УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Монголд ардчилсан хувьсгал үүссэний 25 жилийн ойг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэн Салбар зөвлөлийн удирдлагууддаа мэдэгджээ.
Энэхүү мэдэгдэлд “25 жилийн хугацаанд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо монголчууд бид ашиглаж чадалгүй өөр хоорондоо толхилцсоноор үгүйсгэн улмаар төрийн бодлого ахин гаднаас чиглүүлэгдэх, монгол эх орончдыг хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улстөрийн гол намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зүй бус зөрчил эрчимжлээ” гэжээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, “толгойлж” буй МоАХ нь ч байр сууриа бат нягт хадгалж ирсэн гэдгийг хүн бүр хэлдэг. Тиймдээ ч тэрбээр энэ удаа ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор нам гүмхэн байцгаана шүү гэдэг мэдэгдлээ аль хэдийн салбар зөвлөлийнхөндөө тараачихлаа.
Гэхдээ энэ нь олон фракциас бүрддэг АН- ын хувьд өнгөц харахад ялархаж, тунирхаж байгаа мэт боловч цаад утгаараа улстөрчид гадны улс, гүрнүүд, бизнесийн салбарынхнаас хэт хамааралтай болчихоод байгааг дуулгаад авлаа.
Түүнчлэн тэрбээр мэдэгдэлдээ “Монгол Улс 25 жилийн өмнөх байдалдаа аажмаар эргэн орж, зөвхөн жолоодлого, далд удирдлага л өөрчлөгдөж байгаа нь улам бүр тодорхой боллоо. Тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа болох улс орны эдийн засгийн чадамжийг гаднаас бүрэн хамааралтай болгохыг хүсэгч нам дамнасан бүлэглэл бодитойгоор оршиж, та бидний итгэл, сэтгэлээр төрийн өндөр дээд албан тушаалуудад олон жил суусан зарим хүмүүс төрийн ажлыг гацаан, төгс завхруулж байгаа ийм хүнд үед Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг баяр хөөр, шагнал цэнгүүнээр ёслон тэмдэглэх нь өнөөгийн нөхцөлд нийцэхгүй” гэжээ.
Энэ нь Монголын нийгэмд ардчилал гэдэг нэр л үлдэж буцаад 25 жилийн өмнөх төр засгийн удирдлагуудын арга барил бий болж, хэдхэн бүлэглэл, фракцийн зохиосон жүжигт олон нийт тоглох шаардлагатай болж байна шүү гэдгийг хэлж орхилоо. Үнэхээр ч эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч буй монголчуудын хувьд бүхий л асуудал цөөн хэдэн улстөрчийн алхам, бодлого, боловсруулсан шийдэл зэргээс хамаарах болчихоод байна.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал хэмээн хаа сайгүй бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих тухай ярих болсон. Үнэн хэрэгтээ МАН-ынханы хэлж буйгаар өнгөрсөн жилүүдэд хамгийн их хөрөнгө оруулалт татаж, гадаад зээлийн эх үүсвэрийг ашигласан. Гэсэн ч хямарсаар л байгаа. Энэ нь улстөрийн намуудын бүлэглэл хоорондын зөрчлөөс болж, өсч дэвжих ёстой мөнгөн дүн хүртэл үгүй болж, өрөнд орж байгаа шүү гэдгийг харуулаад байна. Эдийн засгийн хямралтай үед албан байгууллагууд ч шинэ жил, ой зэргээ тэмдэглэлгүй өнгөрч болдог юм чинь юун сүртэй юм бэ гэж бодох хүн байх л болов уу. Юун сүртэй юм бэ, баярын хурал, концерт, бөхийн барилдаан зэргээр ой тэмдэглэх уламжлалт загвараас татгалзъя гэж мэдэгдээ л биз гэж хэлэх л биз. Гэвч баярын уур амьсгалаас гадна 25 насны баяраа сүр дуулиантай тэмдэглэхийн оронд энэхүү ойг ийн булшлахаар шийдэж байгаа нь эрхэм гишүүний хувьд намын нөхөддөө нэгийг сануулж буй хэрэг. Уг нь тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн жилийн өдийд Ардчиллын 25 жилийн ойн хурал дээр хэлж байсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.