“АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ”-СЭН Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 27
 
olloo_mn_1448583172_altanhuyg

Монголын улстөрчид сонгуулийн өмнө худлаа амлаж, ард түмнээ хуурсаар эрх мэдэлд хүрдэг байсан бол одоо эрх мэдэлд хүрснийхээ дараа баруун гараараа баталсан шийдвэрээ, эрх мэдлээс буунгуутаа зүүн гараараа баллуурдан хаяж, эргэж ноцдог хударгагүй муухай зантай болцгоожээ. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг эрх мэдэлтэй байхдаа хүч түрэн баталж байсан тогтоол шийдвэрээ таг мартчихаад төрөл арилжчихсан тууж явна.

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёрхон жилийн өмнө өөрөө гарын үсэг зуран баталгаажуулж байсан Эгийн голын усан цахилгаан станцыг “Огт хэрэггүй, мөнгө үрсэн төсөл. Би яагаад ч дэмжихгүй” гээд сууж байх юм. Монголын улстөрчид өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр хэрхэн үгүйсгэдэг, буцаж няцдагийн тодорхой жишээг Н.Алтанхуяг гишүүний үйлдлээр тодотгоё.

Үүний тулд жаахан түүх сөхвөл Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны арваннэгдүгээр сарын 16- ны бямба гарагт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь “Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж байгуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлав” байдаг. Засгийн газрын хуралдааны протоколд “Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан бөгөөд урьд өмнө энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламжийг үзүүлэх, цаашид нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлөлттэй зээл олгож болох талаарх саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны тавдугаар сард танилцуулж байжээ. Улмаар тус оны наймдугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрч, 1992 оны дөрөвдүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. Гэвч 1996-1997 онуудад тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна.

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолж байна. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоо гарч байна. Засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВТ хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо. Цаашид шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр ашиглаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлж, усан цахилгаан станц барих гэрээг 2014 онд багтаан байгуулж, ажлыг эхлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгав” хэмээн зурайж байна.

Ийнхүү эрх мэдэлтэй, Засгийн газрын Ерөнхий сайд байхдаа баруун гараараа баталгаажуулсан шийдвэрээ эрх мэдлээс бууж, бялууны хэлтэрхий олдохгүй болсон үедээ баллуурдан хаяж байгаа нь ганц Н.Алтанхуяг ч биш Монголын нийт улстөрчдийн өнөөдрийн хэв шинжит дүр, гутамшигт үнэн болж байна. Ядаж л төрийн гурван өндөрлөгийн нэг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ийм гуйвамтгай, эргэж буцсан, туйлбаргүй байхад Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайхан амьдралын талаар олон долоон юм яриад ямар ч нэмэргүй.

Ер нь Монголын улстөрчдийг урьд нь хэн байсан, юу хэлж, юу хийж явсан, өнөөдөр хэн болов, юу ярьж, юу хийж явааг нь УИХ-ын 76 гишүүнээс эхлээд нэг бүрчлэн дүгнэж цэгнэх цаг болсон санагдана. Барууны хэвлэл мэдээллийн баримталдаг сонгодог зарчим бол ерөөсөө л олон юм нуршиж, тайлбар хийлгүйгээр урьд нь ярьж байсан болон өнөөдөр ярьж байгааг нь харьцуулан тавьж уншигч, үзэгчдээрээ дүгнэлт хийлгээд л тохирсон үнэлгээг нь өгчихдөгт оршдог юм билээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед тушаал, шийдвэр нь гарсан учир Монголчууд саяхан л “Бид гурав дахь том усан цахилгаан станцаа хүлээн авахад бэлэн болжээ. Учир нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил нэгэнт эхэлсэн бөгөөд Засгийн газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргалаа. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл юм. Манай улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс ОХУ-аас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрч им хүч импортоор авдаг. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх