаргахыг зорьж байна” гэж хэлж байсан бол Шадар сайд асан Д.Тэрбишдагва “Ийм газартай болсноор хүнд сурталтай, авлига, хээл хахуульд автаад байсан салбарыг ил тод болгоно” хэмээн онцолж байв. Үнэхээр ч худалдан авах ажиллагааг уламжлалт аргаар хийдэг байхад нэг тендерийн зардалд 218750 төгрөг шаарддаг байсан бол цахим хэлбэрт шилжүүлснээр 16250 төгрөгийн зардал гаргах тооцоог тухайн үед мэдээлж байлаа. Ингэснээр жилд дунджаар 193 тонн цаас, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргахыг хэмнэх боломжтойг ч холбогдох албан тушаалтнууд хэлж байсныг эргэн сануулах хэрэгтэй болов уу. Тэгвэл өнөөдөр юун хоёр тэрбум төгрөгийн хэмнэлт! Худалдан авах ажиллагааны газар цахим хэлбэрт бүрэн шилжсэнээр 2013-2015 онд 42.7 тэрбум төгрөгийн төсөв хэмнэжээ. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 12/

    энэ хүн төрийн ажил мэдэхүү? Шаал хоёр өөр алба ажил үүрэг гүйцэтгэдэг газрыг нийлүүлнэ гэх шиг. Доторх нарийн юмнуудыг зөв тооцоолохгүй бол тоо мэдээ, бүртгэл хоорондоо жунгаарч нэг л аймаар хаях ч биш, авах ч биш юм боллох вий дээ. ямар мэдэмхий юм юм бэ? дотор нь ажиллаж байгаа нарийн мэргэжлийн

    Хариулах