/БХБ-ын сайд асан/
-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг засгаас Хөгжлийн банкаар дамжуулан гаргах асуудал бүрэн шийдэгдсэн. Салбар хариуцсан сайдын хувьд засгаас гаргах ёстой бүх шийдвэрүүдийг гаргуулж үлдээсэн. Одоо зөвхөн хэрэгжих цаг хугацаагаа л хүлээж байгаа. Энэхүү зохицуулалтын дүнд анх удаа орон сууц авч буй, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын төлбөрөө хоёр жилээс дээш төлсөн иргэд урьдчилгаа 10 хувиа төлөөд байртай болох боломжоор хангагдаж байгаа юм. 10 хувийн урьдчилгааг цоо шинэ зүйл мэтээр ойлгож, бүтнэ, бүтэхгүй гэж эргэлзэх явдал байгаа.
10 хувийн урьдчилгааны тухай заалт өнөөдөр мөрдөгдөж буй урьдчилгаа 30 хувьтай зээлийг зохицуулж буй 2.4 дүгээр заалтад зээлийн урьдчилгаа 10-30 хувь байна гээд заачихсан байдаг. Тиймээс бид тэр боломжийг л ашигласан. Зарим улсууд үүнийг Америкийн хямралтай л холбох юм. Америкийн хямрал subprime mortgage буюу хоёрдогч ипотекийн зээлээс үүдэлтэй юм. Түүнээс ердийн ипотекийн зээлээс үүдээгүй. Дэлхийн бүх улс орон ипотекийн зээлтэй. Тэнд Америкийнх шиг ипотекийн зээлийн хямрал өрнөөгүй. Яагаад гэвэл тэнд зүгээр ипотекийн зээл л зонхилж байснаас subprime гэдэг тодотголтой ипотекийнх нь зээл Америкийнх шиг газар аваагүй байсан. Манайх ч гэсэн ердийн л ипотекийн зээлтэй. Маш хашир тооцож хийсэн зээлтэй шүү.
Урьдчилгааг нь 30-аас 10 болгоод буулгачихаар эдийн засгийг хямруулдаг хоёрдогч ипотек болчихдог юм шиг гэнэн юм зарим нь ярих юм. Тэр хямралд өртсөн АНУ-д чинь Фэнни Мэй гэдэг компанийнх нь олгодог ипотекийн зээлийн урьдчилгаа нь гурван хувьтай байдаг юм шүү дээ. Интернетээр ороод харахад л шууд гараад ирнэ шүү дээ. Энэ бол ипотекийн зээлийг хамгийн ихээр нь орлого багатай иргэддээ олгодог компани. Хэрэв ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьтай байж л аюулгүй байдаг, түүнийг бага болгосноос хямардаг юм бол хямралын гашуун зовлонг ном сонингоос биш бодит амьдрал дээрээ амссан АНУ яагаад өнөөдөр хүртэл ийм бага хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийг байлгасаар байгааг тайлбарлуулмаар байгаа юм.
Ч.Сайханбилэг: Урьдчилгаа төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргана
/Ерөнхий сайд/
-Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 67 мянга 612 иргэнд хоёр их наяд 957.85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. 1657 иргэнд 57.75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийн зэрэгцээ ахмадын байрны асуудлыг шийдээд явж байна. Мөн Хөгжлийн банкны “Чингэс” бондоос салбарыг дэмжиж хийсэн хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжиж байгаа.
Тиймээс Засгийн газар энэ арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд “Нийгмийн даатгалын сангийн тухай” хуульд нийгмийн даатгалын санг дотоодын институциональ хөрөнгө оруулагч болгон ашиглах, тус сангийн хуримтлал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу