З.Баянсэлэнгэ: Нийгэмд тарсан цуурхал биш АТГ-ын судалгааг үзэх хэрэгтэй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 28

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Танай “Шударга ёс” эвслийн бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдсан гэсэн. Хуралдаанд хэн хэн оролцсон,ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өгнө үү?

-Бид өргөтгөсөн хуралдаан хийж дөрвөн асуудал хэлэлцсэн. Сонгуулийн тухай, Өршөөлийн тухай, Үндсэн хуулийн өөрчлөлт болон Төсвийн тухай хуулийг хэлэлцсэн. Хуралд намын удирдлагууд болон нарийн бичгийн дарга нар оролцож саналаа хэлсэн.

-Бүлгийн даргын сонгууль хэзээ болох вэ. Шинэ даргаа сонгосон уу?

-Үгүй.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгээс танай эвслийнбүлэг нэмэлт завсарлага  авсан нь ямар шалтгаантай юм бэ?

-Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага  авсан, хугацааг нь сунгасан. Энэ удаад манай бүлэг тав хоногийн завсарлага авч, мөн хугацааг гурав хоногоор сунгачихаад байна. Тухайн үед гишүүдийн ирц хангалтгүй байсан. Дээр нь ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунбаатар гишүүн гадаадад албан томилолттой байсан. Хуулийн өөрчлөлтийг амжилттай хэлэлцүүлэх үүднээс ирц хангалттай байх ёстой гэж үзэн, улс төрийн нөхцөл байдлаа харж завсарлага авсан юм.

-Хуульд хамрагдах ёстой нийт хүнд биш нэг хүнд зориулсан хууль учраас ийм алхам хийсэн гэсэнхардлага байна. Энэ нь танай намын даргатай холбоотой юу?

-Ийм яриа одоо биш хэдэн жилийн өмнөөс гарсан. Гишүүд Өршөөлийн хуулийн төслийг санаачилсан тэр өдрөөс гарсан хар бараан зүйл өнөөдөр ч дуусаагүй байна. Төрд алба хашиж явсан хүмүүсийг хамруулахгүй гэсэн улстөржилт их явж байна. Эвслийн бүлэг нэмэлт завсарлага авсан нь хардлагыг улам дэврээсэн байх. Хуулийг анхнаас  нь явуулахгүй байх гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга бий. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх гэж байна гэсэн хардлагыг нийгэмд маш их тараасан. Ийм цуурхал биш АТГ-аас гаргасан судалгааг үзэх хэрэгтэй.

-Ямар судалгаа юм бэ?

-Тэр судалгаанаас үзвэл 112 хүний 46 нь аж ахуйн нэгжийн захирал, 22 нь цагдаагийн алба хаагч бий.  Ерөнхийлөгчийн яриад байсан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн байна уу гэсэн тоон судалгааг харах хэрэгтэй. 11 төрийн нарийн бичгийн дарга, хоёр гишүүний асуудал бий.  Энэ нь өмнөх болон, одоо ажиллаж байгаа хүмүүстэй холбоотой юм шиг байгаа юм. Нэгэнт Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан болохоор хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хүлээж буй маш олон хүн байгаа. Яагаад ийм хууль гаргасан бэ гэсэн асуулт бий. Төр гаргасан алдаагаа залруулахын тулд Өршөөлийн хууль гаргадаг. Гэмт хэргийн төрлөөс үзвэл 70 хувь нь санамсар болгоомж­гүйгээс үйлддэг. Санаатай үйлдэл маш цөөн шүү дээ.

-Хуульд өөрчлөлт оруулах төслийг хаалттай хэлэлцэх санал гарсан. Яагаад хаалттай хэлэлцэх ёстой гэжүзэж байгаа вэ?

-Хаалттай хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд хэлсэн үг, гаргасан үйлдлийнхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Бас ямар ч дарамтад орж болохгүй. Өршөөлийн хуулийг олон хүн хүлээж байгаа учраас гишүүдийг занах, дарамт үзүүлж болохгүй гэдэг үүднээс хаалттай хэлэлцье гэж байгаа юм. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх