Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 03
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулиар ердөө 31 хүн нийлж нам байгуулах, бас ядах юмгүй татан буулгах бололцоо нээгдэх юм байна. Намуудын төлөвшлийг үгүйсгэж, үй олон намтай болгон нэр хүндийг нь унагаах нь хэнд ямар ашигтай вэ? Бодох л асуудал- Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл нийгэмд шуугиан дэгдээж болзошгүй байна. Учир нь уг хуулийн төслөөр бол Төв талбай дээр халуунд халж, хүйтэнд хөрч байж 801 хүний гарын үсгийг регистрийн дугаартай нь цуглуулан хуралдаж нам байгуулдаг үе төгсгөл болж, ердөө 31 хүн нийлж нам байгуулах бололцоо нээгдэх юм. Үүнийг иргэд, олон нийт хэрхэн хүлээж авах бол?
Магадгүй МАНАН-гаас залхсан нийгмийн тодорхой хэсгийн “яагаад заавал энэ хоёр нам биднийг засаглах ёстой юм бэ” гэсэн давилуун бодол, байнга шахам сонсогдох болсон “76 мангуу” зэрэг хийрхэл дээр тоглолт хийх замаар хуулийн төслийг лоббидох бололцоо харагдаж байгаа. Гэвч хуулийн уг үзэл санаа хэнд нийцэх, таалагдах нь чухал биш Монголын ирээдүйд ямар үр дагавартай вэ гэдэг нь л чухал юм.
Төрийн эрх мэдлийг зөвхөн улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр сонголт өнөөдрийн ардчилсан нийгэмд байхгүй гэж үздэг. Ардчилсан, хууль цаазат нийгмийн төрийг байгуулах энэхүү сонгодог тогтолцооноос бид ч гажих боломжгүй. Төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэн нийлүүлдэг улс төрийн намгүйгээр нийгэм урагш явах бололцоогүй гэсэн үг юм.. Ийм нөхцөлд улс төрийн намуудын төлөвшил, соёл, тунгалагшлын тухай л ярих ёстой болохоос биш МАНАН-г таягдан хаяад, хэчнээн мундаг байлаа ч “хиншүү” Ганбаа нараар дамжуулан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх мөрөөдөлтэйгээр хол явахгүйг олон хүн ойлгож байгаа. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийн төсөлд орсон зүйл заалтууд Монголын улс төр, намуудын төлөвшилд хэрэгтэй зүйл агуулсан болов уу? Мэдээж бий байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийн гуравдугаар бүлгийн 14.2-т зааснаар улс төрийн намыг 31 хүн нийлж байгуулах, хоёрдугаар бүлгийн 10.1.1-т заасан 3001-ээс доош хүн амтай сум, баг, хороонд нам үйл ажиллагаа явуулахыг хориглох зүйл заалтууд чухам ямар үр дагавартай, юунд хүргэж болзошгүйг УИХ-ын гишүүд, улс төрийн намууд анхааралтай судалж, нухацтай байр сууриа илэрхийлэх шаардлагатай болов уу. Хэрэв Улс төрийн нам байгуулах нь 31 хүний асуудал болж хуульчлагдвал нам гэдэг институц ердөө нэг тамга л болж хувирах магадлалтай. Цаашлаад “Эрдэнэс Тавантолгойн” С.Эрдэнэ шиг нөхөд нам байгуулаад л өөрсдийгөө зулын гол болгох гэж дайраад, Г.Майцэцэг шиг үйлдвэрлэгчид нийлчихээд татвар төлөхгүй, хувцсаа шатаана гээд байвал төрийн эрхийн төлөө хэн нь хэнтэйгээ өрсөлддөг болох вэ. Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслөө санаачлахдаа ХБНГУ, Гана улс, зүүн Европын зарим орны туршлагыг судалсан гэжээ. Монголд 14 Ерөнхий сайд солигдох хугацаанд Герман улс хоёр, гуравхан Канцлер сольсныг бодоод үзээрэй. Африкийн Гана улс энэ онд Jubilee-гийн шинжээчдийн гаргасан дүгнэлтээр гадаадын өрийн хямралд орох эрсдэлтэй 14 орны нэгт бичигдсэн улс.
Энэ жагсаалтад хамт бичигдсэнээрээ монголчууд ганачуудтай төстэй байх. Бусдаараа бол нийгмийн зохион байгуулалт, үнэт зүйлсээсээ авахуулаад огт өөр “гаригийн” хүмүүс. Төрийн эргэлт байсгээд л гарч байдаг энэ улсад Жерри Жон Роллингс гэгч хамгийн сүүлийн цэргийн эргэлтийг хийж, улмаар хорь гаруй жил ганцаараа засаглахдаа эрхбиш олон намын системийг улс орондоо нэвтрүүлсэн аж. Сайн эрийн гараас улс орноо хүлээж авсан өнөөгийн удирдагч нар улсаа гадаадын өрийн хямралд оруулчихсан л тууж явна гэнэ. Европоос гэвэл яг үүнтэй төстэй заалт хуулиндаа оруулж өгсөн жишиг Италид бий. Учир нь Италид сонгуулийн өмнө ч тэр, хойно ч тэр улс төрийн намууд борооны дараах мөөг шиг олширч эргээд алга болох нь ч амархан. Ер нь Италийн улс төр мафитайгаа салшгүй гинжин холбоотойгоороо зартай. Мафиуд нь төрөө атгаж, төрийн албан хаагчид нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийнхээ ачаар хэмжээлшгүй их баяждаг буруу зуршилтай. Тэдний мафи болон улстөрчдийн энэ хамтын ажиллагаанд хүссэн үедээ нам байгуулах, татан буулгах хуулиар заагдсан эрх тун их нөлөөлдөг аж. Сильвио Берлускони хэмээх эрхэм мафийнхантайгаа сүжрэлдсэн, биеэ үнэлэгчидтэй хаа сайгүй паппарацидуулдаг, улс төр бизнесийн буруу гарын бүлэглэлүүдийн толгойлогч гэгдэж шүүхийн хаалга бишгүйдээ л нэг татаж байдаг нь үнэн. Тэгвэл Берлусконигийн захиалгаар олон нам Италид бүртгэгдэж, тэднийг эвсэл болгон нийлүүлж, задлаж ёстой л нэг улс төрд тоглох шиг болдог нь нууц биш. Италийн намын тоо пицца, гоймонгийн газраасаа дутахгүй гэдэг онигоо ч байдаг нь үүний баталгаа. Хамгийн гол нь улс төрийн хариуцлагатай намгүй нийгэмд түүний үүргийг мафи гүйцэтгэдгийн нотолгоо юм. Ийм улсуудын жишгээр 30+1 нөхөд нийлээд л нам байгуулчихдаг улс төрийн намын тогтолцоо Монголд хэрэггүй л баймаар. Өнөөдөр улс төрийн намын сонгодог утга алдагдаж, намын нэрээр бизнесийн бүлэглэл фракциуд төрийг удирдаж байгаа бол мөдхөн мафиуд удирддаг болно гэсэн үг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.