Монгол улс Швейцар биш

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 30 ・ 2

Монгол улс төвийг сахих асуудал  улстөрийн намын удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдсэн талаар Ерөнхийлөгч энэ намар онцолсон. Хүндэтгэлийн хуралдаан дээрх мэдэгдэл ердөө сар гаруйхны хугацаанд биеллээ олж, Монгол улс төвийг сахих тухай хуулийг боловсруулан, УИХ-д өргөн бариад амжив. Хуулийн төсөл эхний даваагаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос эхэлж, хаалттай горимоор хэлэлцэгдэн, дэмжигдээд буй.

Ерөнхийлөгчийн хэлснээр бол засгийн газар тун удахгүй Монгол улс төвийг сахих болсноо Дэлхий нийтэд зарлан тунхаглах юм байх. Тэрээр “Төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-аар оруулж батлуулна” хэмээн шууд зарласныг бодоход ерөнхийдөө үндсэн тохироонууд хийгдсэн бололтой.

Нөгөө талаас Монголчуудын цусанд нь байдаг голч хандлагаар “Төвийг сахих” гэдэг үг чихэнд чийр болохгүй.  Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахгүй гэсэн үг. Чухам ийм өнцөгийг олж харсан учраас УИХ тайван замаар хуулийг хурдан батлах бодлого барьж байгаа талаар эх сурвалжууд онцолж байна.

Хамгийн гол нь Монголчууд бид “Төвийг сахих”  үзлийн талаар хэр мэдлэгтэй,  үзүүт, харуут туршлагатай ард түмэн билээ гэдэг асуулт байна. Сайтар ойлгож амжаагүй байтал нэг л өдөр Дэлхий нийтэд “Монгол улс төвийг сахина” гэх өгүүлбэр хүчтэйгээр зарлагдаж, араас нь гарах үр дагаварыг итгэж ч чадахгүй хүлээж авах эрсдэлтэй тулах вий. Эл болгоомжлолын үүднээс дорх нийтлэлийг сийрүүллээ.

Швейцар яагаад төвийг сахисан бэ?

Дэлхий дээр  Швейцар, Австрали, Лаос, Камбож, Мальт, Туркмен улсууд төвийг сахиж буй. Нийтлэг 200 гаруй улсаас ердөө 6 улс. Манайх төвийг сахина гэдгээ зарласнаар 7 дахь нь болж бүртгэгдэн, Азидаа “анхных”-аар бичигдэх нь. Бас л догь байгаа биз. Байнга ар сүүлд бичигдэж байхаар  ганц зүйлд ч болов анхлах нь  сайхан гэх хошин бодол төрнө.

Гэтэл нөгөө талд дэлхийн хэдэн зуун жилийн түүхтэй улсууд яагаад төвийг сахих үзлээс илтэд болгоомжилж, тойрч явдаг бэ? гэх асуулт гарч ирнэ. Ерөнхийд нь төвийг сахисан улсуудын түүхийг ажиглахад энэ үзэл бүрэлдэн тогтотлоо он удаан жил элээдэг. Тухайлбал, төвийг сахих  үзлийн хамгийн үлгэр жишээ орон болох Швейцарийн түүхэн хөгжлийн явц.

Манайхан төвийг сахиснаар шууд л Швейцар шиг хөгжинө гэж хөөрөөд байгаа. Гэтэл Швейцар төвийг сахих үзэлд нэгдэх хүртлээ Баруун Европ дахь Сэргэн мандалт хийгээд Соён Гэгээрлийн эрин үе, Англи, Франц, Герман, Нидерландад зэрэг орнуудад болсон хувьсгалуудыг дамжжээ.

Газар нутгийн  онцгой тааламжит бүс нутгийн дайчин,  омгорхуу овгоос үүсэлтэй Швейцарчууд Альпийн нуруу дамнасан их дээрэм тонуул хийсэн олон жилийн туршлагаасаа нэг зүйлийг бат ойлгосон байдаг. Тодруулж хэлбэл, олон зам даган дэрэм хийж, тодорхой бус явснаас  маш сайн хамгаалалтын цэрэг болж, өндөр цалин авах боломж байгааг ухаарсан явдал. Дайчин, ер бусын үнэнч, шударга мөн чанартай Швейцарчууд  он удаан жил өндөр түвшний хамгаалалт хийсээр ирсэн үүтгэл нь энэ. Үүнийхээ хариуд их ч мөнгө авдаг байсан. Тэд европийн улсуудыг хэнийг нь ч харгалзалгүй үйлчилдэг, мөнгө олдог хөлсний цэргийн системийг хөгжүүлсэн нь тэр байв.

Швейцарт цэргийн хүчний энэ асар их итгэлт байдлыг даган нууцын өндөр зэрэглэл бүхий банкны салбар үүсэх суурь нь тавигдсан байдаг. Энд бас тусгаар газарзүйн тааламжит бүс нөлөөлснийг зориуд тэмдэглье.  Чухам эндээс Францын хаадын мөнгийг хүртэл хадгалах үүргийг Швейцарчууд үүрч ирж. Мэдээж нууц мөнгө.  Банкны нууцлалын системийг маш сайн хөгжүүлснээр өнөөгийн баян Швейцарын үндэс тавигдсан гэж ч болно.

Ингэж явсаар Швейцар олон улсын мөнгийг банкны найдвартай системээр хадгалахын тулд төвийг сахина гэдгээ зарлах хэрэгтэй болсон. Үүнд онц гойд саад бэрхшээл байсангүй. Угаас түүхэн хөгжил нь дээр хэлсэнчлэн төвийг сахих үзлээр бүрэлдэн тогтсон байв. Тус улсын төвийг сахих үзлийн тунхаг 1815 онд баталгаажиж, 1919 онд  Версалийн энх тайвны гэрээгээр баталгаажиж. Мэдээж Швейцарчуудыг төвийг сахиж болно гэж Австри, Их Британи, Франц, Орос, Прусс, Португал улсууд хүлээн зөвшөөрсний дараа албан ёсоор баталгаажсан байна. 

“Швейцарийн банк” гэж Олон улсад яригддаг банкны нэр хүндийн баталгаа нь өөрөө Төвийг сахих үзэл юм. Бохир мөнгийг тэд зүгээр л өндөр нууцлалаар хадгалж, “ажлаа хийдэг”. Нэгэнт төвийг сахиж байгаа учраас улс орнууд дайн самуун хийж,  мөнгө дээрэмдэхгүй. Нөгөө талаас дотоодын  асуудал, төрийн бодлого, эдийн засгийн байдал харьцангуй тогтворжсон баялаг улс тул хөгжлийн явцад  асуудал үүсэх нь бага байгааг судлаачид онцолдог.  

Харин манайд..?

“Аль нэг эвсэлд орохгүй, аль нэг улсыг дагаж туйлшрахгүй”. Судлаачид, улстөрчид төвийг сахих үзлийн гол үзэл санааг ингэж тайлбарлажээ. Бас чиг манай улсдаа шинэ юм биш гэж тодотгож байгаа. Учир нь, 1910 оны үед нэрт соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсранов   төвийг сахих асуудал хөндөж, улмаар ардчилсан хувьсгал хийх цагаар ч энэ сэдэв сөхөгдөж байж.

Гэвч Монгол улс төвийг сахиснаар ямар үйлдлүүд тодорхой хязгаарт орох уу, бид үнэхээр хөгжлийн хувьд  Швейцар лугаа болох боломжтой юу гэх асуулт байна.  Ерөнхийлөгч манай улс төвийг сахиснаар одоогийн батлан хамгаалахын бодлогоо өөрчлөх шаардлагагүй талаар онцолсон.  Ерөнхийдөө “Хэрэв манай эрх ашигт халдахгүй бол бид бусдын эрх ашигт халдахгүй” гэх Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын томьёолол, Батлан хамгаалахын суурь бодлогод Төвийг сахих үзэл нийцэж байгаа талаар онцлоод буй.

Харин нөгөө талд төвийг сахих үзэл нэвтрүүлснээр амаа барихад хүрээд Туркмений туулж буй гамшигийг онцлууштай. Цэрэг армийн бодлогод тодорхой хязгаарт орсноор Туркмений хилийн цэргүүд зэргэлдээх орны хил дамнасан мафиудад зүгээр зогсож байгаад л хийртлаа буудуулж байна. Тэдний өмнөөс эхэлж буудаагүй л бол ямар ч аюул заналхийлж байсан   цэргүүд гохоо дарах эрхгүй, төвийг сахиж байгаа учраас.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 02/

    mongol 1000 huseed cg swiss bolohgui l de yaduu teneg humuus

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 31/

    Дэлхий дээр  Швейцар, Австрали, Лаос, Камбож, Мальт, Туркмен улсууд төвийг сахиж буй, энийг бичсэн хүн маанаг тэнэг байхаа, Лаос, Камбож, Туркмен улс чинь Ази тивд байдаг шүүдээ

    Хариулах