Татвар авах цаг нь болсон уу, болоогүй юу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 07 ・ 1
Эсрэг тэсрэг байр суурь
Д.Амарбаясгалан: Татвар авахын оронд үр дүнгүй зардлаа багасгах ёстой байсан
...УИХ анх хууль батлахдаа 0-1 гэж хэмжээ тогтоож өгсөн учраас эдийн засаг хямарсан, иргэдийн худалдан авах чадвар 30-40 хувиар буурсан, инфляци өсчихсөн энэ цаг үед нийслэлийн татварыг тэг хувиар баталъя гэдэг саналыг гаргасан. Гэтэл АН-ынхан сонгууль ойртож байгаа учраас та нар улстөржиж байна гэлээ...
/НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга/

-Нэг хувийн татвар иргэдэд төдийлөн хүндрэл болохгүй гэдэг тайлбарыг хотын удирдлагууд хэлж байна. Гэхдээ энэ татвар нийт дүнгээрээ 13-14 тэрбум төгрөг болж, нийслэлийн иргэдэд очно гэдгийг хараахан тооцоолохгүй байх шиг. Бидний зүгээс энэ татварыг батлуулахгүй гээгүй. УИХ анх хууль батлахдаа 0-1 гэж хэмжээ тогтоож өгсөн учраас эдийн засаг хямарсан, иргэдийн худалдан авах чадвар 30-40 хувиар буурсан, инфляци өсчихсөн энэ цаг үед нийслэлийн татварыг тэг хувиар баталъя гэдэг саналыг гаргасан. Гэтэл АН-ынхан сонгууль ойртож байгаа учраас та нар улстөржиж байна гэлээ. Гэтэл хотын дарга өөрөө асуудлыг улстөржүүлээд байна л даа. 

Тиймээс бид санал хураалтад оролцсонгүй. Учир нь иргэдэд гай болохоор зай бол гэдэг шиг өнөөдөр бид иргэдийн амьдралд тус болж чадахгүй байж улам их ачаа үүрүүлэхийн төлөө санал өгөөд сууж чадсангүй. Харин олонхийн нэг хувийн татварыг батлаад алга ташаад, биендээ баяр хүргээд байна лээ. Би үүнийг хувьдаа маш их гайхсан. Нийслэлийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байгаа энэ цаг үед иргэдийн төлдөг татварыг нэмнэ гэж шийдвэр гаргачихаад, үүнийхээ төлөө нэг нэгэндээ баяр хүргээд зогсч байх төлөөлөгчидтэй хамт сууж байсандаа гутарч байна. Эцсийн дүндээ нийслэлийнхээ иргэдийн дарамтлах гээд, нуруун дээр нь ачаа үүрүүлэх гээд нэг хувь гэж гар өргөөд сууж байгаа төлөөлөгч нартай хамт сууж санал өгөх ёс суртахуун бидэнд байгаагүй гэж ойлгож болно. 

Татварыг  иргэн төлнө. Өөр хэн ч биш. Гэтэл хотын дарга ярихдаа гаднаас баахан жуулчин ирээд л энэ татварыг төлчихнө гээд байгаа. Бодит байдал дээр манай улсад хэчнээн жуулчин ирж очдог юм. Манай нийслэлд байгаа баар, ресторанаас хэдэн хувь нь үйлчлүүлж байна гэдэг тооцоо судалгаатай байх ёстой. Үнэн хэрэгтээ хотын дарга жуулчдаас жилдээ 13-14 тэрбумын татвар хуримтлуулна гэж одоохондоо худлаа хэлээд өнгөрчих гээд байна л даа. Гэтэл яг бодит байдал дээр өнөөх жуулчид нь 13-14 тэрбумын ердөө нэгхэн хувийг ч бүрдүүлж байж магадгүй шүү. Үлдсэн бүх татварын орлогыг хотын иргэд маань төлнө. 

Гэрийнхээ хажуугийн ресторанаас хоол авч идэхэд өнөөх нь архи, дарс зарах зөвшөөрөлтэй байна. Түүнээс нь авч хэрэглэхэд тухайн иргэн татвараа төлж, үйлчилгээний газар татвар суутгагч болж хувирч байгаа юм. Үүнийг иргэдэд зөв ойлгуулах үүднээс бид ингэж тайлбарлаж яриад байгаа юм л даа. Эрх баригчид бол архи, тамхи шүү дээ гэдэг нэрийн дор татвар гаргаж ирээд байна. Гэхдээ л архи, тамхи иргэдийн нийтлэг хэрэглээний нэг болчихсон шүү дээ. Өнөөдөр нэг хувийн татвар нэмснээр архи, тамхины хэрэглээг хязгаарлана гэдэг бол үлгэр. Мөн энэ татварыг авдаг болсноор нийслэлийн төсөвт нэмэр болно гэж үзвэл бас л тийм гарц харагдахгүй байгаа юм. Бүтэн жилдээ 13-14 тэрбум төгрөгийн татварын орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэж үзэж байгаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 
 
Э.Бат-Үүл: Зөвхөн архи, тамхинаас л татвар авна
...Зөвхөн архи, тамхи. Өөр ямар ч бараан дээр энэ татвар тавигдахгүй. Гурил, будаа, өргөн хэрэглээний бараа худалдаж авахад татвар байхгүй. Бусад хотууд бол бүх бараандаа татвар тавьдаг юм билээ. Харин бид иргэдийнхээ нөхцөл байдлыг харгалзаж үзээд зөвхөн архи тамхин дээр л тавьж байгаа юм...
/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/

-Иргэдийн амьжиргааны өртөг нэмэгдэж, ачаа ихэснэ гэсэн буруу ойлголт яваад байна. Энэ бол архи, тамхинд, гэхдээ нэг хувийн татвар ногдуулж байгаа. Хамгийн бага татвар шүү дээ. Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6 хувь байдгийг эс тооцвол энэ бага татвар. Тэр дундаа жижиглэнгийн худалдаанд нэг хувийн татвар авна шүү дээ. 100 төгрөгийн нэгийг нь л авна гэсэн үг. 

Гэхдээ би дахиад хэлье. Зөвхөн архи, тамхи. Өөр ямар ч бараан дээр энэ татвар тавигдахгүй. Гурил, будаа, өргөн хэрэглээний бараа худалдаж авахад татвар байхгүй. Бусад хотууд бол бүх бараандаа татвар тавьдаг юм билээ. Харин бид иргэдийнхээ нөхцөл байдлыг харгалзаж үзээд зөвхөн архи тамхин дээр л тавьж байгаа юм. Түүнээс гадна дөрвөн төрлийн үйлчилгээнээс татвар авна. Баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээний байгууллага байгаа. Энэ бол аливаа бүтээгдэхүүний үнийг хэт нэмж, нэмүү өртөг шингээж үйлчилгээ үзүүлдэг газрууд шүү дээ. Та бүхэн мэднэ шүү дээ. Баар, рестораны бүхий л зүйл өндөр үнэтэй байдаг. Өндөр өртөгтэй хэрэглээ болж хувирдаг. 

Ер нь бол эцсийн дүндээ энэ хүмүүсийн сонголтын л асуудал.  Зарим нь бүх иргэд л байнга баар, ресторанд ороод байдаг юм шиг яриад байна. Яг үнэндээ баар, ресторанд төрийн захиргааны ажилтнууд л их ордог. Харин гэр хорооллын, орлого багатай иргэд тэр болгон үнэтэй ресторанаар үйлчлүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол сонголтын асуудал байхгүй. 

Тийм учраас үйлчилгээнд нь татвар ногдуулна гэж зааж өгсөн. Баар, рестораны үйлчилгээ. Би энд тодруулж хэлэхэд, 1994 онд хууль гараад, нийслэл хот хуультай байна гээд заагаад өгчихсөн. Харин сая зургадугаар сард ямар байдлаар, хэн ногдуулах вэ гэдгийг эцэслэн баталлаа шүү дээ. Бид үүнийг хэрэгжүүлэх журмыг сая гаргаж байгаа юм.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батхүү / 2015 10 сар 07/

    Үүл баатар дарга та хотын татварын тухай ярихдаа үгүй гээд толгой сэгсэрээд байсан таны ам үйлдэл яагаад зөрвөө эсвэл толгой бодол зөрсөн бол тэтгэр энээ тэрээ гээд л

    Хариулах